Стив Морел: Би удаан уншдаг учраас таалагдсан номоо худалдаж аваад тухтай уншдаг

Уншсан тоо: 1,181

“Тэнгэрээс буусан од” кинонд тоглож Монголчуудын хэдийнэ танил болсон Стив Морелыг “Ном ярья” буландаа урьж, номын ертөнц, уншсан номнуудынх нь талаар ярилцлаа.

-Таны ширээний ном юу вэ?

-Надад одоогоор унших цаг бага байна. Ер нь бол тууль, магтаал, уртын дууны тухай номнууд уншиж байна. Тогтсон ширээний ном байхгүй.

-Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

-С.Дулам “Монгол аман зохиолын онол”, “Монголын нууц товчоо” мөн туулийн холбогдолтой номнууд уншиж байна. “Монголын нууц товчоо”-г англи, Монгол бичиг ба крилл хэл дээр уншиж байгаа. Гэхдээ одоохондоо ойлгоход хэцүү байна. Хэдий англи хэл дээр уншиж байгаа ч гэсэн зарим орчуулга нь жаахан ойлгомжгүй, тэрийг нь заримдаа Монгол хэлнээс харахад илүү ойлгомжтой. Англи хэл угаасаа Монгол хэл шиг баялаг биш учраас орчуулга мэдээж хэцүү байгаа байх.

-Яагаад дээрх төрлийн номуудыг сонирхож унших болсон бэ?

-Сонирхолтой учраас /инээв/. Миний хийж байгаа судалгаатай холбоотой. Миний хувьд Монгол хэл бол шүлэглэж, уран яруу ярьвал сайхан. Хар яриа байвал жаахан харамсалтай санагддаг. Нэг нартай өдөр би ч Монгол хэлээр шүлэглэж ярьмаар байна, гэхдээ маш их уншиж хичээх хэрэгтэй. Дандаа зүйр цэцэн үгээр зүйрлэж, шүлэг шиг ярих нь орчин үед хэцүү байж магадгүй. Орчин үед хэрэгтэй үгийн сан мэдээж өөр маш их гадаад үгтэй бас технологитой холбоотой. Сүүлийн үед яриа бас маш хурдан болсон бараг л яарч байгаа юм шиг тэгээд энэ бол шүлэг уншихтай арай тохиромжгүй. Харин энэ шүлэглэсэн яриа надад маш урам хайрладаг бас  сонирхлыг минь их татдаг тиймээс ийм яриа эзэмшмээр байна. Гэхдээ энэ амьдралд чадах билүү мэдэхгүй /инээв/

-Ном унших нь таны хувь хүний хөгжил, ажил амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Би найм, есөн жилийн өмнө дандаа гүн ухаан, ухамсарын чиглэлийн ном Франц хэлээр уншдаг байсан. Уншсан номнууд маань надад маш их нөлөөлсөн. Миний ухамсар илүү гэгээлэг өөр болсон. Одоо миний уншиж байгаа тууль, уртын дуу, магтаалын тухай номууд ч гэсэн ухамсарт их нөлөөтэй. Дандаа судлах хэрэгтэй. Тиймээс уншиж байгаа номнууд маань тэр талаарх номнууд. Тэгэхдээ Монгол соёлын хувьд номноос хүмүүс нь илүү. Монголчуудын соёл уламжлал амаар маш их дамжигддаг учраас зарим мэдээллийг ганц хүнээс олж болно. Уртын дуу ч тэр өвөө дуулаад хүү дагаад хичээнэ. Тэгээд дараа үедээ аман соёлоор дамжина шүү дээ. Уртын дууг олон хүмүүсээс асууж судалж байгаа. Энэ дуу ямар утгатай, ямар санаатай, ямар агуулгатай гээд бүр цаад нарийн зүйлс рүү гүнзгий нэвтрэхийг хүсдэг. 

-Ном уншихдаа ямар арга барилаар уншдаг вэ?

- Би арай замбраагүй уншдаг. Судлал маягийн учраасбайж магадгүй. Нэг сэдвийн тухай эсвэл нэг дууны тухай олон номноос зэрэг мэдээлэл хайгаад тиймээс олон номыг зэрэгцүүлж уншдаг.

-Танд бусдад уншихийг санал болгох ном байна уу?

- Би одоо  “Lord of the Rings” уншиж байгаа. Заримдаа үлгэрийн ном унших дуртай. Хааяа зохиол, роман уншдаг, гэхдээ энэ надад тийм ч сонирхолтой санагддаггүй. Яагаад гэвэл заримдаа далд утга нь жоохон хоосон санагддаг. Тэрнээс илүү надад яруу найраг, шүлэг, уртын дуу илүү таалагддаг. Учир нь гэвэл утга, хэлбэр илүү сонирхолтой, амьсгаатай санагддаг. Шүлэг зарим тохиолдолд утга нь гүнзгий биш ч гэлээ үгийн сан маш баялаг, уншихад аялгуулаг байдаг.

Би сүүлд “Алхимич” зохиолийг унталгүйгээр дуустал нь уншсан.  Хэлбэр найруулга нь энгийн мөртлөө гүн ухаан нь надад үнэхээр сонирхолтой санагдлаа.

-Танд хамгийн үнэ цэнэтэй ном?

- Marshall Rosenberg “Les mots sont des fenêtres... ou bien des murs”, Don Miguel Ruiz “The four toltec accords” энэ хоёр номыг нэрлэж болох юм. “Les mots sont des fenêtres... ou bien des murs” номонд өгүүлснээр, жишээ нь “би номонд аймар дуртай” гэе. Энд аймар гэдэг үг бол буруу сонголт. Аймар гэдэг үг нь сөрөг утгатай. Тиймээс би үнэхээр дуртай гэвэл зөв утгатай болно. Хэрвээ би танд “Та үнэхээр үзэсгэлэнтэй эсвэл та үнэхээр царай муутай” гэж хэллээ гэж бодьё. Энэ бол дүгнэлт. Өөрчлөгдөшгүй мэт. Таны царай сайхан бол сайхан чигээрээ, муухай бол муухай чигээрээ хувиршгүй гэсэн ойлголт өгнө. Харин таны царай надад таалагдаж байна эсвэл таалагдахгүй байна гэе. Энэ бол дүгнэлтгүйгээрилэрхийлэгдэх хариуцлагатай яриа.Үүнийг уншаад миний амьдрал, үзэл бодол маш их өөрчлөгдсөн. Миний хамгийн хайртай ном. Харин “The four toltec accords” номд зааснаар бол гэгээлэг, сайн сайхан амьдрахын тулд баримтлах дөрвөн зарчим байна. Эдгээрийг зөв дагаж чадвал амьдрал ер нь сайхан. Энэ хоёр ном надад маш их таалагддаг.

-Та хамгийн анх уншиж байсан номоо санадаг уу?

- Хэцүү асуулт вэ. Жаахан бодоодхоё. Jack London “The call of the wild” үүнээс өмнө уншсан номоо сайн санахгүй байна. Арван хэдэн наснаасаа уншсан яг тодорхой санагдаж байгаа нь энэ.

-Та хэдэн номын сангийн үнэмлэхтэй вэ?

-Үнэмлэх байдаггүй. Би Франц хүн Парист бол бараг л номын сан хэрэггүй. Багшийн дээдийн хуучин номын худалдаануудтай адилхан маш олон номын дэлгүүр бий. Тэнд хямдхан, хуучин бүр түрүү үеийн, олон төрлийн номнууд олж болно. Би өөрийн номын сангийнхаа номнуудыг бүгдийг нь худалдаж авсан. Би маш удаан уншдаг учраас номын сан ороод нэг ном авлаа гэж бодоход дараагийн долоо хоногт нь буцааж өгөх хэрэгтэй байж магадгүй. Магадгүй хоёр хоног суугаад буцааж өгнө гэхээр надад маш хэцүү санагддаг. Номын сан ороод үнэхээр таалагдсан ном байвал зургийг нь дараад шууд Багшийн дээдийг зорьно доо. Тэгээд л тухтай уншина. Уншиж дуусаад онцгүй санагдвал зарна, таалагдвал үлдээдэг.

-Уншихаар төлөвлөж буй ном байгаа юу?

-Номын сангийнхаа номнуудыг бүгдийг нь уншмаар байна. Миний номын санд ойролцоогоор 70 орчим ном байна. Тууль, уртын дуу, соёл уламжлалын тухай олон ном бий. Багшийн дээд миний хувьд маш “аюултай” газар. Тийшээ яваад буцаад ирэхэд 10-15 ном авдаг /инээд/. Надад үнэхээр гоё санагддаг ч унших зав хомс байдаг. Гэхдээ “Алтан товч”, “Оюунтүлхүүр” зэргийг уншмаар байна. Мэдээж би Монгол хүн биш, миний Монгол хэл ч тийм сайн биш учраас жаахан урам муутай байна. Дандаа гүн гүнзгий ном зохиол. Заримдаа бүр ойлгохгүй, зарим  үгийг уншаад толь бичгээс харахаар байхгүй. Тэгээд л ер нь больё оо гэх үе бий. Гэсэн ч юмсын утгыг гүн гүнзгий таньж мэдэхийг хүссээр л байна.

О.Цэцэгсүрэн

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд