Судалгаа: Алимны шүүснүүдэд ашигтай бодис байдаг уу

Уншсан тоо: 3,029

РИА Новости агентлаг “Оросын хэрэглэгчдийн хяналт шалгалтын газартай хамт сонго” төслийн хүрээнд оросуудын санал өгсөн алимны шүүс, повидло буюу өтгөрүүлсэн шүүснүүдэд Эрүүл ахуй, халдвар судлалын төвийн мэргэжилтнүүдтэй хамтран шалгалт хийжээ. Судалгаанд оролцсон бүтээгдэхүүнүүдээс консервант буюу нөөшлөгч бодис бараг илрээгүй ч С витамин нэгэнд нь ч байхгүй байв.

Гол цэг

Шалгалтад хэрэглэхээр “Добрый” хэмээх шүүж сэргээсэн алимны шүүс болон “Сады Придонья” нэртэй ногоон алимны сэргээсэн шүүсийг худалдан авчээ. Хоёр үйлдвэрлэгчийн зүгээс бүтээгдэхүүн нь 3-аас дээш насны хүүхдүүдийн хоол тэжээлд зориулагдсан гэж мэдээлжээ.

Шүүснээс гадна “Махеев”, “Главпродукт”-ын алимны ариутгаагүй повидлог авсан байна. Эдгээр брэндийг Ria.ru сайт дээрх санал асуулгаар оролцогчид өөрсдөө сонгожээ.

Бүтээгдэхүүнүүдийн нөөшлөгч бодис (бензойны болон сорбины хүчил, хүхрийн диоксид), амт оруулагч (аспартам, ацесульфам, сахарин болон түүний давс), будагч бодис (шар “нар жаргах”, тартразин), глюкоз, түүнчлэн В1, В2 болон С витаминууд, мөн кали, кальци, магни, натри, фосфор байгаа эсэхийг шалгажээ.

Нөөшлөгч, тодруулбал хүхрийн диоксид нь зөвхөн “Махеев” повидло шүүснээс илэрчээ. Хэдийгээр үйлдвэрлэгч нь үүнийг шошгон дээр заагаагүй ч нэг килограммд 90 орчим миллиграмм энэ бодис илэрсэн байна. Бусад бүх бүтээгдэхүүнийг энэ үзүүлэлтээр бүрэн аюулгүй гэж заажээ.

Гэвч С витамин нэг ч дээжинд байсангүй. Уг нь шүүсэнд нэг килограмм тутамд 0,2 миллиграмм, повидлонд 0,5 миллиграмм байх ёстой аж. Бусад витамин алимны шүүснүүдэд яг хэвийн байсан. Харин повидлонд энэ бүтээгдэхүүнийг тодорхойлогч В1 витамин бараг байсангүй.

Макро, микроэлементүүдээрээ ч бүгд тэгш байгаагүй юм. “Добрый” шүүсэнд төмөр хэвийн хэмжээнээс гурав, фосфор хоёр дахин бага байв. Харин кальци шаардлагатай хэмжээнээс хоёр дахин их байсан юм. “Сады Придонья” шүүсэнд төмөр, фосфор төдий хэмжээний бага бөгөөд кальци мөн адилхан илүү байсан. Харин натри хэвийн хэмжээнээс 28 дахин их байлаа. (100 миллилитрт 6 миллиграмм байх ёстой байхад 168 миллиграмм байв).

“Махеев” повидлонд фосфорын хэмжээзааснаас 2,5 дахин бага байхад төмөр, кальци, натри илүүдсэн байх жишээтэй. “Главпродукт”-д ч мөн ийм нөхцөл байдал ажиглагдсан юм. Энд кальци нь шаардлагатай хэмжээнээс бараг 10 дахин их байхад натри 172 дахин их байжээ. (100 грамм бүтээгдэхүүнд 1 миллиграмм байх нь хэвийн байхад 172 миллиграмм байв).

Хоол тэжээлийн зөвлөмж

Анх харахад шинжилгээний үр дүн сэтгэлээр нэг их унагахааргүй байгаа ч Хоол тэжээл, биотехнологийн Холбооны судалгааны төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Алла Погожева РИА Новости-той ярилцахдаа энд хэд хэдэн нууцлагдмал аюул байгааг анхааруулсан юм.

Нэгдүгээрт, шүүс, повидло нь нэмсэн сахар агуулдаг.  Хэрэглэгчид, ялангуяа хүүхдүүд сэргээсэн шүүс байнга ууж, их хэмжээний сахар авдгаас болж таргалалтад өртдөг.

Үүнээс гадна боловсруулалтын явцад бэлэн бүтээгдэхүүнээс хүнсний ширхэглэг (шүүсний савлагаанд “осветленный” шүүсэн гэсэн үг байвал үүнийг хэлдэг) алга болдог.

Учир нь шинэхэн алиманд пектин хэмээх байгалийн сорбент байдаг. Энэ нь порлон шиг л үйлчилж, бие махбодод илүүдэл сахар орохоос хамгаалдаг. Шүүсэн шүүс, повидлог үйлдвэрлэх явцад пектин нь арилдаг юм. Тиймээс сахар нь агшин зуурт л цусанд нэвчдэг. Ингээд байнга хэрэглэвэл (өдөрт 100 миллилитр шүүс, 50-иас илүүгүй грамм повидло байх нь хэвийн) нүүрс усны солилцоо алдагддаг байна. Үр дүнд нь илүүдэл жин, инсулины эсэргүүцэл, дээр нь чихрийн шижинтэй болно.

Хэрэв шүүс уумаар байвал шинэхэн алим худалдан аваад шүүсээ өөрсдөө бэлтгэхийг Погожева зөвлөж байна. Тэгвэл бие махбод хүйтэн цагт хамгийн хэрэгтэй С витамины шаардлагатай тунгаа авч чадна. Энэ витамин нь маш тогтворгүй болохоор гэрэл, дулаан боловсруулалтад л сарнина. Үүнийг манай судалгаа бодитоор үзүүлсэн.

Макро, микро элементүүдийн тухайд натрийн агууламж хэд дахин нэмэгдсэн нь хамгийн аюултай гэж шинжээч үзэж байна. Энэ элементийн хоногийн хэмжээ өдөрт 5-6 грамм байдаг.

Натри илүүдсэнээр артерийн даралт ихсэх, хаваргнах, бөөр өвдөх зэрэг эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэдэг. Үүнийг сахартай хэтрүүлэн хэрэглэвэл артерийн даралт ихсэх өвчинд маш хурдан өртдөг. Тиймээс хүүхдэд савлагаатай шүүснээс ямар ч үед их хэмжээгээр өгч болохгүй гэж Погожева тайлбарлажээ.

Ходоодны асуудалтайгаасаа болоод шинэхэн алим идэж чадахгүй хүмүүст бичил долгионы зууханд хэдэн минут жигнээд идэхийг зөвлөж байна. Үүний дараа алим биед илүү ашигтай болно.

Эрүүл мэнд илүү үнэтэй

Өнөөдөр 30 насны оросуудын талаас илүү хувь нь илүүдэл жинтэй, түүнийг дагаад зүрх судасны өвчлөл, чихрийн шижинд өртөмтгий байна. Олон улсын байгууллагууд, Холбооны судалгааны төв, Үндэсний хоол тэжээл, биотехнологийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэдээллээс үзэхэд зүрх судасны системийн өвчлөл, чихрийн шижин, яс сийрэгжих өвчин, таргалалт, зарим төрлийн хавдрын өвчлөлд хоол тэжээлийн оруулах хувь нэмэр 30-50 хувьтай байдаг аж.

Илүүдэл жин насыг илт богиносгодог. Бага зэргийн илүүдэл жин 3-5 жилийн насыг хасдаг бол илт таргалалт нь 15 хүртэл жилээр нас бууруулдаг. Хүмүүс энэ хоёр тохиолдлын аль алинд нь өөх тосны солилцооны алдагдал, таргалалттай холбоотой өвчлөлөөр нас бардаг байна.

Эх сурвалж: Ria.ru

Орчуулсан Э.Мөнхзаяа

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд