Г.Золзаяа: Нурууны бүс маань хамгийн эрэлттэй байдаг

Уншсан тоо: 544

Энэ удаагийн “Монгол бренд” буланд “ZAX and B” брендийн захирал Г.Золзаяатай ярилцлаа.

-Хэдэн оноос эхлээд үйлдвэрлэлээ явуулж байгаа вэ?

-Тэмээний ноосон бүтээгдэхүүнээ 2003 оноос эхлээд үйлдвэрлэж, хүмүүсээр заруулдаг байсан. 2010 оноос эхлээд өөрсдийн дэлгүүртэй болсон. Хуучин төмөр замд дэлгүүр маань байсан. Одоо дэлгүүрээ өргөжүүлээд бөөний төв болгон, байршлыг нь солиод ажиллаж байна.

-“Zax and B” компани хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?

-Бидний өөрсдөө үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн гэвэл эвхэгддэг пролонон ор, тэмээний ноосон хөнжил, мак, бүс, улавч зэргийг хийдэг. Мөн дагалдах жижиг арьсан нурууны бүс, түрүүвч, түлхүүрийн оосор зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бид өөрсдөө  үйлдвэрлэхийн зэрэгцээ, бусад өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүстэй хамтарч ажилладаг. Хамтарч ажиллаад арваад жил болж байна. Бараг 100-аад харилцагчидтай. Тэдний болон өөрсдийн  бүтээгдэхүүнийг “Монголд үйлдвэрлэв” бөөний төвөөрөө борлуулдаг. Ер нь хэрэглэгчид энэ нэрээр нь сайн мэднэ.

-Хамгийн их эрэлттэй, зарагддаг нь ямар бүтээгдэхүүн бэ?

- Ер нь бол бүгд л их сайн зарагдана. Манай бүтээгдэхүүнээс бол эвхэгддэг матрааснууд их зарагддаг. Жуулчны баазууд их сонирхдог, мөн жоохон хүүхэдтэй айлууд зуслан гарахдаа ирж авдаг. Тэмээний ноосон хөнжил, мак, бүс зэрэг бол жилийн дөрвөн улиралдаа байнга зарагддаг.

- Бүтээгдэхүүний түүхий эд, материалыг хөдөө орон нутгаас авдаг уу?

-Хөдөө орон нутгийн малчдаас аваад зориулалтын угаадаг газраар нь угаалгаад өөрсдөө самнаад ашигладаг. Одоохондоо үйлдвэрлэлээ түр зогсоосон байна. Нөөц бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа. Хөнжлийн гаднах даавууг бол БНХАУ-аас авдаг.

-Яагаад энэ төрлийн бизнес эрхлэх болсон бэ?

-Ээж маань оёдолчин хүн байсан. Цэргийн оёдлын үйлдвэрт ажилладаг байлаа. Би 5-р ангиасаа эхлээд юм оёж сурсан. Тэгээд оюутан болоод сургуулиа төгсөж, хүүхэд гаргасан үедээ ээжийнхээ ажилд тусласан. Үүний дараа өөрөө бие дааж оёдлын цех байгуулаад оёж болох бүх юмыг л оёсон. Эхлээд худалдааны төвүүдээр оёсон бүтээгдэхүүнээ заруулдаг байж байгаад дараа нь өөрөө борлуулж эхэлсэн дээ.

-Жижиг дунд бизнес эрхлэгчид  нэг үеэ бодвол олон болсон. Салбарын өрсөлдөөн хэр их байна?

-Тийм шүү. Анх үйлдвэрлэл эхэлж байсан үеийг бодвол бүтээгдэхүүний чанар сайжирч, нэр төрөл нь ч олон болсон. Үүнийгээ дагаад зах зээлийн өрсөлдөөн их болсон. 

-Танай брендийн онцлог, давуу тал нь юу вэ?

-Мэдээж Монголдоо үйлдвэрлэл хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Монголоосоо түүхий эдээ бэлдэж үйлдвэрлэж байгаа нь онцлог. Дэлгүүрийн хувьд гэвэл Монгол үйлдвэрлэж байгаа хүнснээс бусад бүх барааг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байгаа. Гадны харилцагчиддаа бөөнөөр болон жижиглэнгээр чанартай бараагаа борлуулдаг.

-Бүтээгдэхүүний бусдаас ялгарах онцлог нь дизайн байдаг байх. Арьсан эдлэлийнхээ санаа шийдэл, дизайны талаар сонирхуулаач?

-Арьсан эдлэлийн хувьд гэвэл олонд танигдсан нь нурууны бүс бий. Уурхайн ажилчид, хүнд ажил хийдэг хүмүүс, нурууны өвчтэй гэх зэрэг олон хүмүүс зүүж хэрэглэгдэг. Үүнийг бид анх 2017 оноос хийж эхэлсэн. Туршиж гаргаад 2 жил болохдоо хэд хэдэн удаа загвараа өөрчилж байсан. Хүмүүст зүүлгэж үзүүлээд санааг нь тусгаад шинэчилсээр байгаад одоо бол яг хүний биед тохиромжтой болсон. Ямар ч хүнд размераараа таардаг сайн сууж өгдөг болсон. 

-“Zax and B” компани бизнесээ тэлэх өргөжүүлэх тал дээр ямар төлөвлөгөөтэй байна. Олон улсын зах зээлд гарах боломж хэр харагдаж байна?

-Манай дотоодын зах зээл бол жижиг. Ихээр авч байгаа газар бол Казахстан, Орос, Якутууд их ирнэ. Сүүлийн үед Хятадууд их авах болсон. Гол нь натурал гэдгийг нь онцолж сонирхдог. Хамгийн сүүлд бид АНУ-д байдаг Монгол барааны дэлгүүртэй хамтарч ажиллахаар болсон. бүтээгдэхүүний дээжийг явуулсан байгаа. Тэд хүлээж аваад эхний борлуулалт сайтай байна гэсэн. Мөн Германаас хүмүүс бараа авдаг, үйл ажиллагаа жигдрээд ирэхээр боломжтой бүх газар руу явуулна.

-Бизнес хийхэд бэрхшээлтэй зүйл байдаг уу?

-Байна. Хамгийн хэцүү зүйл бол жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст зээлийн хүү, ажлын байрны түрээс байдаг. Бүх хөрөнгөө өөрсдөөсөө зохицуулж чадахгүй тул зээл авах шаардлага үүснэ. Үүнээс болоод хурдан өргөжиж чадахгүй, хөлөө олоход хугацаа шаардагддаг. Хэрэв зээлийн хүү, түрээсийн зардлаа бууруулж чадвал бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний өртөг бууна, ажилчдын цалингаа нэмнэ шүү дээ.

-Бизнес хийхдээ ямар зарчим баримталдаг вэ?

- Бизнес итгэлцэл дээр явагддаг. Хамгийн гол нь шударга байх ёстой. За гэвэл ёогүй байх нь миний зарчим.

-Аливаа зүйл эцсийн бүтээгдэхүүн болоход ажиллах хүч, борлуулалт, маркетинг, зар сурталчилгаа зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Танайх хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Жижиг дунд бизнес эрхэлж байгаа бидний хувьд бол бүх зүйлээ өөрсдөө хийдэг. Цэвэрлэгчээсээ эхлээд борлуулагч, менежер гээд бүх юмаа хийнэ.  Хэрэв түрүүний хэлсэн санхүүгийн асуудлаа зохицуулчихвал хүний нөөцөө ч гэсэн сайжруулах боломжтой. Энэ асуудлаа шийдвэл хурдан хөгжих боломжтой.

-Ирээдүйн зорилго чиг хандлагаа тодорхойлбол?

-Ямар ч зүйл тогтвортой удаан хугацаанд оршин тогтнох ёстой. Тэгэхээр бизнес маань олон жил өсөөд явж байгаасай гэж боддог. Бүтээгдэхүүний хувьд хонины арьсаар дэвсгэр хийе гэсэн бодолтой байна. Эхнээсээ хийгээд эхэлсэн. Арьс бол хивс шиг шороо их татахгүй цэвэрлэхэд хурдан сэргэдэг давуу талтай.

    Г.Жаргал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд