Дуучин Алсугийн алдрын оргилд гарсан түүх

Уншсан тоо: 12,723

 Цас будрах үед “Зимний сон” сонсдог л биздээ. Энэ удаа олон түмний хайрыг хүлээсэн, хонгор охин байхаасаа дуулж ирсэн сайхан бүсгүй Алсугийн талаар мэдээлэл бэлтгэлээ.

Намтар

Алсу гэдэг нэрээрээ алдаршсан Алсу Ралифовна Абрамова нь 1983 оны 6 сарын 27-нд төрсөн. Алсу" гэж татар хэлээр "Улаан ус" гэсэн утгатай аж. Алсугийн эцэг Ралиф Рафилович Сафин нь ОХУ-ын Холбооны Зөвлөл дэх Алтайн БНУ-ын сенатор, ОХУ-ын нөлөө бүхий бизнесмен билээ.Алсу эхээс гурвуулаа бөгөөд нэг ах, нэг эрэгтэй дүүтэй айлын ганц охин юм.

Алсу есөн нас хүртлээ эцэг,  эх, ахтайгаа хамт Тюменийн Когалым хотноо амьдардаг байжээ. Түүний төрөлх хот нь өвөлдөө -45, зундаа +40 хэмийн халуун, эрс тэс цаг ууртай нутаг. Алсу нэгэн удаа "Тэнд жимс ч байдаггүй. Лааны тосонд дүрсэн алим болон үндэслэсэн төмс зардаг байв. Шинэ жилийн үеэр жүрж, шоколадтай бэлэг авна. Түүнийгээ хэдэн сарын турш бага багаар иддэг байлаа" гэж төрөлх хотынхоо тухай дурсан ярьсан байдаг.

Таван настайдаа эцэг эхээ шалсаар байж төгөлдөр хуур авхуулан түүн дээр тоглож сурахын тулд хотын нөгөө захад байх хөгжмийн сургуульд явдаг байсан нь түүний хөгжмийн авьяас эрт илэрсэнийх ажээ. 1992 онд Сафины гэр бүл Москва руу шилжиж ирснээр Алсу ерөнхий болон хөгжмийн боловсролын сургуульд суралцах боломж олджээ. 1993 онд Алсу АНУ-ын Нью-Йорк хотод зургаан cap сурч, дараа нь Данийн Копенгаген хотод жил хагас хиртэй болсон байна. 1995 оны хавар Их Британий Лондон хотноо математик, бизнес, уран зураг голчлон үздэг "MPW" коллежид оржээ. Эхэндээ мэдээж хэцүү л байж. Хэл мэдэхгүй, бас гэр орон найз нөхдөө санах нь их. Гэвч Алсу богино хугацаанд орчиндоо дасч англи хэлийг эх хэл шигээ эзэмшсэн байна.

Уран бүтээлийн гараа

Тэрээр 2000 оны Евровижн дууны уралдаанд 2-р байр эзэлж, олон улсад анх танигдсан. Дараа нь Москвад болсон 2009 оны Евровижн дууны уралдааныг хөтөлжээ.

Анхныхаа дууг Алсу 1993 онд Швейцарийн хүүхдийн зуслан дээр дуулсан байна. Тэр үед ирээдүйн алдартны хамгийн сайн найз Ольга нь Алсуг тайз руу бараг түлхэн гаргасан гэдэг. Алсу тэнд Whitney Houston-ы "I Will Always Love you"-г дуулав. Алсу дуулах дуртай ч төлөв даруу, ичимхий зантай. Тэгээд ч тайзнаас ухаангүй айдгаасаа болж дуучин болох мөрөөдөл нь хэзээ нэгэн цагт биелэгдэнэ гэдэгт итгэж чаддаггүй байжээ.

1998 онд ахынхаа хуриман дээр "I Will Always Love You"-г дуулсныг ээжийнх нь нэг найз сонсоод "Мегаполь" продюсерийн төвийн удирдагч Валерий Белоцерковский дээр дагуулж очжээ.Валерий Белоцерковский Алсуг Александр Шевченко болон Вадим Байковтой танилцуулснаар залуу дуучны алдарын гараа энэ хоёр зохиолчийн дуунуудаар эхэлсэн юм.

1999 оны нэгдүгаар сарын 1-нд "Өвлийн зүүд" дууны клип гарсан нь түүний нэрийн хуудас болсон билээ. Клипийг телевизийн сувгаар анх нэвтрүүлсний маргааш өглөө нь Алсу алдартан болоод сэрсэн гэдэг. "Өвлийн зүүд" дуу нь супер хит болон өнөөг хүртэл дуучны дуулах дуртай дууны нэг хэвээр байна. Үүнээс хойш удалгүй "Хавар", дараа нь "Заримдаа" хэмээх клипууд нь гарлаа. Эдгээр клипийн найруулагч нь Юрий Грымов байв.

Алсугийн дараагийн алхам нь 1999 оны есдүгээр сард "Алсу" нэртэй анхны альбомоо гаргаж, тус оны 12 дугаар сард дуучин анхныхаа аялан тоглолтыг хийв. Тэрбээр тоглолтын үеэр Зеленоград, Минск, Харьков, Днепропетровск, Одесса, Киев зэрэг 6 хотоор тоглолтоо хийжээ. Алсу бүх дуугаа "амьдаар" дуулахаар анхнаасаа тохирсон байв.

Мөн онд Алсугийн амьдралд дахиад нэгэн чухал үйл явдал болов. Энэ нь дэлхийд алдартай "Universal" дуу бичлэгийн компанитай оросын шоу бизнесийн түүхэнд анх удаагаа удаан хугацааны гэрээ байгуулсан хэрэг юм. Тус гэрээний дагуу зөвхөн ОХУ-д зогсохгүй, мөн "Universal''-ын төлөөлөгчийн газрууд байдаг дэлхийн 35 оронд борлуулах зорилготой англи хэлээр дуулсан долоон альбом гаргах ёстой болов.

Уран бүтээлээ хийхийн сацуу Алсу Их Британий коллежид суралцан төгсөх хэрэгтэй байлаа. 2000 оны тавдугаар сард Шведийн Стокгольм хотноо "Евровидение" дууны тэмцээнд ОХУ-ыг Алсу төлөөлөн оролцохоор болсон нь түүний хувьд төдийгүй Орос орны хувьд ч нэр төрийн хэрэг байлаа. Учир нь урьд өмнө нь Оросын ямар ч дуучин энэхүү тэмцээнд шагналт байранд орж байсангүй. Энэ үед Алсу дөнгөж 16 настай байсан бөгөөд тус тэмцээний түүхэн дэх хамгийн залуу дуучин болсон гэдэг.

Харин Алсу өөрийн "Solo" дуугаараа зөвхөн Данийн "The Olsen Brothers''-ийг урдаа гарган, хоёрдугаар байранд оров. Энэ нь ялсантай адил юм. Тэмцээний дараа Алсугийн тухай бүх дэлхий даяар ярьж, Барууны орнуудад түүнийг бишрэн шүтэгчдийн тоо олширчээ. Алсу "Universal" компанитай хамтран ажилласны үр дүнд дэлхийн алдартай дуучин Энрике Иглесиастай хамтарч дуулсан Оросын анхны дуучин болсон билээ. Тэр хоёр "You're my number 1" дууг хамтран дуулжээ.

Хувийн амьдрал

2004 оны дөрөвдүгээр сард найз Ариана нь Алсуг Ян Абрамов гэх залуу бизнесментэй танилцуулжээ. Залуу хосын хайр өдрөөс өдөрт өсөн хоёрхон сарын дараа Ян түүнтэй гэрлэхийг хүсчээ. 2006 оны гуравдугаар сарын 18-нд тэр хоёр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж хуримаа хийсэн юм. Тэднийг хамгийн түрүүнд Москва хотын захирагч Юрий Михайлович Лужков баяр хүргэсэн байв. Хуримын хүндэт зочноор дэлхийд алдартай жаз хөгжимчид George Benson ба AI Jerreau хүрэлцэн ирж байжээ. 

Зургаадугаар сард залуус Лос-Анжелес рүү нүүн очиж, есдүгээр сарын 7-нд охин төрүүлж Сафина гэж нэр өгчээ. Одоо тэд хоёр охинтой билээ.

Тэдний бага охин Хүүхдийн “Voice” /”Голос дети”/ шоунд оролцсон байдаг. Өмнө нь нэр алдартай ээжийнхээ далбаан дор “хөөрхөн хоолойтой” хэмээн өхөөрдүүлж явсан бол өдгөө жинхэнэ уран бүтээлчийн хэмжээнд ажиллаж эхэлсэн байна.

 Цомгууд

  • Алсу (1999) – Орос хэлээр гаргасан анхны цомог, 2001 онд ижил нэртэй, 2 шинэ дуу нэмж дахин гаргасан
  • Alsou (2001) – Англи хэлээрх анхны цомог
  • Мне приснилась осень (2002) – Анхны цомог дээрээ 5 шинэ дуу нэмж дахиж гаргасан
  • 19 (2003) – Орос хэлээр гаргасан 2 дахь цомог
  • Самое главное (2008) – Орос хэлээр гаргасан 3 дахь цомог
  • Tugan Tel / Rodnaya Rech (2008) – Татар хэлээр гаргасан анхны цомог
  • Inspired (2002-2006) – Англи хэлээр гаргасан 2 дахь цомог

Англи хэлээрх синглүүд

  • "Solo" (2000) – Евровижн дууны уралдаанд зориулж гаргасан сингл
  • "You're My #1" (2000, Энрике Иглесиастай хамт)
  • "Before You Love Me" (2001) – Нэгдсэн Вант Улсын Сингл Чартад #27, MTV UK-д #1-т орсон дуу
  • "He Loves Me" (2001) – Европт гаргасан "Алсу" цомгийн сүүлчийн сингл
  • "Run Right Out of Time" (2002) – Гала сэтгүүлийн сурталчилгааны сингл (Орос хувилбар)
  • "Always on My Mind" (2004) – Inspired цомогт багтсан сингл
  • "Miracles" (2006) – Алсугийн хуримын зочдод зориулсан сингл

Видео клипүүд

  • "Зимний сон" 1999
  • "Весна" 1999
  • "Иногда" 1999
  • "Solo" 2000
  • "You're My #1" 2000
  • "Before You Love Me" 2000
  • "He Loves Me" 2001
  • "Осень" 2001
  • "Все равно" 2002
  • "Летящая над облаками" 2002
  • "Вчера" 2002
  • "Эткей" 2002
  • "Мечты" 2003
  • "Первый раз" 2003
  • "Everybody" 2004
  • "Always On My Mind" 2004
  • "Небо" 2005
  • "Самое главное" 2006
  • "А у моей любви" 2007
  • "Sanduğaçım güzelem" 2008

Г.Жаргал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд