Н.Онон: Ажил хайгч, ажил олгогч нарыг гар утсаар нь дамжуулан “уулзуулах”-ыг зорьж байна

Уншсан тоо: 247

 Монгол брэнд булангийн зочноор Монголын анхны ажил хайж байгаа хүмүүст тусгайлан зориулагдсан аппликейшн гэдгээрээ онцлог JobsiteMN мэдээллийн нэгдсэн платформ төслийн санаачлагч Н.Ононг урьж оролцууллаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би АНУ-д эдийн засагч мэргэжлээр их сургууль төгссөн. Төгсч ирээд Монголдоо төрийн байгууллагад нэг жил ажилласан. Үүний дараа Австралийн компанид хүний нөөцөөр ажилласан. Хүний нөөцөөр 7 жил ажиллаж байна. Хүний нөөцийн менежментээр Япон улсад мэргэжил дээшлүүлсэн. Би ер нь юм унших судлах их дуртай. Өөрийнхөө олж мэдсэн мэдлэг болон ажил мэргэжил дээр тулгуурлаад л Jobsite –ийг хийх болсон.

-Яагаад энэ төслийг хийх болсон бэ?

-Хоёр жилийн өмнө хүний нөөцөөр ажиллаж байхдаа ажилтан хайх их асуудалтай байгааг ойлгосон юм. Тэр үед ажлын зараа хүмүүст хүргэе гэхээр зарын ганц эх сурвалжтай байсан нь сонголтыг хязгаарлагдмал болгож байсан. Удирдах түвшний хүмүүс ажилд авъя гэхээр тэр хүмүүс ажлын зард хандадгүй, ажлын зараа тавиад зорилтот хүндээ хүрч чадахгүй байсан. Ингээд гадаадад хүний нөөцийнхөн бүрдүүлэлтээ яаж хийдгийг судалж үзсэн. Тэгээд дэлхийн хэрэглээ болчихсон ажил хайж байгаа хүмүүст зориулсан топ аппликейшнууд байдгийг мэдээд аппликейшин хэрэглэснээр хэрэглэгчид олон давуу тал үүсч болохыг ойлгосон. Энэ үед судалгаа хийж байхад орчин үед хүн 12 минут тутамд нэг удаа гар утасныхаа дэлгэцийг хардаг гэсэн судалгаа хүртэл байсан. Тэгвэл хүмүүсийн хараанд хамгийн их тусаад байгаа зүйлээр нь дамжуулж мэдээллийг хүргэе гэсэн санаа төрсөн юм. Үүн дээр үндэслээд ажил хайж байгаа хүмүүст зориулж гар утсан дээр суурилсан аппликейшин хийе гэж бодсон.

-Танай аппликейшний давуу тал юу вэ?

-Манай JobsiteMN аппликейшин нь Монголын анхны ажил хайж байгаа хүмүүст тусгайлан зориулагдсан апп гэдгээрээ онцлог. Манай www.jobsite.mn вебсайт дээр ажлын зар нийтлэгдэхэд тэр нийтлэгдсэн зар нь аппликейшин хэрэглэгчийн гар утсан дээр зурвас (notification) байдлаар ирдэг.

Зар гэдэг зүйлийг хүмүүст төвөг болохгүйгээр хүргэж болох юм байна гэж бодсон. Ажил хайж байгаа хүн аппликейшин дээр Монгол, Англи хэлээр анкет CV-гээ бичээд компаниуд руу илгээж болно. Хоёр жил орчим систем хөгжүүлэлтийн баг маань программаа хөгжүүлсэн.

Манай аппликейшинг Android ,IOS үйлдлийн системтэй гар утсанд үнэгүй татаж суулгаад хэрэглэх боломжтой, ажил хайж байгаа хүнээс зардал гарахгүй, утасны дата бага иддэг мөн бага зай эзэлдэг. Хамгийн гол нь ажил хайж байгаа хүмүүст зарын мэдээлэл цаг алдалгүй мэдэгдэж очих нь бидний үндсэн зорилго.

Тэрнээс улбаалаад Монголын бусад зарын сайт дээр байхгүй олон шинэлэг функцууд үйлдэл боломжуудыг вебсайт дээрээ хийж өгсөн. Жишээ нь манай вебсайт дээрээс анкетаа явуулсан хүмүүст автоматаар хариу өгч болдог.

Энэ нь хүний нөөц болон ажил горилогч хоёрын хоорондын харилцаа эргэх холбоо гэдэг зүйл байхгүй байгааг бий болгож, шийдэж өгөх зорилготой. Үүнээс гадна зарим компаниудад олон нийтэд зарлаад байх боломжгүй чухал нууцлалтай ажлын байрууд нээгдэж байдаг.

Ийм ажлын байранд ажиллах хүч нь цомхон учраас компаниуд уралдаж хамгийн шилдэг боловсон хүчинг авахыг хичээдэг. Ингэхийн тулд компаниудад байнгын шинэчлэгдэж байдаг анкетын бааз байх шаардлагатай болдог. Яг энэ бодит хэрэгцээнүүдийг хангахын тулд бид CV баазаа манайхтай хамтран ажиллагч компани бүрт нээлттэй байлгадаг.

Компаниуд өөрсдөө CV баазаас хүссэн хүнээ хайгаа олоод холбоо тогтоогоод ажлын санал тавих боломжтой гэсэн үг. Манай вебсайтын CV баазаас CV хайх нь яг Google-ийн хайлтын систем шиг ажилладаг. Хүссэн үгээ бичээд хайна.

Нөгөө талдаа ажил хайгчид маань хэрвээ өөрийнхөө анкетыг компанийн хүний нөөцийнхөнд харуулахыг хүсэхгүй байгаа бол анкетаа нуух тохируулгаа аппликейшин дээрээсээ ганц товчлуур хөдөлгөөл тохируулчих боломжтой юм.

-Программ хөгжүүлэлтийн багаа яаж бүрдүүлсэн бэ?

-Миний хүсч байгаа программыг хөгжүүлнэ гэдэг их төвөгтэй, нүсэр ажил юм байна лээ. Ерөнхийдөө танил талаараа дамжуулж багаа бүрдүүлсэн. Бид цаашдаа аппликейшнээ нэмж хөгжүүлэх олон санаанууд байгаа. Дэлхийн технологийн шийдлүүдээс хоцрохгүйг хичээж шат дараалалтай хөгжүүлээд л явна даа.

-Одоо танайх хэдэн хэрэглэгчтэй вэ?

-Давхардсан тоогоор 15,000 удаа хүмүүс манай аппликейшинг татаж суулгасан байна. Хамгийн түгээмэл байгаа мэргэжилтнүүд нь инженер, нягтлан бодогч, багш, уул уурхайн мэргэжлийн хүмүүс байна. Мөн манай вебсайт одоогоор 20 орчим компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Үйлчлүүлэгч компаниудынхаа ажлын зарыг зорилтот хүмүүст нь хүргэхийн төлөө Linkedin, Facebook гэх мэт хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг олон нийтийн сүлжээгээр дамжуулж ажлын зар болгоныг нь аль болох олон хүнд хүргэхийг хичээдэг. Манай улсын интернэт хэрэглэгчдийн 70% нь гар утаснаасаа орж байдаг. Бүх зүйл мобайл хэлбэр рүү шилжиж байгаа энэ үед ажил хайгч болон ажил олгогч нарыг гар утсаар нь дамжуулан “уулзуулах”-ыг зорьж байна.

Г.Бадамханд

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд