Х.Нэргүй: Хатны зурагтай түрийвч маань хамгийн эрэлттэй

Уншсан тоо: 147

"Монгол бренд” булангийн онцлох зочноор арьсан урлал хийдэг нэгэн эрхмийг зорин очлоо. Тэрээр энэ үйлдвэрлэлээ 2009 оноос хойш явуулж байгаа бөгөөд арван жилийн хугацааг туулжээ. Голчлон түрийвч, цүнх үйлдвэрлэж, гэр бүлийн хүний хамт энэ бизнесээ өргөжүүлж яваа нэгэн. Биднийг очиход түүний охин ээж аавдаа туслан түрийвчний дизайныг хийж байсан юм. Тэдний түрийвч Монгол хатдын зурагтай, дизайны хувьд янз бүрээр гардаг ба охин нь будаж зурдаг ажээ.
Ийнхүү арьсан түрийвч урлаач Х.Нэргүйтэй бизнесийнх нь талаар яриа өрнүүлсэн юм.

-Яагаад энэ төрлийн бизнес эрхлэх болсон бэ, ямар бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна вэ?

-Анх 2009 оноос эхлээд энэ бизнесээ хийж эхэлсэн. Би тэр үед эрүүл мэндийн шалтгаантай группд орсон. Тэгээд өөрийн эмчилгээний зардал, хүүхдүүдийн оюутны төлбөрийг төлөх шаардлагатай болсон. Ингээд өөрт тохиромжтой гар хурууны үзүүрээр юм хийе гээд энэ ажил руу орсон. Манай гэр бүлийн хүний ах дүүс бид бүгдээрээ хамтарч хийж байна.Бид арьс ширэн эдлэлээр эрэгтэй, эмэгтэй 6-9 төрлийн түрийвч, загварын түлхүүрийн оосрууд, том жижиг хэлбэртэй үнэмлэхний хавтас, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хавтас зэргийг төрөл бүрээр захиалагчийн хүсэлтийн дагуу үйлдвэрлэдэг. Хүүхдүүд маань арьсан тэлээ, бүс хийдэг.

-Танай бүтээгдэхүүнүүд хаагуур борлуулагддаг вэ?

-Улаанбаатар хотод гэвэл “Бөмбөгөр” худалдааны төвд өөрсдийн зардаг цэгтэй. Мөн том барааны захууд болон “Мөнгөн завъя” зэрэг дэлгүүрүүдэд борлуулдаг. Түүнчлэн хөдөө орон нутгаас түрийвчний захиалга ирдэг. Одоогоор Дорнод аймаг руу гаргаж байна.

-Хамгийн  их борлуулагддаг бүтээгдэхүүн нь юу вэ?

-Эрэгтэй, эмэгтэй хоёр түрийвч бий. Эмэгтэй нь хатны зурагтай загвар, эрэгтэй нь эвхэгддэг жижиг түрийвч байдаг. Одоогоор Баян-Өлгий аймгийн иргэд худалдан аваад цааш Казахстан руу гаргаж зардаг. Цүнхийг бол манай эхнэрийн дүү нар голдуу гардаж хийдэг. Нийт 24 төрлийн эрэгтэй, эмэгтэй гар цүнх хийдэг.Ер нь бол цаашдаа бизнесээ өргөжүүлье гэсэн бодолтой байгаа. Энэ онд нийгмийн халамжаас гурван саяын  зээл авсан. Үүнийгээ машин болон түүхий эд материалд зарцуулсан. Ямар ч байсан хүүхдүүдээ их сургуулийг нь төгсгөх, өөрийн эрүүл мэнддээ анхаарна гэсэн бодолтой байна. Эрүүл байвал л ажлаа хийнэ шүү дээ.

-Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний тань онцлог юу вэ?

-Ер нь ийм төрлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс өөр өөрийн давуу талтай. Ижил төрлийн бизнестэй хүмүүс бие биенийгээ дуйрайлгаж хийдэггүй. Тэгэхээр хийцээрээ ялгарна. Гаднах дизайнаас гадна манай түрийвчнүүд дотор талдаа ашигтай, жижиг кармануудтай байдаг. ӨвөрМонгол болон Казахстанууд тэр жижиг карманд нь задгай мөнгө хийхэд тохиромжтой, хэрэгцээтэй гээд голцуу авдаг. Сүүлийн үед бол картны хэсэгтэй түрийвч болон үнэмлэхний хавтас голдуу авах сонирхолтой болсон байна.

Манай худалдан авагчид гар урлал, техникээр хийж байгаа зүйлийг хооронд нь ялгадаггүй. Гар урлал бол маш их цаг, хөдөлмөр зарцуулдаг зүйл.

-Зах зээлийн боломж хэр байна, олон улсад бүтээгдэхүүнээ гаргадаг уу?

-Зах зээл маань тэлэгдэж байгаа. Манайх 2015 оноос эхлээд ӨвөрМонгол, Казахстан улс руу нийлүүлдэг болсон. Манайх бэхжиж, хөлөө олох гэж нилээн удсан. 2009 оноос хойш машин техник, тоног төхөөрөмжөөс эхлээд ажил их байсан. Яваандаа гайгүй болж хэрэглэгчдийн захиалгыг авах боломжтой болж ирсэн. Үүнээс гадна одоо түүхий эд материалын үнэ өсөөд түүний хурдыг гүйцэж чадахгүй байна. Анх байгуулагдаж байсан үеэ бодвол зах зээлд өрсөлдөгч их болсон. Техник, тоног төхөөрөмжийн хувьд ч сайжирч байгаа, түүний хурдыг манайх гүйцэж чадахгүй л байна. Уг нь зах зээл бол бий шүү.

Жишээлбэл, 2017-2018 оны үед Казахстан улсад олон улсын үзэсгэлэн экспо болсон. Тус үзэсгэлэнгээр 500 захиалга орж ирэхэд бид дөнгөж 150 гаруйг л хийж өгсөн, үйлдвэрлэх хүчин чадал хүрэхгүй байгаа.

Их хэмжээгээр хийе гэхээр хүний нөөцийн боломж байхгүй, эргэлтийн хөрөнгө муутай байдаг. Гэхдээ гадаадаас ирсэн захиалгаа тодорхой хэмжээнд нь үйлдвэрлэж өгдөг. Саяхан Казахстанаас 200 захиалга ирсэн, боломжоосоо болоод хийж чадалгүй буцаасан. Оросоос буриадууд их ирдэг байсан одоо больсон. Бид бол үнээ их нэмээгүй хойно худалдан авалт муудсан байх. Анх үнийн хувьд 3500 байсан одоо 5000 болсон. Гэтэл бусад зүйлийн үнэ яаж өсөж байгааг бид бүгд мэдэж байгаа.

-Энэ төрлийн бизнес хийхэд хэцүү зүйл байдаг уу, дэмжлэг хэр байдаг вэ?

-Инфляци их нөлөөлдөг. Бид бүтээгдэхүүний түүхий эдээ зах зээлээс л авдаг. Түүхий эд материалын үнэ өсдөг, бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ өсдөггүй. Авч байгаа газрууд маань өндөр үнээр авах боломж муутай байдаг. Гэтэл бидний энд хэрэглэж байгаа кноп, цахилгаан туслах материалын үнэ өссөөр байгаа. Үнэ бууна гэсэн ойлголт байхгүй, өдөр өдрөөр л өсөж байна. Дэмжлэгийн хувьд гэвэл дүүргийн халамжаас саяхан зээл авсан. Энэ талаар яривал өргөн утгаараа маш их юм байна. Наанадаж гэхэд л үнийн өсөлтийг барих хэрэгтэй байна. Үүнийг дагаад материалын үнэ, түрээс нэмэгддэг.

 

-Түүхий эд материалаа хаанаас авдаг вэ?

-Бид дотоодын үйлдвэрээсээ авдаг байснаа больсон. Яагаад гэвэл нэгдүгээрт боловсруулалт муутай, гологдол их гардаг.

Хоёрдугаарт ашигтай талбай муутай байдаг. Ер нь малын шир нь байгалиасаа эхлээд идэгдсэн нүх ихтэй байдаг учраас боловсруулахаар том болчихдог. Тэгэхээр бид нарын гаргах бүтээгдэхүүний талбай багасаад явчихдаг. Тийм учраас одоо Хятадаас оруулж ирсэн арьсаар л хийж байна. Мөн туслах материал ч гэсэн урдаас орж ирдэг.

Уг нь боломжтой бол дотоодоосоо авая гэсэн бодолтой байдаг. Гэтэл өндөр үнэтэй, үүний учир нь боловсруулах үйлдвэрүүд химийн материалаа урдаас өндөр үнэтэй авдагтай холбоотой юм билээ.

Тэгээд үүнийг дагаад гарч ирж байгаа бүтээгдэхүүний үнэ нь өндөр, Хятадуудын арьсны үнэд цохигдоод байдаг. Нэг ёсондоо үндэсний үйлдвэр бут цохигдоод, борлуулалт муутай болчихдог.

Г.Жаргал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд