З.Төмөрсүх: Хөрсний доройтолд орсон газар сэргээд зурам зараа туулай зэрэг амьтад ирэх болсон

Уншсан тоо: 2,602

 Үр хойчдоо үлдээх амьд өвийн нэг бол яах аргагүй мод гэдэгтэй маргах хүн үгүй бизээ. Тиймдээ ч мод тарих нь нэг насны буян гэдэг. Нөгөө талаар дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн хор нөлөөг бууруулж, мод тарьж, ойжуулах нь цөлжилтөөс сэргийлэх нэн чухал гарц. Тэгвэл судалгаагаар Монгол Улсын газар нутгийн 78  хувь нь цөлжилттэй, 8-хан хувийн  ойжуулалттай гэжээ.

Цөлжилтөд маш хурдацтайгаа өртөж, үржил шимтэй хөрс нь хомсдож байгаа манай улсын энэ асуудал нь өдгөө дэлхийн асуудал болсон. Тиймдээ ч дэлхийн хөгжингүй орнуудын нэг болох БНСУ-ын 100 хувийн санхүүжилтээр манай улсад ойжуулалтын төсөл хэрэгжээд өдгөө 11 дэх жилийнхээ босгыг даваад буй. Тухайлбал, Архангай аймгийн Өгий нуурын орчимд ойжуулалтийн төслийг санхүүжүүлсэн Самсунг корпорацийн Сувон хотын үйлдвэрт  компьютерийн чип хийхэд гарч байгаа гологдол болгон нарийн тоосжилттой холбоотой байсан аж.

Уг тоосжилтыг судалсаар эх үүсвэр нь Монголын шар шороо хэмээн тогтоосон тул  үнэхээр энэ уур амьсгалын өөрчлөлтийг алсаас нь засах хэрэгтэй юм байна. Энэ бол дэлхийг хамарсан асуудал учраас хөгжингүй орнууд дотроо хийхээсээ илүү хөгжиж буй оронд дэмжлэг хэрэгтэй юм байна. Учир нь эдийн засгийн хувьд боломжгүй байгаа тул тал талаасаа алсаас дэмжээд ойжуулалтын ажлыг хийх болсон гэдэг.

Ийм л санал санаачлагаас эхлэлтэй “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын үйл ажиллагааны нэгээхэн хэсэг болсон Төв аймгийн Эрдэнэ сумын 100 га ойжуулалтын талбайн 100 мянган ширхэг мод бут  төрийн байгууллагын уялдаа холбоогүйгээс болон устах магадлалтай болоод байгаа юм байна. Ингээд уншигч та бүхэндээ Дамбадаржаа дахь Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд байрлах Ногоон Ази сүлжээ ТББ-ийн ахлах менежер З.Төмөрсүхтэй ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө Төрийн бус байгууллагынхаа түүхээс манай уншигчдад танилцуулаач?

-БНСУ-д төвтэй “Ногоон ази сүлжээ” ТББ 2007 онд Монгол дахь төлөөлөгчийн газраа байгуулж, тэр цагаас өнөөдрийг хүртэл ойжуулалтын 7 талбайтай, Улаанбаатар хотод ойн аж ахуй сургалтын төвдөө үйл ажиллагаагаа явуулж байна. Үүсгэн байгуулагдахаасаа бүүр өмнө буюу 2000 оноос эхэлж, Монголд ирж модыг тарьж эхэлсэн юм билээ.

Тухайн үедээ зун нь хүрч ирээд мод тариад явдаг, дараа жил ирэхээр нөгөө мод нь байхгүй болчихсон. Ийм маягаар модыг тариад орхих юм бол ургахгүй юм байна. Далайцтай ажил хийх хэрэгтэй юм байна гээд жишиг загвар байгуулья. Ер нь хөдөө орон нутагт цөлжилт эрчимтэй явагдаж байгаа юм байна. Орон нутгийн иргэд нь хөгжлийн байдлаас хамааран нүүдэллэх сонирхол ихтэй юм байна. Байгалийн дүрвэгсэд гэж нэрлэдэг дээ. Зуданд малаа алдсан хүмүүс суурин газартаа үлдэхгүй, зах зээлээ дагаад амьдрал хөөж хот руу орж ирээд байгаа юм байна. Тэгэхээр хөдөө орон нутагт нь зориулан ажил хийе, жишиг газрыг шаардлагатай газар нь хийе гэсэн зорилготой Төлөөлөгчийн газрыг байгуулж байсан түүхтэй.

Хамгийн анх Багануур хотод уул уурхайн тоосжилтыг суурин газраас халхалсан ойжуулалтын ногоон зурвас бүхий талбайн жишиг загварыг байгуулсан. Дараа нь Дундговь аймгийн Сайнцагаан суманд ойжуулалтын талбайг байгуулсан. Түүнээс хойш Төв аймгийн Эрдэнэ, Аргалант, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Архангайн Өгий нуурт ойжуулалтын талбайг байгуулаад байна. Төсөл хэрэгжсэнээр тухайн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахаас гадна ойжуулалтын жишиг загварыг байгуулж байна. Зөвхөн мод тариад цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа явуулахаас гадна тэнд ажиллаж байгаа иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор жимсний мод тариалж байна.

Мал аж ахуй эрхэлж байсан хүмүүс ойжуулалтын ажил хийгээд явахаар анх сургуульд сурч байгаа сурагч шиг л болдог. Тэдгээр хүмүүсийг ойжуулалтын ажилд дадлагажуулаад төсөл дуусахад талбайгаа хариуцаад үлдэх хүмүүсийг бэлтгэн гаргадаг. Тодруулбал, төсөл дуусахад тэнд ажиллаж байсан талбайн ажилчид маань өөрсдөө хуулийн этгээд болж, нөхөрлөл хоршоо зэрэг аж ахуйн нэгж байгуулна. Булганы Баяннуур суманд ойжуулалтын талбайн ажилчиддаа иргэдийн бүтцийн зохион байгуулалтад оруулан Нөхөрлөл байгуулаад талбайгаа хүлээж авах ажил хийгдэж  байна. Ерөнхийдөө төслийн хувьд орон нутгийн байгаль орчин руугаа чиглэсэн ажлаас гадна нийгэм эдийн засаг руу чиглэсэн  ажлыг хийж байна. Ер нь олон талт “Төгс төсөл” гэж ойлгож болно. 

Уур амьсгалын өөрчлөлт Азид нүүрлэсэн  аюул болоод байна

 

-2000 онд анх ирж мод тарьж байсан гэсэн. Яагаад Монголыг сонгож мод тарья гэж бодсон юм бол?

-Дэлхий дээр ганцхан Монгол цөлжилттэй улс юм уу гэвэл мэдээж үгүй. Гэхдээ яагаад Солонгосчууд Монголд ирэх болов. Анх 1999 онд Азийн улс орнуудын төр бус байгууллагууд нэгдэж, "Зүүн Азийн ирээдүй" бага хуралд оролцсон. Ингэж нэгдэхдээ Ази тивд тулгарч байгаа ямар асуудал байна гээд ярилцсан байдаг. Уулзалтаар эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт байна гэж тодорхойлсон.  Тэгвэл бид эдгээр асуудлыг шийдэхэд юу хийж чадах вэ гэдгээ ярилцсан.

Эдийн засгийн хямралыг ТББ хариуцна гэвэл хэцүү, хувь нэмрээ л оруулна. Харин уур амьсгалын өөрчлөлт дээр сайн дурын ажил хийх юм бол илүү үр дүнтэй юм байна гэж үзсэн. Тэгээд Азиасаа хамгийн 1 номерт  багтах улсыг сонгож аваад тэндээ мод тариж, цөлжилтийг багасгая гэж шийдсэн. Уур амьсгалын өөрчлөлт Азид нүүрлэсэн  аюул болоод байна гэдгийг лавшруулан судалсан чинь бүх орнуудаас Монгол 1-д байсан. Монгол цөлжилтөөрөө, уур амьсгалын өөрчлөлтөөрөө тэргүүнд байсан шалтгаан нь шар шуурга босдог. Тэр нь Хятадаар дамжин Солонгост очдог. Солонгост тоосжилт үүсдэг. Тэгээд иргэдийн  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, уушги хордуулж байна гэж үзсэн.

Судалгаагаар Монгол Улсын газар нутгийн 78  хувь нь цөлжилттэй, 8-хан хувийн  ойжуулалттай. Тиймээс л үйл ажиллагаагаа Монголоос эхлэе гэсэн байдаг. Манай ТББ Монголд үйл ажиллагаа явуулахаас гадна дараагийн улс болгон Мянмар улсад төлөөлөгчийн газраа байгуулан төслөө хэрэгжүүлж эхлээд удаагүй байгаа.

-Тоосжилтийн хор нөлөөний талаар баримт дурьдвал?

-Солонгос улсаас хөрөнгө оруулалт хийж ойжуулалтын ажил хийгээд байгаагийн гол шалтгаан нь тус улсад нарийн тоосжилтын асуудал үүсч, хүн амынх нь эрүүл мэнд төдийгүй эдийн засагт маш их хохирол учруулж байна гэж үзсэн. Яагаад, ямар учраас гэвэл Монголд босч байгаа шар шороон шуурга дэлхийн салхины  чигийг дагаад Хятадаар дамжиж, Солонгост очиж байгаа.

Монголыг бодвол Хятад үйлдвэржилтийн орон. Олон үйлдвэрийн яндангийн тоостой нэгдэн  агаарт дэгдэж байгаа болгонтой шар шороон шуурга маань холилдоод бүр нарийн тоосжилт болж, хүний биед орох юм бол уушгины усжилт болон хүний биеэс гадагшилдаггүй  хавдар үүсгэх аюул дагуулж байгаа.

Хамгийн наад захын жишээ гэхэд, Архангай аймгийн Өгий нуурын орчимд ойжуулалтийн төслийг санхүүжүүлсэн Самсунг корпорацийнхан байна. Тэдний компьютер үйлдвэрлэдэг үйлдвэр нь Сувон хотод байдаг. Сувон хотын үйлдвэрт ямар аюул тохиогоод байна гэвэл компьютерийн чип хийхэд гарч байгаа гологдол болгон нарийн тоосжилттой холбоотой байсан.

Тиймээс л үнэхээр энэ уур амьсгалын өөрчлөлтийг алсаас нь засах хэрэгтэй юм байна. Энэ бол дэлхийг хамарсан асуудал учраас хөгжингүй орнууд дотроо хийхээсээ илүү хөгжиж буй оронд дэмжлэг хэрэгтэй юм байна. Учир нь эдийн засгийн хувьд боломжгүй байгаа тул тал талаасаа алсаас дэмжээд ойжуулалтын ажлыг хийх болсон. Ингэж л Монголыг анх сонгож, мод тариад явдаг байсан ч үр дүнгүй. Ургалтын  хувь 0 гарсан.

Хотод тарьсан моднууд маань манай байгууллагад маш том туршлага болсон. Учир нь хавар нь тариад дараа жил нь ирэхэд моднууд нь ургаагүй, зарим  нэг харуул хамгаалалттай газар л тодорхой хэдхэн хувьд мод ургасан байсан гэдэг. Ер нь мод тариад 60-70 хувьтай ургавал ойжуулалтыг хийлээ гэж үздэг. Гэтэл 10-20 хувьтай  байсан тул ойжуулалтын жишиг загварыг  байгуулья. Далайцтайгаар өргөн явья гэж 2007 оноос төслийг албан ёсны болгосон.

500 га газар талбайд 600 мянга гаруй мод тарьсан

 

 -2007 оноос хойш хичнээн  га газарт мод тарив?

-Хөдөө орон нутагт 7 газар ойжуулалтын жишиг загвартай гэсэн дээ. Энэ бүх ойжуулалтын талбайг нэгтгээд үзвэл 500 га газар талбайд 600 мянга гаруй мод тарьсан байгаа. Одоо хашаалаад, ойжуулалтын ажлыг арчилгаатай нь хийж байна.

-Монголчууд  ой модыг тариалах тал дээр туршлага багатай хүмүүс шүү дээ. Энэ тал дээр хүмүүсээ хэр бэлтгэж, мэргэжилтэн болгож байна вэ?

-Ер нь модыг тариад услаад явахад 1-2 жилд ургачихна гэж  хүмүүс их амарханаар боддог. Манай байгууллагын сонгосон жишиг загвар талбай маань тухайн орон нутагтаа цөлжиж байгаа ойжуулалт нэн шаардлагатай газар байдаг. Тэр утгаараа ойжуулалтын ажлыг хийхэд  хүндрэлтэй талууд цөөнгүй байдаг.

Гэхдээ өнөөдрийн бидний амжилт гэвэл тууштай талбай дээрээ ажиллах ажилтантай, арчилгаа сайтай ойжуулалтын үйл ажиллагаа тогтвортойгоор явагдаж байна. Үүнийгээ дагаад жил болгон санхүүжилт шаардлагатай байдаг. Нэг мод тариад байгаль дээр биеэ даатал 5 жил гэж үздэг. Тэгтэл бидний туршлагаар үгүй байна. 2017 оны зун ган болоход хамгийн анхны тарьсан 10 жил болсон улиас  буюу салхины хамгаалалт болсон Монголд хамгийн тэсвэртэй мод маань хаталт өгсөн. Тэгээд бодохоор байнгын арчилгаа шаардлагатай байдаг.

-Тэгвэл энэ моддыг тогтмол арчилж байхын тулд ямар ажлыг хийж байна?

-Тухайн талбайд ажилчинаар орсон 30 хүнийг дараа жил нь аль болох анхны бүрэлдэхүүнээр нь  байлгах их чухал  байдаг. Манайхан чинь их туйлбаргүй шүү дээ. Өнөөдөр энд ажиллаж байгаад дараа нь өөр газар луу явчихдаг. Биднээс сар болгон цалингаа аваад нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нь төлөгдөөд явахад тухайн хүний амьдралд тодорхой  хэмжээний эдлэх эрхүүд нээгдэж байгаа.

Гэтэл хүмүүс ирээдүйг харахаас илүүтэй өнөөдрийн боломжийг хараад байдаг. Өдрийн 20 мянган төгрөгөөр төмс ухах, ноос самнах зэрэг ажил гарвал орон нутгийн иргэд маань орхигдуулаад яваад өгөх нь байдаг. Тиймээс манай ТББ –ийн  зүгээс өвөлд  нь тодорхой хэмжээний сургалтад хамруулж тууштайгаар ажлуулахыг зорьдог. Нэг талаараа барьж өгч байгаа юм. Мэргэшүүлж байгаа хүмүүсээ илүү сайн дадлагажуулахын тулд  нилээн тууштай  сургалт явуулдаг.

Жилийн дөрвөн улирлын төсөл хөтөлбөрийн  бодлогоор барьж ажлуулдаг. Тэгээд иргэд маань 3 жил ажиллахад л тухайн ажилдаа гаршсан ойжуулалтын талаар тодорхой хэмжээнд мэргэшсэн хүн болон бэлтгэгдэн гарч ирж байгаа юм. Хүмүүс 3 жил тууштай ажиллахад л дараагийн он жилүүдийн ирээдүйг сэтгэлдээ  хараад төсөөлөөд ирдэг. “Энэ хоосон  газар мод тарихад ургах уу” гэж орон нутгийн иргэд гайхсаар ирж байсан бол хашаалаад дэд бүтэц, бүтээн байгуулалт хийгээд мод тариад эхлэхээр “Үнэхээр болдог юм байна, чаддаг юм байна” гэсэн итгэлтэй болдог. Тарьсан мод нь ургаад ирэхээр аяндаа сэтгэл зүрх уягдаад цаашид урам зориг итгэл дүүрэн үргэлжлүүлдэг.

 

Хөрсний доройтолд орсон газар сэргээд зурам зараа туулай зэрэг амьтад ирэх болсон

 

-Яг ингэж хөгжиж байгаа ойжуулалтын талбайг жишээ болгооч?

-Долоон ойжуулалтын талбай маань бүгд л жишиг загварынхаа төрхийг тодорхой хэмжээнд орон нутагтаа зохицоод олчихсон байгаа гэдгийг бардам хэлж чадна. Баяннуурын ойжуулалтын талбайг тодорхойлоод ярья л даа. Булганы Баяннуур сум маань элсний нүүдэлтэй хавар өнгөрөөд зун болоход сумын айлуудын хашааг налаад элс дарчихдаг байсан.

Хашааны шон нь дандаа модоор хийсэн учраас хажуулдаж, нуруулдана. Элсээ зайлуулаад хашаагаа босгох ажлыг жил бүр хийдэг байсан талаар сум орон нутгийн иргэд болон сумын төвд амьдарч байгаа иргэд бүгд л хэлнэ. Үнэхээр элсний нүүдэл харьцангуй багасаж байна гэдэг. Энэ маань бидний хийж байгаа ажлын бодит жишээ. Орон нутагт элсний нүүдэл тодорхой хэмжээнд багасаж байгаа.

Хашаалсан ойжуулалтын талбай хийгдэхээс өмнө хөрсний доройтолд орсон газар сэргээд тодорхой төрөл зүйлийн ургамалууд нэмж ургасан байгаа. 1м.кв т ургасан ургамлын төрөл зүйл тодорхой хэмжээнд нэмэгдээд, аяндаа байгалийн шавьж, амьтан нүүдэллэн ирж тэр хашаанд орж тэмүүлдэг болсон. Тухайлбал, зурам зараа туулай зэрэг амьтад ирэх болсон. Олон янзын  шувууд цуглаж, талбай болгон дээр байгаль орчныхоо зүгээс төсөл маань амжилттай хэрэгжиж байна. Нийгэм эдийн засгийнхаа хувьд гэвэл тэнд зөвхөн ойжуулалтын ажлыг хийж модоо тарьж, услаад байх биш иргэд маань давхар газар тариалан эрхэлж байна.

Хүмүүс ойжуулалт хийж цалин авахаас гадна тодорхой хэмжээний нэмэлт орлого олж байж тэнд удаан хугацаагаар байна. Нөгөө талаар ногоо тариалсан мэдлэг, чадамжаа дагаад төсөл дууслаа ч гэсэн өөрийн гэсэн байнгын ажлын байртай үлдэнэ. Бусдыг цалинжуулаад, орлогожоод явах боломжтой хэлбэрт оруулахын тулд тэднийг газар тариалан эрхлэхэд нь туслалцаа үзүүлсэн.

Нэгд нарийн ногоо тариалж, хоёрт ойжуулатын талбайг байнгын хадгалаад аваад явахын тулд нөхөн тарилтыг хийх хэрэгтэй. Нөхөн тариалалтыг хийхийн тулд мод үржүүлгийн ажил хийж байна. Гэхдээ зөвхөн нөхөн тарилтад зориулж мод үржүүлгийн ажил хийх биш өнөөх л яриад байгаа өрхийн орлогыг нэмэгдүүлэх, цаашид амьдралаа аваад явах орлогын эх үүсвэр бий болгохыг зорьсон.

Нарийн ногоо, мод үржүүлэг, хөрснийхөө чанарыг сайжруулахын тулд эко бордоогоо ч үйлдвэрлэж байна. Нарийн ногооноосоо санхүүжиж, орлого олж эхэлсэн.  Бид төслийг хэрэгжүүлэхдээ ойжуулалтын талбайг арчилж байгаа цагийнх нь цалинг, тог цахилгааны мь өнгийг өгч байна. Нэмээд шаардлагатай сургалтаар чадамжийг нь нэмэгдүүлэхийн тулд  мэдээлэл авах бүхий л боломж нөхцлөөр нь хангаж байна.

Энэ болгон 100 хувь хангагдаж, цалин мөнгөө авангаа ургасан жимсээ хурааж, борлуулж байна. Өөрсдөө боловсруулж эсвэл шууд зарж борлуулдаг. Мөн мод үржүүлгээс гарч байгаа суулгацыг орон нутагтаа болон ойр орчмын сум сууринд зарж байна. Хамгийн гол нь манай ТББ өмнө нь гаднаас мод үржүүлгийн мод авдаг байсан бол дотоод нөөц бололцоо болсон ажилчдаасаа суулгацуудыг худалдан авч байгаа. 

10 жилийн хугацаатай төсөл дууслаа, тухайн ойжуулалтын талбайгаа иргэдэд үлдээх юм

 

-Ой модыг нэмэгдүүлж, орлого олж  байгаа нь нөгөө талаар байгаль орчноо хамгаалж байгаа алхам шүү гэдгийг байнга хэлж өгдөг үү?

-Тийм. Бид зөвхөн мод тариад байгаа юм биш, бид хүнийг тарьж байгаа. Энэ бол “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын хамт олны хэлэх дуртай үг. Анх модыг тарихаас гадна хүнийг  тарина гэхээр их сонин санагдаж байсан. Тарих гэдэг шууд утгаараа бол тариа тарих, нөгөө талаар хүнийг  бий болгох юм байна. Тэгэхээр мал аж ахуй эрхэлж байсан хүнийг газар тариалан буюу ойжуулалтын ажлыг хийхэд сургалт, мэдээлэл бүгд хэрэгтэй.

Хамгийн чухал нь сургалт байдаг. Ойжуулалтын ажил эхлэхээс өмнө талбайн ажилчдаа  цуглуулан тухайн жилийн хийх ажлаа танилцуулна. Үүнтэй холбоотой ажиллах аюулгүйн дүрэм, хөдөлмөрийн аюулгүйн сургалтыг явуулна. Ойжуулалтын үндсэн сургалт, чадамжийг нэмэгдүүлэх сургалтууд явна. Арай ахалж байгаа ахлагч болон ажил үүргийнх нь  хуваарийн дагуу манлайлалын янз бүрийн сургалтууд  хийгдэнэ. Ойжуулалтын үндсэн сургалтад байгаль орчны өнөөгийн байдал  болон бидний хийж чадах уялдаатай ажлууд маань бүгд ордог.

Тэгэхээр хүнийг төлөвшүүлээд өнөөдрийг хүртэлх хийж ирсэн ажлынх нь арга барил, сэтгэлгээг өөрчлөөд өгч байна. Энд  мод тарина гэхээр хүмүүс бид ажиллаж байгаад л гарчихна гэж боддог. Харин бид иргэдэд “Энэ мод та нарынх гэдгийг ойлго. Та нар энэ сумандаа үлдэнэ, моднууд ч үлдэнэ. Энэ ойг та бүхэн хоршоолол юм уу нөхөрлөл үүсгээд цаашаа аваад явна” гэдэг.

Сум орон нутгийн иргэд маань тарьсан модноосоо үр шимийг хүртээд, өөрсдийгөө орлогожуулаад, эдийн засгийн тогтвортой түвшинд хүрээд ирэхээр нь үлдээгээд явах зорилготой л ажилладаг. Бид орон нутагт төслийг хэрэгжүүлээд тухайн орон нутгийн төр захиргааны удирдлагуудад хүлээлгэж өгөхөөсөө илүүтэй уг төсөл дээр гардаж ажиллаж байгаа иргэдээ  хуулийн этгээд болгон бүтэцжүүлдэг. Энэ хэд маань тэр чадамжийг олж автлаа суурь мэдлэг, боловсрол бүх л хэрэгтэй бүхнийг сурч, чадвартай болтлоо цалинтай сургалттай,  хангамжтай байж байна.

10 жилийн хугацаатай төсөл дууслаа, тухайн ойжуулалтын талбайгаа буюу тэр их хөрөнгийг иргэдэд үлдээх юм. Тэгэхдээ иргэдэд зүгээр үлдээгээд орхих биш л дээ. Хамтын ажиллагааны гэрээтэй үлдээнэ. Ингэхдээ энэ хөрөнгө та бүхний юм. Цаашдын аюулгүй насны чинь ажлын байр. Та бүхнээс “Ногоон Ази сүлжээ” ТББ-ийн зүгээс юу хүсэх вэ гэхээр энэ жишиг загвар ойжуулалт маань 80 хувьтай, өөрийнхөө төрхөөр байх ёстой. Мөн бидний бүтээсэн 100 га дахь 100 мянган мод маань цаашдаа нэмэгдээд явна. Мөн ойжуулалтыг өөр газар хийгээд, ажил үйлс нь цэцэглээд явж байх ёстой гэдэг.

Өөрийн гэсэн мөнгөтэй, санхүүгийн чадамжтай хүмүүс аяндаа ажлаа үргэлжлүүлээд л хийгээд явна. Наад захын жишээ, Баян нуурын талбай дээр Төв аймгийн  Заамар сумаас нэг уул уурхайн компанийнхан өөрсдөө зорьж очоод “Танай суулгацнаас худалдаж авья. Бид нар нөхөн тариалалт хийх ёстой. Уурхайн нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ажлуудын нэг болсон мод тариалахад зориулан суулгац нийлүүлээч” гээд анхныхаа худалдааг хийсэн байна.

Өмнө нь “Ногоон Ази сүлжээ” ТББ тухайн талбайд ургасан суулгацыг өөрсдөөс нь худалдаж аваад талбайд нь нэмж тариулах зэргээр тэднийг дэмжиж ажилладаг байсан. Тэгвэл бидний хийсэн ажлыг үзээд үнэлээд хүмүүс зорьж очин худалдан авдаг болж байна. энэ бол том амжилт. Баяннуурын нөхөрлөлийн ажилчид маань тодорхой ашгийг олоод өөрсдөө орлоготой болж эхэлж байна. Тэгэхдээ ашиг орлогын хуваарлилт хийхдээ орон нутгийн хөгжилд тодорхой хэмжээний ашгаасаа 20 хувийг оруулна гээд дүрмэнд нь зааж өгсөн байгаа.

Хамгийн гол нь бид бүхний төсөл хэрэгжүүлсэн жишиг загварын талбайн ажилчид маань өөрсдийнхөө тарьсан суулгацаа зүгээр л  худалдаад орхихгүй. Тэнд нь очоод тарих арга барил, арчилгаа зэрэгт анхаарал хандуулна. Яагаад гэвэл манай төсөл “Төгс” байх ёстой. Тэр утгаараа төслийн талбайд ажилласан хэн бүхэн өөрсдийгөө санхүүжүүлээд цаашаа явна.

Тиймээс  бидний тавьдаг шаардлага бол модоо  зараад орхих биш эргээд хойноос  нь анхаарал тавих ёстой. Та нарын зарсан суулгац 70 хувьдаа хүрэх ёстой. Тэр худалдаж авсан хүмүүсийн тариалсан мод 70 хувьтай байлгахын тулд тэдний хариуцлагыг ойлгуулах хэрэгтэй.  Мэдээж байнгын арчилгаа хэрэгтэй ч та бүхний хяналт зөвөлгөө хэрэгтэй гэх зэргээр бидний цаашдын  үйл ажиллагаа бүхий л талаараа төгс байх ёстой.

-Ойжуулалтын ажлын үр дүнг хэрхэн хардаг вэ?

-Хот суурин газруудад биднийг хүмүүс тэр бүр  мэддэгүй. Гэхдээ манай ойжуулалтын талбай нэмэгдээд ирэхээр хөдөө орон нутагт төсөл хэрэгжиж байгаа газартай хиллэсэн сум орон нутгийнхан маш сайн мэддэг болж байна. Манайд ойжуулалтын ажил хийгээч гэсэн хүсэлт тавьсан сум орон нутгийнхан ч их байна. Тэд зэргэлдээ суманд нь ойжуулалтын ажил хийгдээд, үр дүн нь нүдэн дээр харагдаж бүтээн байгуулалтыг харуулж, хандлагыг өөрчилж байна.

Бидний мөрөөдөл эхнээсээ биелж, өөрийн гэсэн сургалтын төвтэй боллоо

 

-Хөдөө орон нутагт ойжуулалт хийгээд явна гэдэг маш сан ажил. Тэгтэл нийслэл хот маань жинхэнээсээ “цөлжилт”-д өртөөд байх шиг. Нийслэл хотын утааг бууруулахад айл болгон мод тарьвал багагүй хувь нэмрээ оруулна гэдэг. Нийслэл хотод чиглэсэн ажил хийгдэх үү?

-Бид орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой гэдэг утгаараа аймаг суманд ойжуулалт хийж, иргэдийн амьжиргааг дэмжиж ажилласаар өнөөдрийг хүрлээ. 2000 оноос Монголд ирж мод тарьсан гэсэн дээ. Тухайн үед Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн барилгыг сонгон мод тарьсан юм билээ. 10 сургууль сонгоод хашаанд нь ойжуулалтын ажил  хийж моднуудыг тарьж өгөөд, дараа жил нь дахин нөхөн тарилт  хийх гэсэн зарчмаар явсан. Хэдхэн сургууль л тухайн модтойгоо үлдсэн байгаа. Энэ мэтчилэн 30 –аад газар ойжуулалт хийсэн байдаг.

Өвөл болохоор хотод байгаль орчин, цаг агаарын  хувьд хүнд болж байна. Бид 4 жилийн өмнөөс л мөрөөдөж эхэлсэн мөрөөдөл минь биелж эхэллээ. Өмнө нь зун болохоор л ганцхан ойжуулалтын талбайн ажилчиддаа гэлтгүй орон нутгийнханы хүсэлтийн дагуу сургалт явуулна. Орон нутгийнхан танай хашаанд ургаад байгаа мод илүү сайн ургаад байна. Бид мод авчирч  тариад ургахгүй байна гэж сум орон нутгийн захиргаа  ААН үүд холбогддог. Тиймээс бид орон нутгийн ойжуулалт зориулсан сургалтыг өөрсдийн хэмжээнд явуулдаг байсан.

Тэгээд өөрийн гэсэн сургалтын төвтэй болсон бол сайхнаа. Том байртай. Тэрэнд манай хөдөө орон нутгаас ирсэн мэргэжилтэнүүд маань ойжуулалтын сургалтад сууна. Сургалттай өдрүүдэд тэд маань энэ хамаатныдаа хононо, тэр хамаатныдаа хононо гээд явдаг байсан. Тэгээд бүгдийг нь нэг дор оруулчих боломжийн үнэтэй буудал хаана байна гээд л хайж гүйдэг байлаа. Тэгээд л дотроо дотуур байртай, сургалтын төвтэй болохсон гэж мөрөөдөж байсан.

Зарим нь хэзээ байртай  болно гэж мөрөөддөг юм. Талбайн санхүүжилтээ авах гэж хичээж байж, юун байр гэж бүтэшгүй зүйл гэнэ. Зарим нь тэр хүслээ ургуулаад л мөрөөддөг байсан. Тиймээс бид одоо өөрийн байртай болсон тул нийслэл хотод тэр дундаа гэр хороололд тодорхой ажил хийхийг зорьж байгаа. Хөдөө орон нутгаас амьдрал хөөгөөд ирчихсэн хүмүүс маань уулан дээр шахуу, гэрээ бариад амьдарч байна. Сургууль соёлын газраас хол байна.

Арай жаахан томхон болоод ирвэл хүүхдүүд нь бага дүүгээ хараад сургууль завсардаж байна. Энэ бол ерөнхийдөө сүүлийн 20 гаруй жилийн Монголын нийтлэг дүр төрх. Өмнөх нийгмийн үед сургууль завсардах, төгсөөд ажилгүй хүн үлдэхээргүй зохицуулалт хийгддэг байсан. Гэтэл нийгэм маань ороо бусгаа болсоноос хот руу эмх цэгцгүй  нүүдэл эхэлж, сургууль завсардсанаас мэргэжилгүй үлдэж байгаа хүн олон болсон.

Сайхан, сайхан боловсон хүчин болсон залуучууд ажилгүй хаягдаад байгаа учраас эд нартаа туслахсан гэж бид бодож зорьж байна. Мэдээж бидний хамгийн түрүүнд анхаарах хүмүүс нь ойжуулалтын талбайн ажилчид маань, дараа нь ойжуулалтын талаар  сонирхож байгаа хэнд ч гэсэн бидний хаалга нээлттэй. Одоо энэ сургууль завсардсан тодорхой мэрэгжилгүй сурья ч гэсэн мөнгө төгрөг хэцүүхэн хүүхэд залуучууд цөөнгүй байгаа.

Тиймээс зөвхөн өөрийн ажилчидаа мэргэшүүлээд гаргахаас гадна Монголын ойн мэргэжилтэнг бэлтгэдэг сургалтын төвтэй больё гэж  мөрөөдөж байсан мөрөөдөл маань биелж 2017 оны 7 сарын 20 ны өдөр  энэ байр маань ашиглалтад орлоо. Ойн салбартаа ойн мэргэжилтэн бэлтгэж байна гэдэг том ажил. Тиймээс бид хотын айл болгон мод тарих, хашаандаа модтой байхад тусална. Эхний ээлжинд энэ хавийнхаа айл өрхийн хүмүүст сургалтаа явуулна. Бид өөрсдийн сургалтын баазаа ашиглан дадлага туршлага суулгаад дараа нь хашаанд нь мод тариулна.

 

Энэ ой миний өмч итгэл үнэмшил хүнд төртлөө уддаг

 

-Байгаль орчин гэдэг бидний амьдралын хамгийн чухал зүйл. Байгаль орчноо хүн бүр чадах чинээгээрээ хайрлаж, аль болох л өөд татахыг хичээхгүй бол дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт улам бүр л таагүй зүйлсийг авчирна. Үр хойч минь ямар орчин нөхцөлд амьдрах бол гэж бодох нь энэ цагийнханы үүрэг баймаар санагддаг?

 -Тийм ээ. Усны  хомсдол гэхэд ердөө 7 жилийн дараа хаалга тогшоод ирнэ гэсэн судалгаа гарсан. Амьдралд шууд  нөлөөлнө гэж байна. Гэтэл бидний Төв аймгийн Эрдэнэ суманд ойжуулалт хийсэн газар нь цэнгэг усны цөм, хагалбар газар гэж явдаг. Тиймээс л бид тэр нутгийн иргэдээ ойжуулалтын талаарх мэдлэг олгохын тулд нилээн хэдэн сургалтыг байнгын давтамжтайгаар зааж ирсэн. 

Малчин хүнд мод тарих туршлага байхгүй учраас усалгааны систем, шланк хоолой, цорго ойжуулалтын хэллэг зэргийг бүрэн мэддэг болгоход хугацаа хэрэгтэй юм билээ. Мод маань бүрэн ургаж дуусахад тохирсон арчилгаа шаардлагатай гэдгийг ойлгуулах их чухал байдаг. Манайхан байгальд хайртай, байгалийн уялдаатай мал аж ахуй эрхлэн амьдарч байсан.

Тэгвэл ойг ч мөн адил жилийн 4 улиралд арчлахыг зааж сургаж, мэргэшүүлдэг. Хамгийн чухал ойлгуулахад хэцүү байдаг зүйл нь “Энэ ой таны өмч. Энэ төсөл дууслаа гэхэд та аюулгүй ажлын байраар хангагдаад байнгын ажилтай байна. Одоо авч байгаа цалингаас хэд дахин илүү орлоготой болох боломжтой болсон” гэдэг итгэл үнэмшил хүнд төртлөө уддаг юм билээ. Төсөл дуусахаар л хэн нэг томоохон хүн энэ газрын эзэн болчихно биз дээ гэсэн бодол арилж өгдөггүй юм билээ.

3-4 жил ажиллаж байж л үнэхээр биднийх мөн юм байна гэж ойлгоно. 2 жил ажиллахад ойжуулалтын ажлаа хийж, нарийн ногоогоо тариалж хураагаад борлуулж сурдаг.

-Эко аялал зохион байгуулдаг гэж байсан?

-Тиймээ. Хоёр орны соёлын солилцоогоор  ирсэн Эко аялалын сайн дурын солонгос оюутан залуус, сурагчид, төрийн албан хаагчид ирж сайн үйлсийн ажил хийдэг. Тэд ирж зөвхөн мод тарьдаггүй. Нийгэмд чиглэсэн буюу тухайн орон нутгийн сургууль цэцэрлэгт бүтээн байгуулалтын ажлуудыг  хийж өгдөг. Хамгийн сүүлд Булганы Дашинчилэн суманд сургуулийн дотуур байрны  тохижилт хийсэн.

Мөн тус сумын ундны ус нь ямар ч шинжилгээгээр муу гардаг байсан. Харин манай төслийн хүрээнд сумын төвөөс нилээн зайтай газар шинжилгээгээр сайн үзүүлэлт бүхий гүний  худгийн өрөмдлөг хийгээд худгийн байшинтай нь  шийдэж өгсөн. Сум орон нутгаасаа зайтай болчихоор тог цахилгаан татахад асар их хөрөнгө гарна. Тэр болгоныг бид олох хэцүү учраас ундны ус тээвэрлэх автомашиныг шийдэж өгсөн.

Бид төсөл хэрэгжүүлээд эргээд хяналтгүй орхидоггүй гэж хэлсэн дээ. Тэр машин өнөөдөр очоод харахад өдөржин сургуулийн, эмнэлгийн, цэцэрлэгийн байгууллагын  болон иргэдийн цэвэр усны хэрэглээг хангаад явж байна. Бид машиныхаа ажиллагааг алдагдуулж болохгүй гээд дугуй болон сэлбэгүүдийг нөөцөлсөн байгааг нь харсан. Үнэхээр хэрэгтэй зүйлийг нь нйийлүүлж чадсандаа баяртай байгаа. Энэ ажлуудыг талбайн ажилчидтайгаа хамтраад хийдэг. Тэд нарын л хүүхдийн сурч боловсрох газар гээд дотуур байрны тохижилтыг хамтдаа хийсэн.

-Энэ бүхнийг сонсоход хүн хүнээ гэсэн сэтгэлд давхар хөглөгдөөд явдаг юм байна тийм үү?

-Төсөл маань зөвхөн байгаль орчин гээд байхгүй. Дахин дахин хэлээд байгаа нийгэм эдийн засгаа давхар анхаарч, ажиллаж байгаагийн илрэл. Зөвхөн талбайн ажилчиддаа биш орон нутгийн тогтвортой хөгжилд анхаарч байна.

 

Хүний амьдрах орчин, сэтгэлгээг өөрчилж байж нийгэм хөгжинө

 

-Та бүхний хийж байгаа ажил маш гүйцэтгэл сайтай, эргэх холбоотой, нийгэм эдийн засгийн асуудлыг хамтад нь шийдэхэд анхаарч байгаа нь нэг талаар Солонгос улсын хөгжлийн гол түлхүүр байсан болов уу?

-Тийм. Хүн төвтэй нийгэм гээд хүний амьдрах орчин, ажиллах нөхцөл, сурах боломж, эдийн засгийн чадамжаа дээшлүүлэх гээд бүгд харилцан уялдаатай байдаг. Өнөөдөр манай ойжуулалтын талбайн хөрөнгө оруулагч нар  маань Солонгосын хотууд байдаг. Тэр хотуудын удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээтэй байдаг. ТББ учраас зөвхөн төслөө хэрэгжүүлнэ. Хэн ч байсан тэгээд л хаяж болно.

ТББ ашиггүй учраас яаж нийгэм эдийн засаг руу чиглэсэн аужлыг хийх юм гэхэд л тухайн хотоос маань өөрсдөө санаачлаад үнэхээр орон нутаг нийгэм рүү чиглэсэн хүн амын хөгжилд нөлөөлөх ямар ажлууд хийж болох вэ, яавал үнэхээр бодитой тусалсан ажил болох вэ гэдэг. Өөрсдөө Эко аялалаар ирээд байнга хянаад өөр юу хийж болох вэ гэдгийг хараад явдаг.

Манайхан үнэхээр бодитой ажил хийдэг гэдгийг БОАЖЯ-ны  жилийн ой дээрээ үнэлээд “Батламж” өгсөн. Бид гэхдээ шагналаас их хол байдаг. Эхлээд хүний амьдрах орчин, сэтгэлгээг өөрчилж байж нийгэм хөгжинө гэдэг зарчмаар л бид явж байна. Тиймдэээ ч бид модыг ч тарина, хүнийг ч “тарина” гэсэн уриатай ажиллаж байна.

-Жимсний мод тариалдаг гэсэн. Ургацаа хэр ашигтайгаар борлуулдаг вэ. Магадгүй чацарганаа импортлох боломжтой юм?

-Тийм. Бидний төслийн хүрээнд хүмүүс жимс хүнсний ногоогоо тариалж хураагаад хэрэглэж байна. Мэдээж зарж борлуулна. Бүх талбайгааас хурааж авсан чацарганаа манайхан бариад л сум орон нутгийнхаа сургууль цэцэрлэг, хот руу зарах гэж оролдож байна. Өнгөрсөн онд гантай байгаад  чацарганы гарц жаахан бага байсан.

Гэхдээ 2016 оны хувьд Баяннуурын чацарганы гарц гэхэд 1.5 тонн байсан. Нөгөөдөхөө хаана хийх үү л болсон. Үхрийн нүд ч бас тарьж байсан. Гэхдээ нэг төрлийнх нь жимсээр дагнаад түүнийгээ боловсрулах тал дээр анхаарах хэрэгтэйг бид анзаарсан. Тиймээс манай төслийн хүрээнд ЖДҮ байгуулах талаар ч ярилцаж байна. Жимс чигээр нь зарах нэг өөр боловсруулаад бүтээгдэхүүн болгох нь бас нэг өөр ашиг өгнө. Боловсруулаад эхлэхээр ажлын байр ч нэмэгдэнэ.

-Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хийж байгаа бусад ажлуудаасаа сонирхуулвал?

-Өнгөрсөн онд Төв аймгийн Эрдэнэ сумын Ойжуулалтын талбайн ахлагчийн бага хүүхэд нь зүрхний цооролтой төрсөн. Яаралтай хагалгаа хийхгүй бол  амьдрах магадлал багатай гээд Солонгос руу яаралтай явуулж бүтэн 2 сар гэр бүлээр нь Солонгост байлгаж, хүүхдийг эмчлүүлсэн. Солонгос дахь төвийнхөн маань яавал 100 хувь үнэ төлбөргүй  хийх боломжтой байна вэ гэдэгт анхаарал хандуулсан. Ирээд энэ төвдөө сар шахам амьдарч байгаад буцсан. Энэ мэт олон ажил хийгддэг. 

Нөгөө талаар бид бүхэн 100 хувь гаднаас хөрөнгө оруулалттай байгууллага. Тэндээс 100 хувь хөрөнгө оруулалт харахаас гадна тодорхой хэмжээний  ажлыг хийхийн тулд Монголдоо хүмүүс, байгууллагуудыг татан оролцуулж үзье гээд хандивийн арга хэмжээг 2016 онд зохион байгуулсан. Айхтар амжилтыг олоогүй л дээ. Гэхдээ бид байнга манайд хандив өгөөч, оролцооч гээд яваагүй.

Хүмүүс сайн дураараа хандив өгдөг. Тухайлбал, 100 айлд портероор ачаа зөөдөг нэг залуу бий. 10 жилийн өмнөөс бидэнд анх ачаа зөөж тусалж байсан. Тэр залуу бидний ажлын талаар бүгдийг мэддэг, бүх ойжуулалтын талбайг маань ч мэддэг. Бид “Шилдэг хамтрагч 2016” шагнал гардуулсан байгаа. Одоо ч портероо барьж байгаа. Дундговь аймгийн ойжуулалтын талбайн ажилчдад хоёр хайрцаг гутал хандивлаж байсан.

Тэнд өнөөдөр ямар хүмүүс ажилладаг, ажлын нөхцөл нь ямар гэдгийг маш сайн мэддэг учраас говийн бүсийн ойжуулалтын талбайн ажилчдад тусалж байсан. Одоо ч жилдээ нэг удаа гэр бүлийн хандив өгдөг. Ихэнх хандивлагч нар маань дандаа бидний л гэр бүлийнхэн байдаг. Энэ жил бидний ажлын зорилтод дотоодын хандивлагчийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар зорьж байгаа.

 

Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй ажиллагаанаас болоод хоёр байгууллага шүүхээр явдаг болчихлоо

 

-Төв аймгийн Эрдэнэ суманд та бүхний ойжуулалт хийсэн талбайн газартай холбоотой маргаан үүсээд байгаа талаар мэдээлэл гараад буй. Энэ талаар тодруулж өгөөч. Газрын маргаантай асуудал хэзээ эхэлсэн юм бэ?

-Төв аймгийн Эрдэнэ сумын ойжуулалтын талбай маань анх 2009 онд байгуулагдсан. Анх газар ашиглах зөвшөөрлийг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас авсан. 10 жилийн хамтын ажиллагааны гэрээ хийснээр бид бүхэн 100 га газар 100 мянган мод тарина. Энэ маань элсний нүүдлийг зогсоох жишиг  загвар болох юм гээд бид бүхэн Тамгын газрынхантай ярилцаж зөвшилцөж, газраа сонгосон. Бид бүгдийн зүгээс уг саналыг гаргасан байгаа.

2009 онд анх тэнд элсний 40 гаруй карьер байсан. Яг тодорхой хэмжээний ойжуулалт хийсэн нэг ч компани байхгүй. Өнөөдөр тэр газарт яваад үзэхэд ойжуулалт хийсэн газар ер нь байхгүй. 100-200 ширхэг мод тарьсан ганц нэг компани бий. Тэд өөрийн компаний барилгын гадаа л мод тарьсан байгаа. Налайх дүүргийн Гордокоос цааш манай ойжуулалтын талбайг очиж харвал эргүүлээд хаячихсан  талбай, элс олборлож байгаа олон том техникүүдийн дунд байж байгаа. Тийм л дүр төрхтэй газрыг манайх сонгосон.

Яагаад гэвэл яг тэр газар нь өөрөө “Элстэйн 100 мод” нэртэй хэсэгхэн шилмүүст модтой түүхэн дурсгалт газар. Тэнд Монголынхоо газар шороог хармалж, хамгаалж, Галдан бошигт Энх –Амгалан хаантай байлдаж явсан гэдэг. Галдан бошигтыг хамгаалж Ану хатан амиа өгсөн газар. Яг тэр тулаан болсон түүхэн дурсгалтай газар хэдий ч одоо элсний карьер болсон талбайд 100-хан га газрыг нь ойжуулсан.

 Тухайн үед биднийг газар авахад юу ч хийгдээгүй байсан. Зам дөнгөж тавигдсан учраас ойр орчим нь дүүрэн машин зам байсан. Хүн харахын эцэсгүй дүүрэн элсний карьер болгон ашиглачихсан учраас түмэн машин явсан замуудтай. Харин манайх тэр газарт хашаалчихсан зун яваад очвол хашааны гаднах орчин, доторх байдал хоёр эрс тэс харагдана.

2009 онд бид ажлаа эхлэх үед Чингисийн хөшөө баригдаад ашиглалтад орж байсан, аялал жуулчлалын түүхэн дурсгалтай газар. Гэвч элсний карьертай учраас элсний нүүдэл ихтэй газарт нь бид ойжуулалтын ажлаа хийхээр сонгосон.  Биднийг тэнд ойжуулалтын ажлыг эхэлж байх явцад “Монгол  стандарт” гээд ашигт малтмалтай газруудад хайгуул хийдэг компани компани Ашигт малтмалын газраас “Х” лиценз авсан юм билээ. Тэд гол нь Налайхаас газар авсан байдаг.

Гол асуудал нь хоёр байгууллага өөр, өөр газраас нэг онд, нэг байршилд газар авсан юм билээ. Зөвшөөрөл авсан цаг хугацаа нь ч ойролцоо. Тэд маань ямар нэгэн тэмдэглэгээ юу ч хийгээгүй байсан учраас бид мэдээгүй. Эрдэнэ сумаас газраа аваад үйл ажиллагааг эхлүүлсэн. Биднийг дөнгөж хашаалаад байж байхад “Монгол Стандарт” компанийн зүгээс ирж ямарваа нэгэн асуудал үүсгээгүй.

Тог цахилгаан татаж байхад ч гарч ирээгүй. Бид дараа нь хоёр ч худаг хийчихсэн байхдаа “Монгол стандарт” компанитай давхацсан газар гэдгийг мэдсэн. “Монгол стандарт”-ынхан  биднийг үйл ажиллагаа эрхлэхээр хашаалаад эхлэхэд л мэдэгдэж болох байсан. Хоёр талд давхацсан газар олголт хийгдсэнийг мэдээгүй бид үйл ажиллагаагаа эхлүүлээд 2 жил шахам болчихсон. Эхний жил бүтээн байгуулалтын ажил хийж, намар нь бид харуулаа буулгасан.

Малтай, гэртэй айл очиж өвөлжөөд 4 сараас газар гэсэнгүүт  бид хашааны ажлаа эхэлсэн. Сарын дотор 100 га газар хашаалсан. Хэн ч ямар ч хүн тэнд  ажил өрнөөд байгааг харахаар л байсан. 40 гаруй  ААН элсний олборлолт хийж байсан шүү дээ. Бид бүгдийг харж л байсан. Хашаа татаад, худгийн ажил хийгээд тэнд бүтээн байгуулалтын ажил ид өрнөөд 2 жил бужигнахад ямар нэгэн асубудал гараагүй.

Хамгийн анх 2011 оны сүүлээр талбайн ажил дуусч амарчихсан байх үед л хоёр зөвшөөрөл авсан кадастр давхцсанаа мэдсэн. Ямар нэгэн тэмдэглэгээ байгаагүй учраас мэдэх арга байгаагүй. Энэ газрыг яагаад хоёулаа хоёр талаас өгчихөв гэдэг нь өөрөө асуудал. Энэ асуудлаа хөөгөөд явбал Хилийн бүсийн маргаантай газар юм билээ. Төв аймгийн Эрдэнэ сумын газар байсныг 80 –аад оны үед тухайн үеийн тогтоолоор Налайх дүүргийн хил рүү оруулсан байдаг.

Гэхдээ энэ тогтоолыг Эрдэнэ сумынхан хүлээн зөвшөөрдөггүй юм билээ. Учир нь  шинэ захирамж гарахад өмнөх тогтоолоо хүчингүй болгож байж шинэ тогтоол хүчин төгөлдөр болно. Хамгийн харамсалтай нь хилийн цэсийн маргаантай орон нутаг дээр төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй ажиллагаанаас болоод хоёр байгууллага нэг кадастр дээр газрын асуудлаар шүүхээр явдаг болчихлоо. Гэхдээ манайхан 2009 оноос өнөөдрийг хүртэл 7 жил ойжуулалтын ажлыг амжилттай хийгээд явж байна.

-Элсний нүүдлийг хэр багасгасан бэ?

-Тэр газар маань суурин сум, орон нутаг байсан бол тодорхой мэдэгдэх байсан. Хашаан дотор бол 100 хувь мэдэгдэж байгаа. Мод тарьчихсан ургамал зүйл төрөл маань нэмэгдсэн. Гадаа нь элс олборлоод байгаа болохоор эрс тэс харагдана. Өнөөдрийг хүртэл бид амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж, ургалт 80 хувиас буухгүй байна. 2017 онд яах аргагүй гантай байсан учраас бага зэрэг буусан ч байгууллагын журмаар 70 хувиас буулгахгүй хэмээн намрын нөхөн тариалалтаар 9 мянга гаруй мод тарьсан. 100 мянган модоо тарьчихаад байнгын нөхөн тариалалт хийж ирсэн.

 

Бид хууль бус аргаар газар аваагүй учраас ойгоо хамгаалж эцсээ хүртэл тэмцэнэ

 

-Мэдээж хуулийн байгууллага маргааныг эцэслэх ч гэлээ та бүхний хөдөлмөрлөж бий болгосон ой цөлжилтийг бууруулахад чиглэсэн бодит ажил, бас баялаг. Одоо цаашид яах вэ?

-Энэ асуудалд манай өмгөөлөгч тодорхой хэлнэ л дээ. Бидний зүгээс буюу шүүхийн шатанд анхных дээр ялсан байдаг. Үүнээс хойш 2 удаа ялагдсан. Тэгэхдээ бид өнөөдрийг хүртэл хийсэн тэр их бүтээн байгуулалт болсон олон модод, тарихад оролцсон оюутан залуус, сайн дурын ажилтнууд, орон нутгийн иргэд, Улаанбаатар хотын хэд хэдэн байгууллагын ажилчдын гар бие оролцсон бүтээлийг элсний талбайгаар сольчихмооргүй байна.

Өнөөдрийн бүтээн байгуулалт бүхэн гадны 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил. Гадны хөрөнгө оруулалт дундаа БНСУ-ын Сувон хотын төрийн албан хаагчид буюу тухайн хотын иргэдийн татварын мөнгөөс бид бүхэн хандив олж ирээд энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Төв маань энэ хандивийг  зохион байгуулж, санхүүжилт олж ирээд ойжуулалт хийдэг. Энэ хандивийг нь аваад манай улсад ойжуулалтын ажил хийлгэж байгаа итгэлийг хөсөрдүүлэх болоод байна.

Энэ ажилд гар бие оролцсон бүх хүмүүс ийм асуудалд үүссэнд маш харамсаж байгаагаа илэрхийлж, ойжуулсан талбайгаа хамгаалья гэсэн байр суурин дээр байгаа. “Ногоон Ази сүлжээ” ТББ өнөөдөр хууль бус аргаар газар аваад хууль бусаар  үйл ажиллагаа явуулаагүй учраас бид энэ газраа, ойгоо хамгаалж эцсээ хүртэл тэмцэнэ. Орон нутгийн иргэд, талбайн ажилчид гэхэд сум орон нутгаасаа зайтай газар, гэрээрээ нүүж очоод суурин 7 жил тэндээ ажиллаж амьдарчихсан.

Суурин газар очих газаргүй, тэр талбайдаа амьдарч байгаа 30 ажилтан, тэдний гэр бүлийн хүмүүс хаачихав. Амьдрал нь хаашаа шийдэгдэхэв. Бид бусад талбай шигээ нөхөрлөл хоршоо байгуулаад цаашаа авч яваад аюулгүй,насаараа ажиллах ажлын байртай, тэтгэвэрт гарлаа гэж айхгүй өөрийн хөдөлмөрлөх газартай үлдэх ёстой. Гэтэл энэ маань хэний буруугаар ийм болчихов. Бид хаа ч байсан хамгаална. Явна. Өнөөдөр ийм л байдалтай байна.

Хамгийн гол нь санхүүжүүлэгч Сувон хотын иргэдийн итгэлийг алдах гээд байна. Ийм ажил хийнэ гэж амжилттайгаар төслөө үргэлжүүлж ирсэн ч одоо итгэлийг алдах гээд байна. Сувон хотын иргэдийн итгэлийг алдвал бусад санхүүжилт авдаг талбайнуудын үйл ажиллагаа зогсвол яана. Хамгийн сүүлийн отгон талбай болох Төв аймгийн Аргалант сум буюу хуучнаар Нөхөрлөл сангийн аж ахуй дээр 100 га талбайг хашаалчихаад ойжуулалтын ажил дөнгөж л хийж байна.

Энэ маань Сөүл хотын ИТХ-ын хандиваар хэрэгжиж байгаа төсөл. Сөүл хот дахь төв маань томоохон хандивыг зохион байгуулаад уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтэд ямар аюулыг авчраад байна. Бид бүхэн нийгмийн хариуцлагын хүрээнд, НҮБ-д бүртгэлтэй улс орны хувьд,  хөгжингүй орны учраас бидний хариуцлага эх дэлхийгээ хамгаалах гэж хэлээд санхүүжилтийг шийдэж байгаа.

Бид өнөөдөр хөгжиж буй орон эдийн засаг санхүүгийнхаа хувьд яг байгаль орчин руугаа чиглдэсэн  томоохон ажлуудыг хийх боломжтой. Энд ингээд цөлжөөд байна.Говийн бүс гэвэл Дундговь аймгийн ойжуулалт гэх зэргээр томоохон далайцтай ажлуудыг танилцуулж, хандивийн ажил өрнүүлж байгаа.

Солонгосоос Монгол Улсын байгаль орчныг хамгаалахын тулд өгч байгаа хандив. Тэгвэл энэ  үйл ажиллагааг дэмжих ёстой байгууллага нь БОАЖЯ. Бид энэ яамтай 2009 онд ан хамтарч ажиллаж байсан. Одо хүртэл хамтарч  ажиллаж быайгаа. Энэ газрын асуудлыг салбарын сайдад тусалж дэмжээч ээ гээд санал хүслэтээ илгээсэн. Ажлын хэсэг гаргаад явж байна гэсэн мэдэгдэл бидэнд өгсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд мэдээлэл гаргасан “My Club” нь зөвхөн Эрдэнэ суманд ажилладаг сайн дурын иргэд. Тэдний нийгэмд хүчтэй дуу хоолой болон мэдэгдсэний учир нь сайн дурын ажил хийхийн тулд автобус хөлсөлж,  залуусыг авчираад их бага хэмжээгээр хөрөнгө мөнгө гаргаж байсан. Бид нар газрын асуудал эсрэг шийдэгдэх юм бол сайн дурын ажилтан, оюутан залуустай суулт зарлахад бэлэн байна гэдгээ мэдэгдсэн байдалтай л байна.

-Баярлалаа. Та бүхний хийж хэрэгжүүлж буй олон хүний итгэл, сэтгэл шингэсэн буянтай ажил нь улам ихээр дэлгэрч, дэвжихийн ерөөл өргөе.

/Ийнхүү ярилцсанаа дараа З.Төмөрсүх эгч маань Сургалтын төвийн барилгынхаа булан тохойгүй танилцуулсан юм. Эрэгтэй эмэгтэй , хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ариун цэврийн өрөө, 64 хүн нэг дор хүлээн авч байрлуулах дотуур байр, хурлын өрөө, сургалтын танхимууд, бүрэн тохижуулсан гал тогоотой, эрэгтэй эмэгтэй душ, угаалга хийх өрөө, оффисын өрөө зэргээс бүрдсэн ая тухтай орчинг бүрдүүлж чаджээ. Хүнийн ая тухтай ажиллах боломжийг бүрдүүлж, хйиж байгаа ажлаа  төгс хийж байж түүнийх нь үр шимийг хүртэж чаддагийн бодит жишээг тэд харуулж Дамбадаржаагийн эцэст 2018 оны ажлаа төлөвлөн сууна. Харин тэдний хийж байгаа ажил цаашид хэрхэн үргэлжлэхийг Төв аймгийн Эрдэнэ суманд байгуулсан 100 га газрын маргаан шийдэх гэнэ. Мэдээж нэг л төсөл нь мэт харагдавч маш олон хүний итгэл сэтгэл шингэсэн уг ажлыг үгүйсгэж, 100 мянган моддыг газрын хөрснөөс хуу татах шийдвэр шүүхийн шийдвэр гарахгүй гэдэгт итгэж байна гэсээр тэд үлдсэн билээ./

Ярилцсан: П.Нарандэлгэр

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд