Д.Гүрсэд: Өнөөдөр суурьшмал газрын хүүхдүүд их олон юмнаас холдож байна

Уншсан тоо: 11,594

"Мандухай сэцэн хатан", "Саруул талын ерөөл", "Говийн зэрэглээ", "Их авхай", "Ширүүн тулааны өмнө", "Унаган хайр", "Төрийн сүлд өршөө" гээд 150 гаруй дэлгэцийн болон театрын уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн түүний "Саруул талын ерөөл" киноны их зохиолч Д.Нацагдоржийн дүр нь их эрхэм санагддаг билээ. Дэлгэцийн урлагт олон сайхан дүрээ мөнхөлсөн тэрбээр нэг хэсэгтээ кино урлагаас холдсон юм.

 Энэ хугацаанд тэрбээр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт, “Сэлэнгийн долгио” чуулгад найруулагчааар ажиллаж байсан аж. Сүүлийн жилүүдэд дэлгэцийн болон телевизийн олон ангит кинонд ухаарал хайрласан өвгөн буурлын дүрд тоглон үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж яваа Монгол Улсын гавъяат жүжигчин Далхсүрэнгийн Гүрсэд гуайтай уулзаж ярилцсан юм. Таалан болгооно уу. 

“Цэцэн юм шиг тэнэг” дүр төрхийг харахаас дургүй хүрдэг

 

-Юуны өмнө танд Монгол Улсын Хүүхэлдэйн театрын 70 жилийн ойн мэндийг хүргэе. Та Хүүхэлдэйн театрт хэдэн онд ажиллаж байв. Мөн урлагт хөл тавьсан түүхээсээ хуваалцаач?

-Баярлалаа. Хүүхэлдэйн театртай миний ажил амьдралын 10 жил холбоотой байсан юм. 1988 онд “Мандухай сэцэн хатан” киноны ажил дуусч 1989 онд Соёлын яамны томилолтоор Хүүхэлдэйн театрт найруулагч, жүжигчинээр анх очиж байлаа. 1998 он хүртэл туслах найруулагч, жүжигчинээр ажиллаж байгаад 1998 онд  Соёлын яамны томилолтоор “Сэлэнгийн долгио” чуулгын найруулагчаар очсон. “Сэлэнгийн долгио” чуулгын дарга байсан н.Буян-Орших “Гүрээ ах манайд очиж нэг ажиллаж өгөөч” гэсэн хүсэлт тавиад, тэгээд л тухайн үеийн Соёлын яамны сайд Н.Энхбаяр /ерөнхийлөгч асан/ -ын гарын үсэгтэй томилолтын хуудсаар тэр сайхан нутагт очиж 12 жил ажилласан.

 Урлагт хөл тавьсан түүх гэвэл 1969 онд Цэргийн албанд байхдаа гитардаад дуулчихдаг, шүлэг уншчихдаг байлаа. Цэргээс халагдаж ирээд Толгойтын 2-р цахилгаан станцад ажиллаж байсан чинь ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, алдарт жүжигчин Латиф, нэрт алиалагч Д.Энхээ нар урлагийн үзлэг хийхээр ирэхдээ “Гүрээ чи кино драмын ангид шалгалт өг” гэж хэлсэн.  Сүүлд  нь 1976 онд УБИС-ийн кино драмын ангид элсэлт өгч байхад 600 гаруй хүүхдээс тавд шалгарч үлдсэн. 

 Одоогийн Гавъяат жүжигчин С.Сарантуяа, “Говийн зэрэглээ” киноны захирал Хашхүүгийн дүрд тоглодог н.Эрдэнэтогтох, түүний эхнэр н.Долгорсүрэн, Эрдэнэжав бид хэд тэнцсэн. Тавуул УБДС-д орж Ардын жүжигчин доктор, профессор н.Мөнхдорж гэдэг хүний гараар өлгийдүүлж төгссөн. Ер нь Монголын бүх л мэргэжлийн урлагийн байгууллагуудад өнөөдрийг хүртэл томилолтоор ажиллаж хоолтойгоо, амьдралтайгаа явж байна.

 Хүүхэлдэйн театрын хувьд хүүхдэд зориулсан уран бүтээл хийдэг газар шиг өнөөгийн хүмүүс ойлгоод байх шиг санагддаг. Үнэн чанартаа Хүүхэлдэйн театр том хүнд ч, хүүхдэд ч зориулсан уран бүтээл тоглодог Мэргэжлийн урлагийн байгууллагын нэг том биеэ даасан төрөл жанр, урлаг. ОХУ-д гэхэд Образцовын театр гээд томчуудад ч, хүүхдүүд ч тоглодог театр байна. Буриадад ч Хүүхэлдэйн театр нь мэргэжлийн бие даасан том урлаг болоод хөгжиж явна.

 Хүүхэлдэйн театрын уран бүтээлийн хийц жанр нь хэтрүүлэл ба ёгтлол гэдэг зарчмаар янз бүрийн амьтнаар, хүнээр, хүүхэлдэйн олон төрлөөр уран бүтээл болгон үзэгчдэд хүргэж    туурвидаг том салбар. Хүүхэлдэйн театр 1947 онд байгуулагдсан цагаас Монголын үзэгчдэд тэр тусмаа Социализмын үед уран бүтээлээ илүү ихээр туурвиж байж.

 Тухайн үеийн нийгмийн амьдралыг үзэл сурталын, нэг намын дарангуйлалын үе гэж ярьдаг ч гэсэн тэр үед Монголын үзэгчдийг хүмүүжүүлэх үйл хэрэгтээ тодорхой амжилт олж байсан. Тухайн үеийн  Хүүхэлдэйн театраас төрж гарсан Монгол телевизэд ажиллаж байсан Чойжамц гуай, зохиолч Надмид, Монгол кино үйлдвэрт ажиллаж байсан Дамдинбазар гуай гээд Монгол улсын нэртэй, алдартай жүжигчид ч цөөнгүй бий.

 Харамсалтай нь зах зээлийн нийгэмд шилжсэнээр Монгол орны нийгмийн байгуулалт өөрчлөгдөн шилжих энэ хугацаанд Монголын соёл урлаг бүтнээрээ хаягдсан гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр хоолоо олж идэх үү, урлагийн хөгжлийн төлөө хүчин зүтгэх үү гэж олон хүн оюун ухаанаа гашилгаж, их урлагийн төлөө, нийгмийн төлөө өөрийгөө золиослон ажиллаж амьдарч, үзэгчиддээ оюуны таашаал өгч явна. 

 Хүүхэлдэйн театрын дийлэнх уран бүтээл хүүхдэд зориулагддаг учраас хүүхдийн оюун санааны ертөнц, тэдний хэрэгцээг энэ театрын уран бүтээлчид маш сайн мэдэрдэг. 3-4 настай, 5-6 настай, 7-9 настай, 10-13 хүртэлх насны хүүхдийн анхаарал яаж төвлөрдөг вэ гэдгийг ч анддаггүй. Хамгийн гол нь тухайн уран бүтээлээр хүүхдэд яаж гоо сайхны хүмүүжил олгох вэ гэдэг асуудал нь эрдэм шинжилгээний лабораторийн хэмжээнд ажилладаг учиртай. Гэвч зах зээл эхэлсэнээс хойш төр засгийн удирдлагад байгаа урлаг удирдсан “малнууд” юу ч мэддэггүй гэдгээ баталлаа. Би “малнууд” гэж хэлмээр байна. 

 -Арай л хатуу хэлэв үү?

 -Яагаад ингэж хэлэв. Монгол Улс шиг урлагаа хөсөр хаясан улс орон энэ дэлхийд байхгүй. Орос гэхэд “Престройко”-Өөрчлөн байгуулалтаас үүдсэн шилжилтийн үед жаахан  ядарч явсан ч гэсэн өнөөдөр урлагийнхаа бүх төрлийг төрөөсөө санхүүжүүлдэг. Төрөөсөө уран бүтээлчдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхэд бүх л анхаарлаа тавьж байна. Мосфильм 90- ээд онд уналталд орсон ч өнөөдөр тайз, тоглолтын павильон ямар сайхан болсон байна. Гэтэл Монголын кино үйлдвэрийн хоёр павильон ямар янзтай харагдаж байна.

 Зах зээлийн шилжилтийн үед хүүхдийн гэсэн тодотголтой бүгдийг булааж, энэ луйварчид хувааж идсэн гэж би хэлнэ. Хүүхдийн нэртэй  кино театр хүртэл байсан. Одоо бүгдийг нь хувьчлаад авчихсан. Ингээд бодохоор Монголын төр засгийн эрхэнд байсан нөхдүүд гадны бүхнийг сайн гэж худлаа хуулбарлан дууриаж ярьдагт нь өнөөдөр тэдний “Цэцэн юм шиг тэнэг” дүр төрхийг харахаас миний дургүй хүрдэг. 

 Монгол Улсын гэх тодотголтой гурван том театр нэг гэрт амьдарч байна

 

-Тэгтэл одооны хүүхдүүд буруу хүмүүжээд байна гэж ярьдаг шүү дээ?

-Тиймээ. Төрийн бодлогоор хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд анхаараагүй байж өнөөдөр хүүхдүүд хүмүүжилгүй байна. Хүүхдүүд хар тамхины асуудалд орж байна. Хүүхдүүд гэр бүлээсээ дайжиж байна гэх юм. Энэ бүхэн төрийн бодлоготой салшгүй холбоотой. Мөн хүүхдийн урлагийн байгууллагын нэг том газрыг Нямгаваа гэдэг луйварчин идээд, зараад бүхэл бүтэн театрын хувь заяаг алга болгосон. Энэ бүхэнд би сэтгэл эмзэглэж дотор харанхуйлж явдаг.

 Миний яриад байгаа сэтгэл эмзэглүүлсэн энэ асуудлын тод томруун жишээ нь Монгол Улсын гэх тодотголтой гурван том театр нэг гэрт амьдарч байна. Нүүр гараа угаадаг хатавчинд нь Хүүхэлдэйн театр, баруун талынх нь нэг орон зайд Улсын  ардын дуу бүжгийн чуулга буюу одоо театр гээд том нэртэй болгочихлоо. Худлаа нэр хаяг өгөхөөс өөрөөр энэ байгууллагуудыг өөрийн гэсэн бие даасан орон байраар хангах, мэргэжлийн боловсон хүчнийг нь нэмэгдүүлж тогтвор суурьшилтай ажлуулах цаг болсон.

 Энэ гурван театрын жүжигчид дэлхийд Монгол Улсын нүүрийг тахалж байгаа гэдгийг мартаад байна. Монголын урлагаар тоглож байгаа энэ үе үеийн төрийн удирдлагуудтай би эвлэрдэггүй. Тэгэхэд өнөөдөр Улсын ардын  дуу бүжгийн чуулга, Улсын драмын эрдмийн театр, Монголы Улсын Хүүхэлдэйн театр  бүгд бие даасан байгууллагууд. Энэ гурвыг гурван тийш нь салгаад өөр өөрийн орон байртай болгочихьё гэж бодож, санаж сэтгэж байгаа хүн нэг ч алга. Энэ байгууллагуудын төлөө сэтгэл зүрхээ өгсөн нийслэлийн үе үеийн Засаг дарга нар байна уу? Үе Үеийн төр засгийн тэргүүнүүд бодлогын хэмжээнд хийж байгаа юм байна уу.

 -Өмнөх нийгмийн тогтолцооны үед хэрхэн анхаардаг байсан юм бэ?

-1920-1990 он хүртэл буюу Социализм гээд муу хэлээд байдаг он жилүүдэд тухайн үеийн төрийн тэргүүнүүд мэргэжлийн урлагийн  байгууллагууд чинь ийм хүндтэй шүү гэж анхаарлаа хандуулж Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрыг 1963 онд ашиглалтад оруулсан. Улсын Филармонийг тусад нь гаргасан. Хөгжим бүжгийн дунд сургуулийг тусад нь хөгжүүлсэн.

 Энэ бол Монгол Улсын, Монгол хүний дэлхийд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх нэг боломж. Тэр урлагийн байгууллагын хүмүүсээр дамжуулан Монголчууд ямар хувцас хунартай, орон байртай, хоол ундтай, үзэл бодолтой вэ гэдгийг уран бүтээлд нь шингээж болдог гэдгийг тухайн үедээ ойлгож мэдэрсэн. Монголын мэргэжлийн урлагийг хөгжүүлэхэд муу хэлээд байдаг орос мэргэжилтнүүд нойр хоолгүй яаж хүчин зүтгэж ирсэнийг манай ахмад үеийнхэн мэднэ. Бид ч мартаагүй.

Гэтэл Хүүхэд Залуучдуудын театр гэдэг тэр том байгууллага алга болсоноор өнөөдөр дунд ангийн болоод ахлах ангийн хүүхэд очоод жүжиг үзэх газар алга. Драмын театр өөрийнхөө тоглолтоос илүү гарахгүй, хааяа хажуугаар нь ганц нэг хүүхдийн жүжиг тавиад тэр орон зайг нөхөх гээд л хичээж явна. 

“Өмнөх үеэ гар буугаар буудвал, хойч үедээ их буугаар буудуулна”

 

-Монгол Улс 0-14 насны 900 мянга гаруй хүүхэдтэй гэтэл Хүүхэлдэйн ганц театр нь ердөө 166-хан сандалтай байгаа нь үнэхээр гомдолтой санагдаж байсан шүү?

-Өнөөдөр Хүүхэлдэйн  театрт амьгүй “сүг”-ийг жүжигчин өөрөөрөө шүншиглүүлж, амьдруулж, хүүхдүүдэд үнэмшүүлдэг. Энэ театр өнөөдөр өрөвдмөөр хойд эхийн гар харсан хүн шиг. Энэ өнөөгийн гудамжинд хонгилд хөөгдөөд гарчихсан хүүхдүүд шиг байгаад ахмад уран бүтээлчийн  хувьд сэтгэл өвддөг. Тэгээд энийг хэлж яриад ч ёстой нөгөө “Саваагүй нохой саранд хуцав” гэдэг шиг л болох байх даа.

 Өнөөдөр манай улсад аялал жуулчлалаар ирж байгаа гадаад хүмүүс Улсын ардын дуу бүжгийн чуулга,  Түмэн эх чуулга, Сонгодог урлагийг сонирхож, хөдөө гадаа ганц нэг явж, гар урлал хатгамал энэ тэрхэнээр манай улсыг төсөөлөөд, үзээд явж байна. Харамсалтай нь  улс орныг соёлоор нь, урлагаар нь бөхөөж хаях юм бол тэр улс орон  өөрийн гэсэн мөн чанараа алддаг. Тэгтэл Монгол киногоо хар.  Бор зүрхээрээ зүтгэсэн хэдэн залуучууд өнөөдөр Монголын киноны түүчээлэх ажлынх нь хажуугаар алдаж байгаа нь ч их байна.

 Улс орны дараагийн эзэд болсон өсвөр үе, шилжилтийн насны хүүхдүүдэд үзүүлэх юмгүй болж байна. Монголд өнөөдөр тийм бодлого байна уу. Соёл хариуцсан яам нь юу хийж байна. Соёлын яам энэ бүхнийг зангидаж авч явдаг. Монголыг биет болоод биет бус өвийг жинхэнэ хайрлаж хамгаалж, тордож байсан яамыг устгаад Монголын урлагийг элгээр нь хэвтүүлсэн байдлыг анхааралдаа авч “Өнөөгийн төр засгийнхан, сэрээч ээ”  гэж хэлмээр санагдах юм.

 Хүүхэлдэйн  театр өнөөдөр 70 жил болсон.  Гэтэл 1947 оноос хүүхдэд үзүүлж байсан “кукол”-ууд нь хадгалах байр савгүйгээс устаж үгүй болоод өөрийн гэсэн түүхгүй болж байна. Энэ бол эмгэнэл. “Өмнөх үеэ гар буугаар буудвал, хойч үедээ их буугаар буудуулна” гэдэг болох нь. Энэ үе үеийн төр засгийн хариуцлагагүй нөхдүүд хэзээ нэгэн цагт  шийтгэлээ амсана. Тэгэхдээ амсах амсахдаа чангахан амсуулах болов уу гэж боддог. Монголын ард түмэн, үр  хүүхдийн ирээдүйг устгаж, биднийг үзэх харах юмгүй болгосон та нар өнөөдөр юугаа гайхуулж, өөрсдийгөө магтуулах гээд байдаг юм.

 Шүүгдэх цаг ирнэ гэдэгт итгэлтэй явдаг. Өнөөдөр Хүүхэлдэйн театрт ажиллаж байсан ахмад уран бүтээлчид бидэнд нийгмээс төрөөс харж хандаж байгаа хайр халамж байна уу. МУГЖ Пэрэнлэй, Чимэддорж, Алтанцэцэг, Алимаа гээд яриад байвал олон уран бүтээлчдийг би нэрлэж чадна. Өнөөдөр энэ хүмүүсийн маргаашдаа итгэх итгэл алга. Цөхрөнгөө барсан  өрөвдөлтэй хувь заяа үргэлжилж байна. Монголын хүүхэлдэйн театрыг зах зээлийн үед арай л дэндүү өрөвдмөөр болгож, арга ядаад нэг багт хүүхэлдэй, драмын хэлбэрээр л үзэгч хүүхдүүддээ тоглож байна.

 Хүүхэлдэйн театрт чинь хуруун хүүхэлдэй, таягт хүүхэлдэй, утсан хүүхэлдэй, сүүдэр хүүхэлдэй  гээд олон төрөл жанруудтай. Түүнийг хийх арга байхгүй, гэрэл техник ч алга. Өнөөдөр бид 20 дугаар зуунд овоо өсөж өндийж байсан театрын нэгэн урлагийг бараг байхгүйтэй адил болгочихсон байна. Мэргэжлийн конструктор, зураач, бармалчин, оёдолчин  байхгүй. Тэр бүгдийг нь нэг хүн хариуцаад хүч нь хүрэхгүй л явж байна. Ингэхээр чинь яаж хөгжих юм.

 Монголын хүүхэлдэйн театр Олон улсын хүүхэлдэйчдын Унима гэдэг байгууллагын гишүүнээр элссэн. Өнөөдөр тэрнийхээ татварыг төлж чадахгүй явна. Гэхдээ бид зовлон тоочилгүй театрын 70 жилийг тэмдэглэх гэж байна. Урьд  өмнө нь тоглож байсан ахмад уран бүтээлчдийг оролцуулж, хүүхэлдэйн урлаг Монголд 70 жил хөгжсөн. Их түүхийг өгүүлэх уламжлалтай театр шүү гэдгийг үзэгч олондоо харуулах гэж Гала тоглолт хийх гэж байна. Манай Хүүхэлдэйн театрын захирал н.Нямлхагва зориглон барьж авсан. Энэ тоглолтыг хийж байгаад ахмад уран бүтээлчийн хувиас маш их баярлаж байгаа.

 Баярлахын зэрэгцээ бид энэ тоглолтод оролцож, тэр үеийн уран бүтээлүүдээс болон хувийн номеруудаа өнөөдрийн уран бүтээлчидтэйгээ хамтраад том шоу хийнэ. Энэ тоглолт бол миний үеийн болоод надаас доош үр хүүхдээ хөтлөөд ирж үзэж байсан тэр үзэгчдэд өөрсдийнх нь бага насных нь мартагдашгүй сайхан дурсамжийг эргүүлэн авчирч өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байна. Мөн төр засгийн өнөөгийн удирдлагууд Хүүхэлдэйн театрын хөгжилд хувь нэмрээ оруулах, анхаарлаа хандуулах хүсэл сэдлийг төрүүлэх болов уу.

 8-10 ангийн хүүхдүүд гудамжинд гал гуйгаад зогсож байна. 

Энэ чинь мөхөл рүүгээ явж байгаагийн шинж

 

-Дэлхий урлагаар хүнийг хүмүүжүүлж байна.  Харин манайд урлагийг бор зүрхээрээ хөгжиг гээд тоохгүй яваад байвал ирээдүйд биднийг юу хүлээж байх бол?

-“Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил” гэдэг шиг өнөөдөр өсч өндийж яваа хүүхдүүдийн оюун ухааныг компьютер, телевизор, гар утсаар хөгжүүлж, үзэх ухаарах юм багатай өсгөх нь үнэхээр аюултай. Хүүхэд өв уламжлал, ёс заншлаас хүндлэл ,ухаарал, өөртөө итгэх итгэл авдаг. Гэтэл хүүхдийн хүн байх хүмүүжлийн суурь муруй хазгай тавигдсанаас Монголын залуу үе ний нуугүй шударгаар хэлчихэд хайрлах энэрэх сэтгэлгүй, мөнгөний төлөө, луйврын араас явсан хүмүүс гарч ирэх аюул ойрхон байна.

 Хүн хүнээ хайрлах, эцэг эхээ дээдэлдэг, ахас ихэсээ хүндэлдэг ёс уламжлал хаачив. Өнөөдөр 8-10 ангийн хүүхдүүд хар тамхи, бие үнэлэлт гээд явж байна. Тэр ч бүү хэлд надаас гудамжинд гал гуйгаад зогсож байна. Энэ чинь мөхөл рүүгээ явж байгаагийн шинж. Хүн төрөлхтөний бүтээсэн оюуны гайхамшигт бүтээлээр хүүхдүүд маань өөрсдийгөө цэнэглэж, зөв хүн болон төлөвших ёстой атал төр засгаас хаалттай, харанхуй, бодлого нь тодорхой бус болохоор Монгол улсын ирээдүй хаашаа явахав. Энэ бүхэн ойлгомжтой.

 -Сүүлийн үед ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байна.

-Яг өнөөдрийн байдлаар кинонд тоглоогүй л байна. Өнгөрсөн жил Японы Францад амьдардаг нэг том найруулагчийн таван орны оператор, дууны инженер, жүжигчин уран бүтээлчдийг нэгтгэсэн Арт кинонд нэг өвгөний дүр бүтээлээ. Өвөр Монголын залуу уран бүтээлч Монголд ирж, эх эцгийн сайхан сэтгэл санааг үр хүүхэд нь өвөлж авч чадахгүй байна. Тиймээс залуусаа энэ асуудалд жаахан анхаараач ээ гэж байгаа нэг кинонд тоглолоо. Шанхайн кино фестифальд зориулсан жижиг хэмжээний  кино юм.

 “Сэлэнгийн долгио” чуулганаас ирсэнээс хойш сүүлийн жилүүдэд кино урлагтай их ойртож байна. 4-5 цуврал кинонд голдуу л өвгөний дүрд тоглолоо. “Хувь тавилангийн ээдрээ” 60 ангит кино Боловсрол ТВ ээр гарсанд оролцлоо. “Чоны алтан шагай”, “Замбуулин дуусах болоогүй” зэрэг кинонуудад орлоо. 

Өнөөдөр суурьшмал газрын хүүхдүүд их олон юмнаас холдож байна

 

-Урлагийн хүн үр хүүхэддээ цаг зав гаргах нь хомс байдаг. Нэг л мэдэхэд ач зээ нараа хараад гэртээ суух нас ирдэг бололтой?

-Миний хүүхдүүдийг өвөө эмээ нь ээлжилж хараад л, чаргууцалдах үедээ чаргууцалдаад кинонд дагуулж явдаг. 1 ойтой, 2 ойтой, 3 ойтой нөхдүүдийг аваад л явдаг байлаа. Залуу байхдаа өөрийн үр хүүхдэд цаг зав гаргаад, хараад байгаа юм шиг боловч  ач зээтэй болохоороо амьдралын утга учрыг арай өөрөөр хардаг, цаг зарцуулдаг болчихдог юм шиг байна. Нэг талаар энэ нь хүн төрөлхтөний ёс  юм л даа.

Гэхдээ Монгол хүний гэр бүлсэг, нүүдлийн ёс заншилаар үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн улс гүрэн дэлхийд байхгүй.  Тэгтэл өнөөдөр бид бүхэн уламжлалт мал аж ахуйгаас суурьшмал амьдралд шилжсэн нь хүмүүжлийг дутуу өгөөд байгаа санагддаг.  Хөдөө өссөн хүүхэд хорвоо ертөнцтэйгээ танилцаж байна. Хойд урд, баруун зүүн, дөрвөн зүг найман зовхисоо мэддэг болчихно. Жишээ нь, миний хүү хойшоо гараад хэдэн хурга, тугал эргүүлчих, зүүн талаас аргамж аваад ир гэх зэргээр хүүхэд ертөнцийн зүг чиг мэддэг болж байна. Малын зүс сайн тогтоож, цээж сайтай болоход нь, ой ухаанд нь бичигдээгүй тэр сургалтаар нөлөөлдөг. Ааруул, ээзгий, тос, айраг, сүү сааль гээд өнөөдөр суурьшмал газрын хүүхдүүд их олон юмнаас холдож байна. Нохой харчихаад хонь ч гэж магадгүй. Гэтэл тэрнийг нь хэлж өгөх ёстой Хүүхэлдэйн таетр нь бүрэн хүчин чадлаараа хангалттай, хүрэлцэхүйц ажиллах боломжгүй. Хөдөө орон нутагт бүр очиж ч чадахгүй, хөрөнгө мөнгөгүй хүмүүс яах юм.

 -Таныг Хүүхэлдэйн театрт ажилладаг байхад ямар байсан юм бэ?

 -Ерөнхий найруулагч Ж.Чойсүрэн урлагийн тогоондоо буцалдаг, хүүхдэд юу хэрэгтэй юм бэ гэдгийг мэддэг, мэдэрдэг байлаа. Тэгээд Б.Лхавасүрэнгийн зохиолууд, Алладины шидэт дэнлүү, Дэлхийн сонгодог  үлгэрүүд, Алтан загасны үлгэрийг тоглоно. Мөн танин мэдэхүйн чиглэлээр Үндэсний хөгжмийн дөрвөл гэж юу юм, Хөгжимчин ботго, Хүрэн морь гээд хүүхэлдэйн жүжгийг тоглодог байлаа. Тэр бүхэн нь хүүхдийн оюун ухаанд шингэсэн. Сайн сайхан бүтээлүүдийг мартуулахгүйн тулд  дараагийнх нь дүү нарт театрын хэлээр тоглож, ухаарал, хүмүүжил, мэдлэг олгож байсан тул 1970-1980 оны хүүхдүүд арай илүү боловсролтой, ах захаа хүндэлдэг боловсрол хүмүүжилтэй байгаа юм болов уу.

 Түүнчлэн хүүхдийн уран бүтээл гэлтгүй кино уран бүтээлүүд ч нийгмийн төлөө үзэл санаатай байсан. Тухайлбал, Төрийн шагналт, УГЗ Б.Балжинням найруулагчийн "Говийн зэрэглээ" кинон дээр Г.Доржсамбуу багш буюу Арслан онгоцноос “Би бууя аа” гэж орилоод “Энэ газар шорооноос би явчих юм бол сэтгэлдээ шархтай үлдэнэ. Тийм учраас би эндээс явахгүй ээ” гэж хэлдэг. Энэ киногоор говь гэдэг цөл биш, тэнд хүн амьдарч болдог, говьд бүхий л сайн сайхан зүйл байдаг юм, та нар говьдоо ирж ажилла, залуучууд хот руу сургуульд яваад буцахгүй байна. Хүн төрсөн газартаа байж, сайн сайхан амьдрах ёстой юм шүү гэсэн санаа л явж байгаа юм. 

Харин 1990 оноос тэр бүхэн байхгүй болсон. Энэ бүхнийг би цаашаа ярихыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл Ардчилал гэж цээжээ дэлдэж, бүх үйлдвэрүүдийг нь устгаж, гадны хараат болгосон төр засгийн удирдлагуудаас болоод Монгол орны ирээдүй, Монгол хүүхдүүдийн хувь заяа харанхуй болсон.

 
Хүн мөнх амьдардаггүй, бас мөнх эрх мэдэлтэй байдаггүй

 

-Хүүхдүүдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, үзэх юм бага болсноос л хүүхдүүд компьютер, гар утас, өөр бусад буруу зүйлд анхаарлаа хандуулаад байна. Тийм үү?  

-Тийм. Хуучин зурган мульт фильм хийдэг цех Монгол кино үйлдвэр дээр байлаа. Монгол телевиз мэргэжлийн мультфильмийн багтай байлаа. Тэр үед манай алдарт Цэвэгжавын охин Дашиймаа гэдэг бүсгүй байсан юм. Боролдой студи Монголын хүүхдүүдийн төлөө уран бүтээлээ туурвидаг байлаа. Харамсалтай нь Дашиймаа маань нэг их урт насалсангүй. Түүнтэй хамт Монголын хүүхдүүдэд үзүүлэх үлгэр байхгүй болсон. Үлгэрийг бэлддэг төр засгийн бодлого байхгүй болж, боловсон хүчингүй болсон. Урьд нь байсан бүхнээ үргэлжлүүлж,  залгамж халаа бэлтгэхэд анхаарал хандуулах л хэрэгтэй байна даа.

 Гэхдээ нэг чухал асуудал нь 1990 ээд оноос хойш, ялангуяа 2000 оноос хойш төрж байгаа хүүхдүүдийн юм хүлээж авах чадвар, оюуны чадамж ямар мундаг байна. Тэдний тархины сэтгэх хурд өндөр байгааг хүн бүр анзаарч, мэдэж байна. Тэднийг үндэсний өв уламжлалын сургалтаар төлөвшүүлэхгүй болсоноос л хар тамхи, бие үнэлэх зэрэг нийгмийн бузар булай бүхэнд өртөөд байна.

Өнөөдрийн нийгэмд  муу үйл хийж байгаа, зах зээл эхэлсэнээс хойш төр барьсан эрх мэдэлтэй нүгэлтнүүдийн хэргийг өнөөгийн хүүхдүүд шүүх цаг ирнэ. Нүүрээ бүлтэлзүүлээд ам нь ангалзаад шүүгдээд сууж байх цаг мөдхөн ирнэ. Хүн мөнх амьдардаггүй, бас мөнх эрх мэдэлтэй байдаггүй. Тиймээс энэ хүүхдүүдийн хувь заяаг зөв залуурдахад өвгөцүүл, ахмад уран бүтээлчид, дунд үеийнхэн зоригтой  дуугарч бодлого боловсруулж, ажиллах хэрэгтэй болоод байна.

Энэ төр засгийн үе үеийн удирдлагууд л Монгол Улсыг хохироочихлоо

 

 -Нийгмийн өөрчлөлт буруу байсан гэж үү?  

-Үгүй. Нийгмийн энэ хувьсгал жамаараа л болох байсан. Хамгийн гол нь нийгмийн шилжилтэд орохдоо хүний эрх гэж юу юм гэдгийг хэлснээс үүрэг гэж юу юм гэдгийг нь мартуулсан. Та нар эрхээ л эдлээд бай, ямар арга нь хамаагүй гэж хүн эрхээ хэтрүүлэн эдлэх тал дээр тархи угаагдсан. Монгол Улсын иргэн юм бол энэ бүхнийг  биелүүлэх ёстой гэсэн үүргийг нь ярихгүй орхисноос манай улс хохирчихлоо. Энэ төр засгийн үе үеийн удирдлагууд л Монгол Улсыг хохироочихлоо.

 Өмнөх нийгмийн үед Улс төрийн товчооний 9 хүн улс орныг “Идлээ, Уулаа” гээд  байсан чинь одоо 76 уулаа, ах дүүстэйгээ нийлээд 200 гаад өрх бүхнийг мэдээд байна. Тэдний эрхшээлд Монголын ард түмэн амьдарч байна. Үүнийг дагаад төрөө дээдлэх ёс гээгдэж байна. Төрийн тэргүүнээ хүндлэх, төрдөө итгэх, тэр итгэл үгүй боллоо. Ер нь аливаа нийгэмд хууль цааз эрх тэгш чанга байх л хэрэгтэй. Их засаг хуулинд ч тодорхой заасан байдаг. Үүргээ  биелүүлээд эрхээ эдлэх нь энэ хуулийн гол мөн чанар нь байсан. Бид “Их засаг” хуулиа анханаасаа бариад явахад болох л байсан.

 Тэгтэл өнөөдөр дэлхийг эзэлж, удирдаж, цочроож явсан улс орон өөрийн гэсэн бүхнээ, ёс уламжлалаа гээж мартаж байна. Биет бус соёлын өвийг нь мартуулж хоосноор хуулбарлаж  ийм болголоо. Их засаг хууль, Алтан товчид заасан бүхнийг хэрэгжүүлээд явсан бол Монгол өнөөдөр ийм болохгүй. Эзэн Чингис хаан тэр хуулиараа олон улс орныг барьж чадаж байсан. Тэр дэлхийн том том эрдэмтдийг хажуудаа байлгаад ард түмэн, хүн зоноо яаж “Гар амар, хөл хөсөр” явуулах вэ гэдгийг насныхаа эцэс хүртэл бодож сэтгэж хэрэгжүүлж ирсэн. Тэр бүхнийг үгүйсгэж, мартуулсанаас л Монгол орон ийм хэцүү байдалд орчихоод байна даа.

 

Хүүхдүүд зориод очих жүжиг кино үзэх театр ордонтой болох болтугай

 

-Хэдхэн хоногийн дараа 2017 он түүх болон үлдэж, 2018 он айлчлан ирэх гэж байна.  Монгол хүн амны билгээрээ гэж сайн сайхан бүхнээ ярьж, шинэ бүхнээ угтдаг. Тиймээс та Монголын ард түмэндээ зориулан ирэх ондоо сайн сайхан бүхнийг хүссэн ерөөлөө хайрлаач?

-Монголын хувь заяа дуусашгүй. Өнөөдөр хэдийгээр төр засаг, ард түмэн аль аль нь эдийн засгийн чадамж хэцүү байгаа ч энэ бүхэн түр зуурын юм. Өнөөдөр утааны талаар, эдийн засгийн хүнд байдлын талаар хүн бүр дор бүрнээ сэтгэл зовинож байна. Гэхдээ Монголоо гэсэн сэтгэлтэй Монголчууд өнөөдөр олон байгаа болохоор бидний ирээдүй гэгээтэй байна. Бидний үр хүүхэд аз жаргалтай байна.

 Цаг зуурын энэ нэг үеийг л би бодож жаахан сэтгэл гуниж байна. Гэхдээ энэ бүхний учир зүй нь олдоод бидний хүүхдүүдийн ирээдүй сайхан болно. “Монголын үрс маш олон болтугай” гэдэг шиг Монголын хүүхдүүдийн хувь заяа түшинэ. “Үрийн заяа түшинэ” гэдэг шиг Монгол эх орноо хөгжүүлж мандуулах үйлс нь сайхан дардан байх болно.

 Энэ  бүхнийг хотын захиргаа, төр засгийн удирдлагууд  анхааралдаа авч хүүхдүүддээ, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх болтугай. Хүн бүрийн хүсэл санаа нэгдэж эрх мэдэлтэй эрхмүүдэд хүүхдийн театртай болгохийг сануулаасай гэж хүсэж байна. Ирэх ондоо бидний хүссэн хүсэл сэтгэлчилэн бүтэж, Монголын ард түмний хүүхдүүд зориод очих жүжиг кино үзэх сайхан театр ордонтой болох болтугай гэж ерөөе.  

 

Ярилцсан: П.Нарандэлгэр

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд