Р.Слава: хамар битүүрэх нь хүүхдийн чих өвдөх гол шалтгаан болдог

Уншсан тоо: 7,770

Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” булангаараа ЭМЖЖ эмнэлгийн Чих хамар хоолойн мэс заслын эмч Р.Славатай чихний өвчлөлийн талаар ярилцлаа.

-Сүүлийн үед ямар төрлийн чихний өвчлөл зонхилж байна вэ?

-Сүүлийн үед чихний өвчлөлийн дотор хамгийн их тохиолдож байгаа нь дунд чихний шүүдэст болон идээт үрэвсэл байна. Ялангуяа бага насны хүүхдүүд өвчлөх нь элбэг. Учир нь 0-5 насны хүүхдүүдийн сонсголын гуурс өргөн, богино байдаг нь амьсгалын дээд замын халдвар чихрүү дамжих эрсдэл болдог. Насанд хүрэгчдийн хувьд архаг хэнгэрэг цоорхой хүмүүс их байдаг. Дунд чихний архаг үрэвсэлтэй буюу хэнгэрэг цоорхой хүмүүс чихрүү бохир орох, ус орох, ядрах, хамар битүүрэх бүрд үрэвсэл сэдэрч чихнээс булаг гоожих нь элбэг байдаг. Мөн гадна чихний үрэвсэл ихсэж байна. Ялангуяа сүүлийн 2 жил манай эмнэлэг дээр хийгдсэн судалгаанаас харахад гадна чихний үрэвсэл ойролцоогоор гурав дахин нэмэгдсэн. Гадна чихний үрэвсэл гэдэг нь бидний мэддэгээр чихэнд хатиг гарах юм.

- Чихний үрэвсэл нь сонсгол муутгах гол шалтгаан шүү дээ. Үрэвслийн талаар дэлгэрэнгүй ярьвал?

-Чих гурван бүтэцтэй. Гадна, дунд, дотор чих гэсэн 3 хуваагдана. Хамгийн их тохиолддог үрэвсэл нь дунд чихний шүүдэст, идээт үрэвсэл байдаг. Хүүхэд насанд дунд  чихний цочмог шүүдэст болон идээт үрэвсэл их тохиолддог. Энэ нь маш удаан явцтай хүнд өвчин. 2-3 сар эмчилгээ хийж байж эдгэрдэг. Хүмүүс хэдхэн хоног эмчилгээ хийлгээд эдгэрнэ гэж ойлгодог. Гэтэл энэ нь удаан эмчилгээ хийж, гам дэглэм барьж эдгэрдэг. Бага зэргийн улайлттай бол богино хугацаанд эдгэрнэ. Дунд чихний архаг үрэвсэлтэй, хэнгэрэг цоорхой хүмүүст мэс засал хийхийг зөвлөдөг. Гадна чихний үрэвсэл буюу чихэнд хатиг гарсан тохиолдолд 7-10 хоногийн эмчилгээ хийлгэхэд бүрэн эдгэрдэг. Харьцангүй хүндрэл багатай. Гэтэл сүүлийн үед хүндрэх тохиолдол нэмэгдээд байна.

-Шалтгаан нь юу вэ, эмчлүүлэхээр ирсэн хүмүүсийн дийлэнх нь ямар шалтгааны улмаас өвдсөн байдаг вэ?

-Чихэнд гаднаас бохир орох, дархлаа муудах, чихээ зориулалтын бус зүйлсээр ухах зэргээс үүдэж гадна чих үрэвсдэг. Харин дунд чих үрэвсэх гол шалтгаан нь ханиад томуу, хамар битүүрсэнтэй холбоотой. Ялангуяа хүүхдийн чих өвдөх шалтгааны 95 орчим хувь нь томууны улмаас хамар битүүрсэнтэй холбоотой үүсдэг. Ханиад хүрээд хамар битүү удаан явснаар хүүхдийн чих үрэвсдэг. Өөрөөр хэлбэл хамар чихийг холбосон гуурс байдаг. Түүгээр дамжин хамраас чихрүү агаар орох ёстой гэтэл хамар битүүрснээс болоод чихрүү агаар орохгүй байх эсвэл гаднаас хамраар дамжин чихэнд бактери, нян үржих нөхцөл бий болж улмаар чихийг үрэвсдэг. Цочмог дунд чихний идээт үрэвслийн үед шинж тэмдэг гэнэт эхлэнэ. Чихээр хүчтэй хатгаж, хүүхэд уйлж эхэлдэг. Эцэг, эхчүүд бага насны хүүхдийн хамар битүү байвал яаралтай онгойлгон чих, хамар, хоолойн эмчид үзүүлэх хэрэгтэй.

-Мэдрэлийн гаралтай чихний өвчлөлийн хувьд ямар арга хэмжээ авах вэ? Тухайлбал чих шуугих үед яах ёстой вэ?

-Чих шуугих үед эмийн болон мэс заслын эмчилгээ үр дүнгүй. Мэдрэлийн сонсгол бууралт сэргэх магадлал бага. Эрт үед нь гормон эмчилгээг схемээр хийлгэснээр тодорхой хэмжээгээр сэргэх боломж байдаг. Энэ тохиолдолд сонсгол нэмж буурахаас сэргийлэх хэрэгтэй. Хамгийн гол шалтгаан нь стресс, ядаргаа, нойргүйдэл, байнгын чихэвч зүүх, шуугиан ихтэй газар ажиллах зэрэгтэй холбоотой. Тиймээс энэ бүгдийг маш сайн бодолцож ажил амралтаа зохицуулах хэрэгтэй. Чихний мэдрэлийн гаралтай өвчлөл бол нүдний хараатай л ижил хараа муудахаар дахин сэргэнэ гэж байхгүй.

- Та сая чихэвч удаан зүүх нь мэдрэлийн гаралтай чихний өвчлөл үүсгэдэг гэлээ шүү дээ. Сүүлийн үед залуучууд чихэвчийг удаан хугацаагаар хэрэглэх болсон. Үүний сөрөг нөлөөний талаар?

- Чихэвч байнга зүүхээр дуу хүлээн авах аппарат, сонсголын сормослог эсүүд хугарч, тасарч гэмтдэг. Энэ эсүүд эргэн сэргэдэггүй. Үүнээс болоод сонсгол муудаж, чих шуугина. Мөн шуугиан ихтэй, чанга дуу чимээтэй шоу цэнгээний газарт дуу өсгөгчнөөс болж сонсгол муудна.

 -Чихэнд хатиг гарах буюу гадна чихний үрэвсэл сонсгол буурахад хэр нөлөөлдөг вэ?

-Сонсгол бууралтыг дуу дамжуулах, дуу хүлээн авах, холимог хэлбэрийн гэж гурав ангилдаг. Чихэнд хатиг гарах нь дуу дамжуулах хэлбэрийн бууралт. Хатиг бүр сонсголд нөлөөлөхгүй. Хатиг томроод гадна сувгийг хаавал дуу дамжуулалтыг тодорхой хэмжээгээр хаана. Харин эдгэрсний дараа хэвийн байдалдаа шилжинэ.

- Нойтон хулхи, булаг хоёрыг хэрхэн ялгах, хоёулаа л шингэн хэлбэртэй шүү дээ.

- Энэ хоёр бол огт өөр зүйл. Булаг гэдэг бол идээ. Чихний хэнгэрэг цоорон дунд чихний идээт үрэвслээс үүсэх бохир идээ юм. Нойтон хулхи бол чихний гадна суваг дотор байгаа тосны булчирхайнаас ялгарч байгаа шүүрэл. Хүмүүс андуурч ирэх тохиолдол элбэг байдаг. Манай хүүхдийн чихнээс булаг гараад байна гэдэг үзэхээр нойтон хулхи байдаг.

О.Цэцэгсүрэн

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд