Цэнгээнт бүжгийн хатан хаан Эрдэнэтуяа буюу Elle Seagal

Уншсан тоо: 34,796

Бяцхан Эрдэнэтуяа од байсан гэдэг. Хоёр удаагийн Шилдэг сурагч, олон зуун баярын бичиг, сайшаалын үнэмлэх, цэнгээнт бүжгийн хатан хаан гээд алдар нэр, амжилт дүүрэн хүүхэд нас түүнийх. Хичээл сурлагандаа тэр таван онцын эзэн. Дунд сургуулиа дүүргэх жилээ АНУ-д ахлах сургуульд суралцах эрхийн бичгээр шагнагдсан гээд энэ тодорхойлох зүйл олон энэ хадагтайг хүмүүс буландаа онцлон хүргэлээ.

Аав Батсүх нь Увс аймгийн харъяат

Б.Эрдэнэтуяа  хотод төрсөн ч гэлээ бага насаа Говьсүмбэр аймгийн Чойр хотод өнгөрүүлсэн. Эрдэм мэдлэгийг эрхэмлэж ирсэн сэхээтэн айлын ганц охин

Чойроос хот руу нүүж ирээд, гадаад хэлний сургалттай 38 дугаар сургуулийн англи хэлний ангид шилжин суралцсан. 

Англи Япон хэлтэй

Түүний бага насны тухай дурсамж

Миний бага нас дэндүү сайхан, дэндүү жаргалтай өнгөрсөн. Аав, ээж хоёулаа ЗХУ-д оюутан байсан болохоор ээж минь намайг Монголдоо ирж төрүүлчихээд, 5 сартай байхад буцаад сургуульдаа явж байсан гэдэг. Хөөрхий өвөө, эмээ нар минь намайгаа ёстой энгэртээ тэвэрч, элгэндээ нааж, эдийн сайныг эдлүүлж, идээний сайныг идүүлж өсгөсөн дөө. Гэхдээ хайранд умбаж өссөн айлын эрх танхи охин байлаа гээд жаргалд ташуурч, тэр их хайр энэрлийн үнэ цэнийг мэдрэхгүй явсан удаа байхгүй. Эндээс би хайр бол хүүхдийг сайн, зөв хүн болгох анхны эх шалтгаан юм байна гэж боддог болсон. Тэдний маань бага балчирт суулгаж өгсөн зөв хүмүүжил, зөв ухааны хүчээр би өнөөдөр хүн шиг яваа. Эмээ, өвөөгийн хүүхэд болоод тэр үү, багаасаа амьдралыг нас ахисан хүний нүдээр харсаар ирсэн. Ямартай л ээж маань миний охин багаасаа л жаргаж, зовсон олон хүнийг ойлгодог мундаг ухаантай байсан гэдэг юм.

8 настайдаа “Найзуудаа ирээрэй” нэвтрүүлэгт түрүүлж Финлянд орон руу аялж, хүүхдийн зусланд амрах эрхийн бичгээр шагнагдаж байлаа. Аав ээж хоёр, “Миний охин хөрөнгөтөн оронд хөл тавьж үзэх нь дээ” гэхэд “Тэгвэл тэр оронд чинь дайн болдог гэсэн үг үү” гэж асууж байсан хөгжилтэй дурсамж бий. Орос, Хятад, Франц, Финлянд, Герман, Япон, Солонгос гэх мэт олон орноор аялж, Монгол улсаа төлөөлж олон арга хэмжээнд оролцож явсан.

Арван жилээ төгсөөд олон улсын оюутан солилцооны шугамаар Америкийн Нью-Жерси мужид нэг жил high school-д суралцахдаа маш олон зүйл сурч мэдэн, хувийн хөгжилдөө үнэтэй хувь нэмэр оруулсан явдал миний цаашдын хувь заяанд чамгүй нөлөөлсөн гэж үздэг.

2002 онд Монгол Улсын их сургуулийн Олон улсын харил­цааны ангийг япон хэлний орчуу­лагчаар төгсчээ.

Их сургуульд элсэн орсон түүхээсээ ярихдаа

Мэдээж айлын ганц охин бүтэн жил гэрээсээ хол хүний нутагт амьдарна гэдэг маш их тэвчээр, хатуужил, зүрх зориг шаардсан нэг жил байсан ч маш үр өгөөжтэй байсан. Тэнд байхдаа TOEFL-ийн болоод SAT шалгалтуудыг амжилттай өгснөөс гадна өөр нэлээн олон сертификаттай буцаж иртэл энд конкурс явагдаад дуусчихсан байсан.

Маш олон баярын бичиг, талархлын үнэмлэх, 20-иод алтан медаль, олон сайн сайн тодорхойлолт байдаг, тэгсэн хэрнээ дээд сургуульд орох боломжгүй болчихож байгаа юм л даа. Тэгээд л ээж бид хоёр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнэ гэдэг дарга дээр орж, үнэн учир байдлаа хэллээ. Тэр хүнд би насан туршдаа баярлаж явдаг. Жинхэнэ чин үнэнч төрийн ажилтан байсан гэж боддог.

Огт таньж,  мэдэхгүй ээж бид хоёрыг маш сайн сонсч, бүх бичиг баримтыг минь үзээд намайг Америкт байхдаа манай их дээд сургуулийн конкурстэй ижил төстэй хэмжээнд явагддаг шалгалтыг маш сайн өгсөн байна гэдгийг олж мэдэн “Та дуртай сургуульдаа дуртай мэргэжлээрээ сурах боломжтой юм байна” гэснээр сурахыг хүссэн ОУХДС-даа хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн бичиг өгч, ээж бид хоёр тэр өрөөнөөс нисэх шахам хөл газар хүрэхгүй гарч байсан гайхамшигт түүх байдаг. Ингэж би ОУХДС-ийн Япон судлалын ангид элсэн суралцсан юм даа. Багадаа “Үе Чацуутан” тэмцээнд түрүүлж, Япон улсад Хүүхдийн Олон Улсын Конвенцид оролцсных байх, Япон орныг сонирхож, зан заншил, урлаг соёлд нь сэтгэл татагддаг байсан нь миний мэргэжил сонголтонд нөлөөлсөн.

 Их сургуулийнх нь андууд түүний тухай тодорхойлохдоо

"Б.Эр­дэнэ­туяа үеийнхэн дундаа сор нь байсан. Гайхалтай сайхан бүжиглэнэ. Гоё охин байсан боло­хоор залуус их гүйнэ. Ааш зан сайтайгаас гадна маш их ажил хэрэгч, идэвхтэй оюутан байсан" гэжээ.

Бүжиглэх авьяасын тухайд төрмөл болохоос мэргэжлийн сургууль, коллежид суралцаж төгссөн мэргэжлийн бүжигчин биш. 5 настай цэцэрлэгт байхаасаа бүжиглэж эхэлсэн.

Арван жилээ болоод их сургуулиа онц дүнтэй төгсч байсан. Цэвэр бичигтэн болж, дэвтрийг минь анги анги дамжуулан хүүхдүүдэд үзүүлдэг байлаа. Мөн орос, англи хэлний болоод бусад олимпиад уралдаанд амжилттай оролцож байсан.Монгол улсын шилдэг хүүхдээр хоёр удаа тодорч байсан

Б.Эрдэнэтуяа бүжгийн урлагаа бүр мөсөн орхисон ч шүлэг бичих хоббигоо орхисонгүй. Фэйсбүүк хуудастаа нийтэлсэн түүний шүлгүүд уран яруу гэхээс илүү амьдралын үнэн, утга учрыг ойлгосон, залууст сургамжтай ухаалаг гэгээлэг үгсээр дүүрэн ажээ.

Анх Стивен Сигалтай танилцаж байсан түүхээс

Таван жил хувийн туслахаар нь ажилласны эцэст Б.Эрдэнэтуяа түүний эхнэр болсон юм.

Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийн Япон хэлний ангийг онц дүнтэй дүүргээд, мэргэжил дээшлүүлэхээр Японы Кейогийн их сургуульд тэнцчихээд,визэнд орж байсан үе л дээ. Үндэсний хувцасны Доржпагам эгч маань загваруудаа манай хүний өмнө толилуулах, улмаар Чингис хаан кинонд оролцох завшааныг эрэлхийлэн Өндөр Довыг зорихдоо намайг орчуулагчаар ажиллаж өгөхийг санал болгосон юм. Би орчуулга хийхээс гадна бүжигчин хүн гэсэндээ үндэсний хувцас өмсөх моделийн үүрэг ч авлаа. Биднийг Өндөр Довд ирээд үндэсний загварын хувцаснуудаа өмсч, гоёл чимэглэлээ зүүж бэлдэж байтал зочид ч ирж, хүмүүс шуугилдаад, гүйлдээд явчихлаа. Яг тэр үед хоёр давхрын билүү дээ, цонхноос ханийгаа анх харж байсан юм. Шар торгон Монгол цамц, жийнсэн өмдтэй, өмднийхөө кармаанд гараа хийчихээд баруун тийшээ хараад зогсож байсан тэр дүр төрх надад тодоос тод үлдсэн байдаг. Тэр үед ямар сайхан хүн бэ гэдэг мэдрэмж л төрж байсан. Түүний хувьд намайг олж харсан мөч бол бид загвараа толилуулахаар түр байрлаж байсан гэр өргөөнд нь орох тэр мөч байсан болов уу гэжээ.

Түүний амьдралыг бүжиггүйгээр  төсөөлөхийн аргагүй

Хэдийгээр миний амьдралыг бүжиггүйгээр төсөөлөхөд бэрх ч бүжгийн багш нар маань багаас мэргэжлийн сургуульд сурч бүжигчин болох хэрэггүй гэдэг байсан юм. Ялангуяа Төрийн соёрхолт Сэвжидийн Сүхбаатар багш маань Хөгжим бүжигт оръё гэхэд, “Чи бүжиглэж чадна, харин миний охин хүүхэд залуу насандаа өөр салбарт суралцаж, толгойдоо эрдэм ном хийж авч өөрийгөө цэнэглэж ав” гэсэн зөвлөгөө өгч байсан нь санаанаас гардаггүй.

Тэрээр аав ээжийнхээ талаар ярихдаа

Монгол эцэг эхийн үрээ гэх сэтгэл, Монгол үрийн эцэг эхээ гэх сэтгэлийг юутай ч зүйрлэшгүй л дээ. Энэ дашрамд хөөрхөн ээжийгээ зориуд магтмаар байна. Энэ зөвхөн магтаал төдийгүй олон хүнд эрч хүч өгч, нэгийг бодуулаасай гэж бодож байна. Ээж маань өөрийгөө жинхэнэ ялан дийлж чадсан гайхамшигтай эмэгтэй. Намайг хоёрхон настайгаас авахуулаад хүнд хэлбэрийн гуурсан хоолойн багтраа гэдэг өвчнөөр өвдөж, насаараа эмээр хоол хийж, эмнэлгээр гэр хийсэн гэхэд хилсдэхгүй байнгын хүчтэй эм тариа хэрэглэж олон жилийг өнгөрүүлсэн. Есөн жилийн өмнөөс бурханы аврал, буян заяагаараа учрах хүнтэйгээ учирч, дуулах зүйлээ дуулж, эрүүл мэнд хүний бие махбодийн маш энгийн хэдхээн зүйлийг олж авснаар өөрийгөө бүрэн эмчилж, хэмжээлшгүй аз жаргалд хүрч чадсан юм. Хүний сэтгэлийн тэнхээ, хат, тэвчээр, өөрийнхөө аз жаргалын төлөө тууштай бат зогсохын бодит үр өгөөжийг харуулж чадсан баатарлаг эмэгтэй гэж ээжээрээ бахархаж явдаг даа. Одоо ээж маань олон хүнд зөв амьдрахын учир ухааныг таниулж ойлгуулахыг хичээсэн оюунлаг, гэгээлэг үйл хийж байна.

Би 5 настай цэцэрлэгт байхаасаа бүжиглэж эхэлсэн. Миний бүжиглэхийг харсан олон хүн, та хоёр ийм авьяастай охиноо яавч хөдөө байлгаж болохгүй, хот суурин газар орж, үзүүлэх хүмүүст нь үзүүлж, өгөх газар нь өгч, авьяасыг нь хөгжүүлэх хэрэгтэй гэж хэлж байсныг ээж хожмоо дурсан ярьж байсан. Үзэж хардаг хүмүүс нь ч, та гурав дөрвөн уулынхаа дунд багтаж амьдрах ёстой юм байна гэж хэлсэн байдаг. Ийм олон хүний сэтгэл, итгэл нийлж аав ээж хоёр сэтгэл шулуудан Улаанбаатар хотод нүүж ирсэн. Хотод байргүй байсан нь хамгийн том хүндрэл байсан ч аавын минь найз санамсаргүй гудамжинд тааралдаад, аавд ажил өгөхөөр барахгүй орон байртай болгож байлаа. Энэ жишээнээс харахад, чин хүсэл мөрөөдлөө дагаад шантрахгүй зүтгэсэн хүнийг тэнгэр бурхан ивээж, урд нь хана байсан газар хаалга бий болгож өгдөг гэдэг үнэн. Үнэн хүссэн зүйлийнхээ төлөө шийдэмгий байж, зоригтой алхам хийхэд бусад нь аяндаа болдог.

Тэрээр анхны хайрын эзэн хөтлөгч Гантулгын тухай ярихдаа

Хүүхэд насны гэнэн цайлган сэтгэл, хайраар бялхаж явсан тэр он жилүүд өчигдөр мэт санагдах өдрүүд бий. Бид хоёрын хамтдаа үерхэж өнгөрүүлсэн он жилүүдийн олон сайхан дурсамжууд миний сэтгэлд хүндтэй байр суурийг эзэлдэг. Гантулга маань миний ариун нандин анхны хайрын минь эзэн байсныг би хэнээс ч нуухгүй. Гантулгынхаа надад зориулсан хайр, халамж, хүндлэл, итгэл сэтгэлд чин сэтгэлээсээ талархаж явдаг. Харин намайг Холливудын од хараад хайртай залуугаа хаяад явсан гэсэн худал цуурхлыг хэн нэгэн нь тараасан байсан. Би Гантулгатайгаа хувь заяаны эрхээр салаад дөрвөн жилийн дараа Стивен Сигал гэж хүнтэй танилцаж байсан гэдгийг энд хэлмээр байна. Гантулгатайгаа холбоо тасраад олон жил болж байна даа. Би тэр хүнийг хүндэлж, хайрлаж, ажил амьдрал нь үргэлж өөдөлж дэвжиж, сайн ханьтай учирч, сайхан амьдраасай гэж залбирч явдаг даа.  

Г.Бадамханд

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд