"Булчингаа зөв хөгжүүлсэнээр хүний биеийн галбир засагдаж хэлбэрждэг"

Уншсан тоо: 6,155

 

Бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэж, найзынхаа хүсэлтээр анх тэмцээн үзэх гээд очиж байсан бол одоо Бодибилдинг фитнессийн ОУХМ тамирчин болж, бие бялдарын хувьд эрүүл чийрэг, сэтгэл зүйн хувьд маш эерэг, тэмүүлэлтэй, төлөвшилтэй, жудагтай байхад суралцаад л явж байна даа хэмээн даруухан инээх Н.Мөнхтуяа гэдэг бүсгүйг энэ удаагийн ярилцлагын зочноор урьсан билээ.

 Тэрбээр Empire fitness төвд зөвлөх багш хийж, Personal Training буюу ганцаарчилсан сургалтын багшаар ажилладаг ажээ. Ирэх дөрөвдүгээр сарын 26-29 ний өдрүүдэд болох Азийн бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ хийгээд ачаалал ихтэй байхад нь багахан цаг хугацаанд ярилцсан билээ. Таалан болгооно уу.

 -Та бодибилдинг, фитнессийн спортоор хэдэн жил хичээллэж байна?

 -Юуны өмнө намайг онцолж урьсанд чин сэтгэлээсээ талархая. Би 2008 оноос хойш 9 дэх жилдээ бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэж байна. Би хүүхэд байхдаа бамбай булчирхайтай гэсэн оноштой, их туранхай охин байсан. Миний гол зорилго бол жин нэмж булчинлаг болох л байсан.

 -Хичээллэхэд анх ямар санагддаг байсан. Шантарч байв уу?

 -Анх хичээллэхэд мэдээж бэлтгэлээ яаж зөв хийх техниктэй гүйцэтгэх, эрүүл зөв хооллох жор, бэлтгэлийн систем, амралт гээд мэдэхгүй зүйлүүд их, шантрах үе зөндөө байсан. Тухайн үед хичээллэж байхад заалны найз эгч нар их урам өгдөг байсан. Чи тамирчин уу, сэлдэг уу? Гоё цээж мөртэй юмаа гэхчлэн! Би ч онгирч бэлтгэлээ сайн хийдэг байсан. Цуг хичээллэдэг найз маань тэмцээнд бэлдэж орооч. Чи чадна даа гэж урам өгсөн.

 Нэг удаа надад тэмцээний мандат авчихсан “Чи зүгээр л энэ тэмцээнийг үзээдэх” гээд оруулж билээ. Тэр цагаас хойш энэ спортын тамирчин болох хүсэл тэмүүлэл, гол зорилгоо олж авсан. Сайн багшынхаа ачаар энэ спорттой салшгүй холбогдоод явж байна. Миний багшийг М.Сарангуа гэдэг. Жудо самбо бөхийн Дэлхийн аваргын мөнгөн медальтай, Монгол улсын 4 удаагийн үнэмлэхүй аварга, 4 удаагийн мисс өргөмжлөлтэй, Ази тивийн хошой аварга, хошой мөнгөн медальтай, ОУХМ, Олон улсын А зэрэглэлийн шүүгч ийм мундаг хүн бий.

 Найзынхаа хүсэлтээр анх тэмцээн үзэх гэж орж байсан бол одоо Бодибилдинг фитнессийн ОУХМ тамирчин болжээ. Бие бялдарын хувьд эрүүл чийрэг, нөгөө бамбай булчирхай маань ч хэвийн болсон. Сэтгэл зүйн хувьд маш эерэг, тэмүүлэлтэй, төлөвшилтэй, жудагтай байхад суралцаад л явж байна даа.

 -Бодибилдингийн тамирчин хүн ер нь ямар байх ёстой юм?

 -Бодибилдинг нь тамирчин хүнийг сахилга баттай, хувь хүний зохион байгуулалт сайтай, тэсвэр хатуужилтай болгодог босго өндөртэй спорт юм.

 -Фитнесс мисс гэж онцолсон байсан. Ямар ялгаа, онцлогтой юм бэ. Яагаад?

 -Энэ спортоороо хичээллээд бодифитнесс төрөлд улсдаа 4 удаагийн аварга болсон. Азид 2 удаа финалд шалгарч шагналт 4-р байр эзэлж байсан, Зүүн Азийн хүрэл медальтай тамирчин. Гэтэл нэг ч тэмцээнд орж байгаагүй, хооллолт зөв биш, бэлтгэлийг нарийн системтэй хийж үзээгүй хүмүүс жин хассан буруу туршлагаасаа сошиалаар олон нийтэд ил тавьдаг.

 Жишээ нь, тураах кофе, массаж, халуун хөнжил, гүйлгэдэг туулгадаг бэлдмэл, л карнитин, хөлөргөдөг хувцас, бүс зэрэг ашиг хайсан, рекламдсан хэлбэрээр олон нийтийг төөрөгдүүлж байна.   Нэг ёсондоо хэн дуртай нь жин хасах нэмэх, хэрхэн жингээ барих дээр зөвлөдөг болчихож. Олны танил хүмүүс ч мэргэшсэн багш, дасгалжуулагч хүн биш гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

 Тухайн хүний эрүүл мэндийн байдал, биеийн онцлог, сөрөг нөлөөлөл бий эсэхийг мэдэхгүйгээр энэ олон бизнесийн зорилготой үйлдэл нь хүмүүсийн эрүүл мэндэд хохирол учруулж, цаг мөнгийг нь алдуулдагт харамсдаг. Бидний өмнөөс ингэж буруу ойлголт өгсөнөөр хүмүүсийг амьдралын зөв дадал хэвшилтэй боолход саад болж байна. Тиймээс үнэн зөв мэдээллийг өгнө гэдгээр тодотгосон юм.

 -Хүмүүс жин хассан буруу туршлагаасаа сошиалаар олон нийтэд ил тавьж байна гэлээ. Таны хувьд өдөр тутмын хооллолт тань ямар байдаг вэ?

-Өглөөний цайгаа заавал уух нь эрүүл эрч хүчтэй байхын үндэс шүү дээ. Тиймээс өглөө босонгуутаа 250гм ус уудаг. Зэс, мөнгөн аяганд хонуулсан! Энэ нь эрүүл мэндэд маш сайн. Тэгээд 20мин дараа алим жимс, бүхэл үрийн талх, чанасан өндөг, сүүнд овъёос, арвайн гурил, дуртай амттан гэх мэтээр сонгоод иддэг. Өдрийн 12.00 цагийн хоолондоо үхэр тахиа загасны мах ногоо болон гэрийн хоол өөрөө бэлдээд аваад гардаг.

 Би хоолны өмнө болон хойно 20-30' өмнө ба дараа шингэн зүйл ууж хэвшсэн.  Зайдас, хиам, бэлэн гоймон огт иддэггүй. Хэвийн жинтэй учраас орой дуртай хоолоо хийгээд иддэг. Голдуу ногоотой шөл, байцаатай хуурга, гурвалжин будаа, хар шөл бүхэл үрийн талхтай хаяа иднэ. Одоогоор тэмцээний хоолондоо орчихсон илүү нарийн дэглэмтэй байгаа.

 -Энэ спортоор хичээллэж хүмүүст багшлах нь зорилго уу эсвэл өөр байгаа юу. Нууц биш бол хуваалцаач?

  -Би өөрөө аль болох л зөв амьдрахыг хичээдэг, тийм ч учраас сурсан мэдсэнээ бусадтай  хуваалцаад буян хураах дуртай л даа.  

 -Хүмүүс бодибилдингээр хичээллэх нь хэт их булчинтай болгоно. Ялангуяа эмэгтэйчүүд гэж ярьдаг. Энэ талаар?

 -Oxид бүсгүйчүүдийн хувьд фитнессээр хичээллэх зорилго нь өөр өөр байдаг. Ихэнх нь бэлтгэлийн ачааллын талаар буруу ойлголттой байна. Биеийн галбираа засаж хэрхэн өөрчлөгдмөөр байна. Тэр бүхнээс хамаарч бэлтгэлийн төлөвлөгөө, өргөх жин, ачаалал өөр өөр байх жишээтэй. Бүсгүй та тестостерон төрлийн тариа худалдаж авч өөртөө тариагүй л бол таны дуу хоолой бүдүүрч эрчилсэн том булчинтай болно гэж айж санаа зоволтгүй юм.

 -Булчинлаг байх нь гоо сайхан талаасаа чухал уу, аль эсвэл эрүүл мэндийн хувьд чухал уу?

 -Булчин бол хүнийг хөдөлгөдөг, тулгуур эрхтэнийг бэхлэх гол чухал үүрэгтэй эрхтэн юм. Булчингаа зөв хөгжүүлсэнээр хүний биеийн галбир засагдаж хэлбэрждэг. Аль аль нь чухал л даа. Хүмүүс маань турах, эрүүлжих, хөдөлгөөнтэй байх гээд олон зорилготой ирдэг. Зөв хичээллээд үр дүнг мэдрэхээрээ булчинжих хэрэгтэй юм байна, гоо сайхан талаасаа ч илүү гоё болоё гээд явж байдаг.

 -Зүгээр нэг туранхай бие эсвэл булчинлаг бие хоёрын аль илүү гоё галбирлаг харагдах вэ. Учрыг нь тайлбарлаж өгөөч?

 -Биедээ тохирсон булчинтай байх нь эрүүл чийрэг болгохоос гадна галбирлаг харагдуулна. Гэхдээ туранхай ч зөв порпоцтой бол эмэгтэйлэг сайхан харагддаг л даа. Бүсгүйчүүд маань нэг үеэ бодвол энэ 2-г ялгаж салган бэлтгэл хийж, биеийн харьцаагаа засахыг хичээдэг болсон байна.

 - Хүмүүс жингээ үзэж өөрийгөө тарган байна эсвэл туранхай байна гэдэг. Жин чухал уу?

-Галбираа засаж булчинжихад өөхний хувь багасч жин нэмэгдэх нь бий. Тиймээс зөв жинтэй байх чухал. Тухайн хүний биеийн өндөрөөр байх ёстой жинг тогтоож жин нэмэх үү, хасах уу гэдэг шийдэгддэг.

 -Бүсгүйчүүдэд жин хасах талаарх зөв мэдээллийг хүргэвэл?

-Илүүдэл жинтэй байх нь тухайн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нь гол асуудал юм. Бид эрч хүчтэй байхын тулд тогтмол ямар нэг спортоор хичээллэж, үе мөчний өвчин, зүрх судас, сахар, даралт зэрэг элдэв өвчлөлүүдээс сэргийлж байх хэрэгтэй.

 Хамгийн гол нь та өөртөө цаг гаргаж 30' минут ч болов идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж хэвших хэрэгтэй байгаа юм. Ажлын байрандаа ч хийж болдог дасгалууд бий. Мөн өдөр бүр өөрийн биеийн жиндээ тохируулан 2,5-3литр усыг бага багаар ууж сурах маш чухал. Дээр нь өөрийн эрүүл мэндийн байдалд тохирсон зөв хоол, нэмэлт амин дэм витамин, уураг сонгож хэрэглэх нь та жин хассан ч арьс тань унжсан сул биш, буцаж жин нэмэхгүй байх бүрэн боломжтой байдаг.

 -Бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэхээр шийдсэн хүмүүст ямар зөвөлгөө өгөх вэ?

 -Аль болох мэргэжсэн сайн багш дасгалжуулагчаас хувийн дасгалжуулалт авч системийн дагуу зөв хийж сурахыг зориорой! Өргөх жинд биш дасгалын техник, гүйцэтгэлд илүү анхаараарай. Энэ дасгал сайн уу? Муу юу? биш. Ганц дасгалд найдаж болохгүй. Олон дасгалууд нэгдэж нийлж байж сая нэг таны хүссэн үр дүнд хүрнэ

 Хүчний болон биеийн зохих суурь хөгжлийг олж авахын тулд доод тал нь 6 сар шинжлэх ухааны үндэстэй, системтэй бэлтгэл сургуулилтаар хичээллэх хэрэгтэй. Суурь хөгжлийг тавилгүйгээр ямар нэг бүлэг булчинд ачаалал өгөх нь ерөнхий хөгжлийг сөрөг байдалд хүргэнэ

 -Бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэж байгаад болихоор хурдан жин нэмдэг гэдэг. Яагаад?

 -Гол ойлголтоо сайтар ухамсарлах хэрэгтэй л дээ. Тухайн хүний амьдралийн хэв маягаас шалтгаалдаг. Эрүүл зөв хооллох дадлыг амьдралдаа хэвшүүлсэн байхад энэ асуудал биш. 21-р зуунд хөдөлгөөний дутагдалтай болсон хүмүүс эрүүл зөв хоооллохгүйгээр гуалиг сайхан байхгүй нь тодорхой.

 Бид юу ч авч идсэн мөнгө төлдөг. Ходоод хогийн сав биш, өөрт хэрэгтэй уураглаг амин дэмтэй органик хүнсээ сонго. Хэт хүнд шарсан хуурсан, тостой хоол идэх хэрэггүй. Мах идэж байгаа үедээ нарийн ногоо, сонгино идсэнээр шингэц сайжирдаг. Кола уух бол буруу ойлголт юм.

 Хоол хүнсээ сонгохдоо эрүүл мэндэд тустай, мөн жин нэмэхгүй гэсэн шалгуур тавиарай. Тухайлбал, бүхэл үрийн гурил, арвайн гурил бор будаа хөц будаа, үр тариаг түлхүү хэрэглэж занших хэрэгтэй. Харин цагаан будаа, гурил, сахар, давс амттан зэргийг өдөр тутмын өргөн хэрэглээнээсээ багасгах хэрэгтэй.

 -Булчинг дэмжсэн хоол хүнсийг нэрлэвэл?

 -Тахианы цээж мах, Үхэр адууны булчин мах, Загасны мах, нунтаг уураг, Өндөгний цагаан. Уураглаг хүнс болох дүфү, цэцэгт байцаа, бууцай их сайн.

 -Бодибилдингийн тамирчид уураг их хэрэглэдэг шүү дээ. Уургийн талаар зөв ойлголтыг өгөөч?

 -Бидний өвөг дээдэс маань бидэн шиг ийм их химийн хорт бодисын дунд амьдарч байсангүй. Мөн архи тамхи, хар тамхины мансуурал гэж байсангүй. Одоо эд бүгд ихэд түгээмэл болж, хүний бие организм химийн хорт бодисонд уусан хордож, эрүүл мэндийг үлэмж доройтуулсаар байна.

 Ихэнх хүмүүс өдөр тутмын хооллолтоосоо биед хэрэгтэй уураг амин дэмээ нөхөж авч чадахгүй байна. Гэтэл хоол хүнс тань амин дэм, эрдэс бодисын агуулгаар их баялаг байх шаардлагатай. Иймээс л хоол ундандаа нэмэлт болгож 100 хувь байгалийн гаралтай нунтаг уургийг хэрэглэх нь зүйтэй гэдгийг хэлэе.

 Уургийг тослоггүй сүүтэй мөн цэвэр жимсний шүүстэй хольж хэрэглэх нь бие организм, булчингуудыг амин дэмээр хангах шилдэг арга болдог. Гэхдээ уургийг хоолны илчлэгийн хэмжээгээр зохистой хэрэглэх нь зүйтэй.

 -Булчин их болохоор калори шатаах чадвар сайтай байдаг. Хооллолтондоо калори ихтэй хүнс хэр оруулдаг вэ?

 -Зөв нүүрс ус хэрэглэсэнээр бэлтгэлийн явцад эрч хүч буурахгүй, илүү их өөх шатахад нэмэр болдог. Калори илчлэгээ сайтар анхаарах хэрэгтэй. Энгийн хөдөлгөөнтэй хүн дунджаар нийт биеийн жингийн 1кг – 40калори эсвэл үүнээс дээш шатааж байдаг. Үүнээс харахад хэрвээ таны жин 70кг бол 2800кал илчлэг хоол авах хэрэгтэй байдаг. Харин өөх шатаах үед, бэлтгэлийн хийх өдрөө илчлэгийг 2000-2600калори болгож бууруулах хэрэгтэй. Бэлтгэлгүй өдрөө 1600 болгон бууруулах хэрэгтэй гэсэн үг юм.

 -Ер нь долоо хоногт хэдэн өдөр, хичнээн цагаар хичээллэвэл илүүдэл жингүй байх вэ?

 -Тогтмол явах нь чухал л даа. 7 хоногт 2-3 удаа 1:30' хичээллэхэд эрүүл мэнд талаасаа, илүүдэл жингүй байх бүрэн боломжтой. Миний хувьд тэмцээний бэлтгэлтэй үедээ хүнд хөнгөнөөр 7 хоногт 6 удаа 1:30'-2:30' хичээлэлдэг.

 -Эмэгтэй хүний хувьд хөхний хэлбэрээ хадгалж жижигрүүлэхгүй байх нь бас л чухал асуудал. Яаж хадгалж авч үлдэх вэ, тусгайлсан дасгалуудаа хийх үү?

 -Эмэгтэй хүний хамгийн зөөлөн бөгөөд хурдан хайлдаг хэсэг нь хөх байдаг. Тусгайлсан дасгалуудыг ойр ойрхон хийхэд маш хурдан жижгэрдэг нь харамсалтай. Тиймээс цээжний дасгалыг өөрт тохирсон хүнд жингээр цөөхөн тоогоор хийхэд болно.

 -Биеийн тань хамгийн их таалагддаг хэсэг?

 -Мөр болон шилбэ. Ерөнхий биеийн харьцаа их зөв гэж багш маань хэлдэг л дээ.

 -Таны жинхэнэ мэргэжил юу вэ, Биеээ хөгжүүлэх цагийг хэрхэн гаргадаг вэ?

 -Би энэ спортод амьдралын ихэнх цагаа гаргадаг болсон гэхэд хилсдэхгүй. Уг нь бол япон хэлний орчуулагч мэргэжилтэй.

 -Таны стиль хэв маяг?

 -Стиль имидж эрс өөрчлөгдсөн дөө. Спортлог, энгийн даруу, цэвэрхэн л байх дуртай болсон.

 -Таны цахим хуудаснууд дахь мэдээллүүдийг харж байхад их эерэг хүмүүст зориулсан зөвөлгөөнүүд их харагдаж байсан. Таны амьдралын зарчим ер нь юу вэ?

 -Баярлалаа. Шудрага, зөв сэтгэлтэй байхыг зорьдог. Өөрийн дуртай зүйлээ хийж, хөгжүүлж, дэвшилттэй, замаасаа хазайхгүй байх зарчимтай.

 -Таны амьдралаас авдаг таашаал юу вэ. Таны сэтгэлийг хөдөлгөж урам зориг авчирдаг зүйл гэх юм уу?

 -Амьдрал сайхан, баялаг болохоор яаж ч хэцүү байсан эрч хүч авчирдаг зүйл олон бий. Эд зүйлсээс илүү хүний ёс зүйтэй харьцаа, үнэнч байдал хайр, хүндлэл надад их урам зориг төрүүлдэг.

 -Монгол улсын сайн сайхан ирээдүйн төлөө хүн бүр л хичээх ёстой. Таны хувь нэмэр юу байгаа вэ?

 -Миний хувьд "Хөдөлгөөн эрүүл мэнд-эрүүл мэнд хөдөлгөөн" гэдгийг олон хүнд ойлгуулж, зөв хэвшил болгохыг хичээж байна. Сайхан ирээдүйг бүтээх иргэн бүр эрүүл саруул байх учиртай.

 -Сүүлийн асуултыг таньд үлдээе. Монголчуудаа эсвэл залуучуудад хандаж хэлэх иргэн Мөнхтуяагийн санал, зөвлөмж, хүсэл юу байна?

 -Бид олон сонголтын дунд амьдарч зөв буруу, сайн мууг таньсаар, суралцсаар явна. Гол нь эрүүл, зөв амьдрах хэрэгтэй. Ингэхийн тулд идэвхитэй хөдөлгөөн, сэтгэлийн амар амгалан, аливаад эерэгээр хандах, хүлээцтэй, шудрага байх, зөв хооллох соёлоо хадгалах гэх мэтчилэн хувь хүнээс шалтгаалах зүйлүүд их бий шүү гэж л уриалмаар байна даа.

 -Ярилцсанд баярлалаа. Санасан, зорьсон бүхэндээ хүрч, амжилтаар дүүрэн байхын ерөөл өргөе.

 Ярилцсан: П.Нарандэлгэр

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд