Ч.Хашчулуун: 2020, 2021 оноос дэлхийн эдийн засаг хямралд орно гэсэн зүйл байхгүй

Уншсан тоо: 32

Эдийн засагч, доктор Ч.Хашчулуун:

-2020, 2021 оноос дэлхийн эдийн засаг хямралд орно гэсэн зүйл байхгүй. Яах вэ, магадлал бий. Гэхдээ заавал хямрал болох ёстой гэсэн үг биш. Харин 2020 оноос дэлхийн эдийн засагт дахиад том өөрчлөлт гарах байх. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт, АНУ-ын сонгуулийг харах хэрэгтэй. Трамп ерөнхийлөгч дахин сонгогдох уу.

 

Одоогийн байдлаар шаанс нэлээн өндөр байх шиг байна. Эсрэгээр АНУ-ын Ардчилсан намаас ерөнхийлөгч гарах уу гэдэг нь анхаарал татаж байна. Хоёрдугаарт, Хятадын дотоодын эдийн засгийн бодлого тодорхой хэмжээгээр зөөлрөх магадлалтай болов уу гэж бодож байгаа. Яагаад гэвэл худалдааны дайн сүүлийн хоёр жил явагдаад Хятадын эдийн засаг нэлээн сульдсан.

Хэд хэдэн хүчтэй цохилт авсан. Тэгэхээр тодорхой зүйл нь юу вэ гэхээр Хятадын эдийн засаг Америктай энэ тэнцүү тэрсэлдэх боломж ховор байна уу даа.

Ялангуяа, өндөр технологийн хүрээнд ийм боломж ховор. Тийм учраас Хятад дотоодын нөөц маш ихтэй учир түүнийгээ ашиглаж байна. Мөн эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийг хичээж байна.

Гэхдээ яваандаа худалдааны дайныг зогсоох шийдвэр гаргах болов уу гэж харж байгаа. Ингэх юм бол Хятад, дэлхийн эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлнэ. Энэ бол цэвэр улс төрийн шийдвэр учир хоёр улсын төрийн тэргүүн тохиролцох л юм бол асуудал шийдэгдэнэ гэсэн үг.

Дараагийн нэг том асуудал бол Япон түүхэндээ байгаагүй эдийн засгийг сэргээх бодлого хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Ерөнхий сайд нь тийм төлөвлөгөө бэлдэж байгаа юм билээ. Япон саяхан дотоодын татвараа нэмэгдүүлээд өрөө дарах талаасаа арга хэмжээ авсан.

Одоо эргээд эдийн засгаа тэлэх бодлого хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. 2020 онд олимп болно. Энэ нөлөөллүүдийн хүчээр эдийн засаг нь босоод ирэх юм бол Хятадын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна мартаж болохгүй нэг зүйл бол хөгжиж байгаа орнууд, тэр дунд Энэтхэгийн нөлөө нэмэгдэж байна. Энэтхэгийн дундаж анги хүчээ авч хөрөнгөжиж байна. Иймээс Энэтхэгийн эдийн засгийн өсөлт дэлхийн эдийн засагт шинэ мотор болж магадгүй гэсэн яриа байна. Энэ бүгдийг аваад үзвэл 2020 оноос хойш дэлхийн эдийн засагт дахин том өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй.

Манай эдийн засаг Ази Номхон далайн орнуудтай нэлээн ойрхон, уялдаатай байгаа учир энэ орнуудын эдийн засаг сэргэвэл манайд эерэг нөлөө үзүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд