Г.Ням-Од: Спорт хувцасны зах зээлд хамгийн хямд үнийг тогтоосон

Уншсан тоо: 1,766

“Монгол бренд” булангийнхаа анхны зочноор “Чанар” спорт хувцасны брендийг үүсгэн байгуулагч Г.Ням-Одыг урьж ярилцлаа.

Тэрээр анх нэгдүгээр дамжааны оюутан байхдаа 30 мянган төгрөгөөр бизнесээ эхлүүлж байжээ. Газрын тосны инженер мэргэжилтэй хэдий ч хувцас үйлдвэрлэлийн салбарт хөл тавьсан, “Бид өөрсдийн хийж чадах зүйлсээ хийгээд л байх” хэрэгтэй гэх тэрээр өөрийн зорилгоосоо хуваалцсан юм.

-Яагаад спорт хувцасны бренд байгуулах болсон бэ?

- Анх нэгдүгээр курсээ төгсөөд бизнесээ эхлүүлж байсан. “Шөлөндөө”-д хамгаалагч хийж олсон хэдэн төгрөгөөрөө байрны мөнгөө төлчихөөд л илүү гарсан 30 мянган төгрөгөөр нь гараагаа эхлүүлж байлаа. Түүнээс хойш таван жилийн хугацаанд алдаж, онож явсаар жил хагасын өмнөөс хөлөө олж, бизнесээ амжилттай явуулж байна. “Urban” бренд гэхэд л жинсний зах зээлд тодорхой хэмжээний байр суурийг эзэлдэг болсон. Түүн шиг Монголчууд өөрсдөө дотооддоо үндэсний үйлдвэрлэлээ байгуулж, өмсөх хувцсаа үйлдвэрлэх хэмжээний байх хэрэгтэй. Энэ бол бүхэл бүтэн улсын хэмжээнд яригдах зүйл. Өмсөх хувцсаа дотооддоо үйлдвэрлэх хэмжээний болгохын төлөө зорьж энэ салбар руу орсон.

-Та огт өөр салбараас бизнесийн салбарт хөл тавьсан. Анх эхлэхэд ямар бэрхшээлүүд тулгарч байв?

-Ер нь гарааны бизнес эхлэхэд бэрх шүү дээ. Мөнгөтэй хүнд ч бэрх. Цоо шинэ огт мэдэхгүй салбарт хөл тавина гэдэг бол бэрх байсан. Миний хувьд анх ямар ч хөрөнгийн эх үүсвэргүйгээр оюутан залуу байхдаа энэ салбар руу орсон. Энэ хугацаанд буурь сууриа олох гэж маш их алдаа гаргана. Хүүхэд хөлд орохдоо нэлээд бүдэрч унадаг шиг маш их бүдэрч унасан. Бизнесээ эхлүүлээд жил гаран болсны дараа ах, эгч хоёр маань миний бизнесийг дэмжээд 2 сая гаран төгрөг зээлүүлж байлаа. Тэр мөнгөө бүгдийг нь алдсан. Энэ мэтчилэн уналт босолтууд бол их байсан. Гэхдээ унах болгондоо би ямар нэгэн зүйлийг олж авч байсан.

Би газрын тосны инженер мэргэжилтэй. Миний өөрийн зорилго бол улс эх орондоо хэрэгтэй зүйл хийх. Би зөвхөн хувцасны зах зээл рүү ороогүй. Хувцас бол ердөө миний бизнесийн суурь үүнийгээ тогтворжуулаад дараагийн салбар руу орно. Энгийн шүү дээ. Бид өөрсдөө дотооддоо саван вокоо ч үйлвдэрлэдэг болж чадна.  Бид өөрсдийн хийж чадах зүйлсээ хийгээд л байх хэрэгтэй.

-Анхны худалдан авагчаа хэрхэн олж авсан бэ?

- Энэ их сонирхолтой асуулт байна. Нагац ах маань хамгийн анхны худалдан авагч болж надаас 30 мянган төгрөгөөр өмд худалдан авч байсан юм. Үүний дараа Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс ах надаас хэд хэдэн хувцас худалдаж авсан нь надад маш их урам зориг төрүүлж байлаа. Хөх хотод ӨвөрМонголчуудын барилдаанд түрүүлэхдээ миний хийсэн хувцсыг өмсөж байлаа. Тухайн үед анх эхэлж байсан болохоор миний хийж байсан хувцас чанарын хувьд муу байсан. Материал, загвар гээд л тааруухан байлаа шүү дээ. Тэгсэн ч миний хичээл зүтгэлийг үнэлж хийсэн хувцсыг маань өмссөнд баярладаг. Тэр дэмжлэгээр л өдийг хүрсэн юм уу гэж боддог.

-Та өөрөө  хувцас оёдог уу?

-Одоо бол надад оёод байх шаардлага байхгүй. Би зөвхөн брендийнхээ менежмент, удирдлагыг нь зөв авч явах тал дээр түлхүү анхаарч ажилладаг. Жинхэнэ мэргэжлийн оёдолчдоор нь оюулах хэрэгтэй. Чи төмс шардаг бол төмсөө сайн шар, инженер бол түүнийгээ л сайн хий гэдэг үг байдаг шүү дээ. Түүн шиг тус тусын ажлаа л сайн хийх хэрэгтэй. Хүмүүсийн нийтлэг алдаа бол бүх зүйлд гар бие оролцон хийх гээд байдаг.

-Танай байгууллагын баримталдаг зарчим юу вэ?

-Би түүх сонирхдог, түүхийн чиглэлийн ном уншдаг. Эртний өвөг дээдсээ судлаад үзэхээр бид их чанартай зүйл хийдэг байсан ард түмэн.

Нэг дээл хийгээд насаараа өмсчихдөг. Нэг гутал хийгээд насныхаа талд өмсчихдөг. Хийгээд өмссөн хувцас нь хэдэн арван жилийн эдэлгээ даадаг.  Ийм чанартай зүйл хийдэг байсан учраас бид үүнийг залгамжилж хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бидний давуу чанар төдийгүй эдийн засгийн хувьд ч сайн үр нөлөөтэй. Эсгий , ширдэг, аргамж, хазаар, ногт гээд л нүүдэлчин соёл, Монголчуудын ахуй амьдралд дандаа чанартай зүйл хэрэглэгддэг. Тийм ч учраас Чанарыг эрхэмлэх нь нэн тэргүүнд.

-Материалаа хэрхэн сонгодог вэ?

-Материал сонголт бол нэн тэргүүний ажил. Хувцас гэдэг бол материалын чанараас шууд хамааралтай. Бид чанараараа тэргүүлнэ гэж түрүүн хэлсэн шүү дээ. Тиймээс чанартай сайн материал, даавууг Солонгосоос оруулж ирдэг.

-Өрсөлдөгчдөө хэрхэн харж байна вэ? танай байгууллагын давуу тал болон онцлог юу вэ?

-Би өрсөлдөгч байгууллагуудтайгаа холбоотой ойр дотно байхыг хүсдэг. Гэхдээ нэг талаараа боломжгүй ч юм шиг. Бид зөв өрсөлдөөн дээрээс илүү хүчирхэгжих ёстой. Өрсөлдөөн байж л аливаа зүйл дэвжин дээшилдэг. Одоо манай компани сүүлийн үеийн шинэ техник технологиуд, чанартай материалуудыг гаднаас нийлүүлэхээр зорьж байгаа. Ингээд ирэхээр өрсөлдөөн улам чангарна.

Онцлогийн хувьд судлаад үзэх юм бол манай компани спорт хувцасны зах зээлд хамгийн хямд үнийг тогтоосон. Аливаа бизнесийн зах зээл тодортой хэмжээнд уян хатан чанартай байх ёстой. Материалын зардал, үйл ажиллагааны зардал ийм гарлаа үнийн хувьд ийм хэмжээнд байвал болох юм байна гэх тооцоог нарийн гаргах хэрэгтэй. Үнийн хэт хөөрөгдөл үүсгэхгүй. Эргээд худалдан авагчиддаа ч хэрэгтэй. 

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Чиглэл чиглэлээр нь хөгжүүлж байна. Эхлээд спорт хувцасны маань үйл ажиллагаа тогтворжоод эхлэхээр бусад салбарууд руу орно. Дараа нь Монголчуудад юу хэрэгтэй байна вэ? гээд л санаанууд урган гарч эхэлнэ.

Миний өмнөө тавьсан зорилго бол массын хэмжээний маш том үйлдвэр байгуулах. Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээний цаашлаад олон улсын зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж ажиллаж байна.

О.Цэцэгсүрэн

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд