"Хүмүүс тэгээс эхэлсэн гэж ярьдаг бол бид хасахаас эхэлсэн"

Уншсан тоо: 6,547

“Монгол  брэнд” булангийн зочноор  Монголдоо  органик тураах тосыг үйлдвэрлэж байгаа залуу гэр бүлийг урьж оролцууллаа. Одоогийн байдлаар зөвхөн тураах тосоо үйлдвэрлэж байгаа. Удахгүй төрсний дараах гам алдалтанд зориулсан бүтээгдэхүүн гаргах гэж байгаа хэмээн шинэ санаа бүтээлээр дүүрэн угтаж авсан юм. Энэ бол “Инжир” брэнд. Инжир брэндийн санаачлагч нь Э.Шинэбаярын гэргий Б.Хонгорзул. Тэд хоёр хүүхэдтэй эхнэр нь гэртээ хүүхдүүдээ харж харин нөхөр нь гадуур хүргэлтэнд явдаг. Монголдоо сайхан амьдрахын төлөө хичээж зүтгэж яваа залуу гэр бүлийн төлөөлөл юм.

-Сайн байна уу Монгол брэнд булангийн уншигчдад өөрсдийгөө танилцуулахгүй юу?

Б.Хонгорзул:

- Улаанбаатар их сургуулийн интерьер дизайны ангид сурдаг. Хүүхдээ төрүүлээд 2 жилийн чөлөө авсан байгаа. Курс дамжаанд сураад гоо сайханч болсон.Шинээтэй 10 жилд байхдаа танилцаж байсан. Гэр бүл болоод гурван жил болж байна. Миний хань намайг буруу ч юм хийсэн, зөв ч юм хийсэн 100 хувь миний талд зогсож намайг дэмждэг. Аав маань бариа хийдэг байсан учраас би 13 настайгаасаа бариа хийж  эхэлсэн.18 настайдаа тураах салонд ажиллаж тэр үедээ хүмүүс 10 хоногт хамгийн ихдээ 12 см хасдаг байсан.

-Судалгаагаа хэр удаан хугацаанд хийсэн бэ?

Б.Хонгорзул:

 -Судалгаа 2 жил орчим болсон.Судалгаан дээр яг тос бол гараагүй. Тосны үндсэн түүхий эдээ гаргаж авсан. Монголд гичний төрлийн  шилэмдэг гээд ургамал байдгийг мэдсэн. Энэ ургамал халуун чанартай бөгөөд өөхийг гаднаас нь эрчимтэй хайлуулах боломжтойгоор зогсохгүй сайн массажлавал гэдсэнд хуримтлагдсан бохирдлыг гадагшлуулах боломжтойг мэдэж авсан.Хатаасан үрийг нь Оросоос авах боломжтойг мэдээд яаж хэрэглэх учраа олохгүй уламжлалт аргаар ургамал чигээр нь бариандаа ашиглахад 1 бариагаар л бүсэлхийн тойрог 3см- 9 см хүртэл багасч байсан.Нэг асуудал нь ямар ч хадгалах хугацаа байхгүй,өглөө хийгээд орой нь муудаж хурдан чанараа алдахаас гадна их хүчтэй ургамал учир хэрэглэхэд бэржгэнээд их тухгүй байдаг байсан тул тос болгохоор судалж эхэлсэн л дээ.

Зуурмаг байдлаар жил гаран явсан. Тэгээд жилийн дараа тос хийдэг хүмүүстэй холбоо тогтоогоод яаж хийвэл илүү үр дүнтэй, хүн болгон хэрэглэж болохоор тос болгох уу гээд Даваажаргал багштайгаа холбогдож туршиж эхэлсэн. 2018 оны 6 сарын 24-нд эцсийн байдлаар бүтээгдэхүүн болгож, 9 сард оюуны өмчид бүртгүүлээд албан ёсоор үйлдвэрлэж гаргасан.

-Судалгааны явцад Монголд үйлдвэрлэж байгаа өөр органик тураах тос гэж байсан уу?

Б.Хонгорзул

-Цэллюлит арилгах кофены скраб маш их байсан. Гадаадын тураах тос олон байсан. Монголын нэг тураах тос байсан, гэхдээ тэр 2017 оны 11 сард нэг удаа гарсан тэгээд дахиж гараагүй юм шиг байсан. Ер нь их хүндрэлтэй байсан.

Б.Шинэбаяр

- Манай гол бүтээгдэхүүн тос. Тосоо хийхийн хажуугаар одоог хүртэл судалгаа хийгээд суралцаад явж байгаа.

-Их хэцүү хүндрэлтэй байсан гэж байна. Юун дээр илүү хэцүү байсан бэ?

Б.Хонгорзул

- Нэгдүгээрт сав баглаа боодол, одоо болтол сав баглаа боодол дээрээ сайн тогтож чадаагүй л байна.Гарч эхэлж байхад олон хүмүүс тос тураана гэж юу байхав гэж үгүйсгэдэг байсан. Тэдгээр хүмүүст маш олон үр дүнгээрээ баталж чадсан гэж боддог. Хүмүүс дасгал хийгээд турчихна, хоолны дэглэмээр турчихна, тураах эм бэлдмэлээр турчихна гэдэг ч тэдгээрээр арилдаггүй өөх гэж байдаг. Мөн тэгж турах боломжгүй ч хүмүүс байна. Тэдгээрийн тод жишээ нь би. Багаасаа унаган махтай 10 жилдээ л 7 сартай жирэмсэн юм шиг харагддаг байсан. Би түнх мултардаг байсан учир дасгал ч хийж болдоггүй. Тэр маань энэ тосыг гаргах шалтгааны нэг болсон. Мөн дасгал хийх боломжгүй гэртээ хүүхдээ харж арын албаа нугалаад зав чөлөөгүй байдаг ээжүүддээ энэхүү тосоо илүү хүргэхийг зорьсон.

Б.Шинэбаяр:

 -Залуу хүмүүсийн хувьд бизнес эхлүүлэх их хэцүү юм билээ. Бид хоёр банк, банк бус байгууллага  дээр очсон зээл өгөөгүй. Мөн бичиг баримт, үйлдвэрлэл явуулах байр гээд их хүндрэлтэй зүйл олон байсан. Тэгээд ээжээсээ зуун мянган төгрөг зээлээд бизнесээ эхлүүлж байсан.

Анхны худалдан авагч нь ямар хүмүүс байсан бэ?

Б.Хонгорзул

- Анх 30 ширхэг сокний шилэнд тосоо хийгээд  хүргэж байсан. 30 ширхэг тосноос худалдаж авсан хүмүүс үргэлжлүүлэн тосоо авч  хэрэглэж байгаа. Тэр нь бид хоёрт их гоё санагддаг. Бид хоёрын амьдралыг авч явж байгаа зүйл тос болсон.(инээв) Өөрсдөө туршиж үзээд үр дүнгээ мэдэрсэн учраас ам бардам зардаг. Дэлхий нийтэд таргалалт хамгийн том асуудал болсон. Гэхдээ таргалалт дотроо олон янз байгаа. Арьсны гадаргуу дээр байгаа цэллюлитыг одоо өвчин гэж хүлээж авдаг болсон.

-Та хоёр шинэ бүтээгдэхүүн гаргах уу ?

-Хүүхдээ төрүүлсний дараа гам алдах хэцүү байдаг. Нэг нууц задлахад төрөөд гам алдсан ээжүүддээ зориулаад бүтээгдэхүүн гаргах гээд бэлэн болсон байгаа.

-Танай бүтээгдэхүүний онцлог давуу тал юу вэ?

Б.Хонгорзул

-Орц найрлагын хувьд шилэмдэг гээд ургамлын шар үрийг 14-21 хоног дарж хийдэг. Хугацаа уртасгагч зөгийн лав. Сэлэнгийн зөгийн аж ахуйтай гэрээтэй ажилладаг. Тэгээд кокосны тос. Кокосны тос язралт арилгах үйлчилгээ үзүүлдэг. Манай тосны нэг давуу тал цэллюлит, давхар язралт арилгадаг. Цэллюлит хөдөлгөөнд орж байж арилдаг зүйл тийм учраас тосоороо өдөрт 5 минут орчим массаж хийнэ. Илүү хурдан үр дүн гаргана гэвэл хүнсний скочоор  2-4 цаг орчим ороож авахаар хөлс маш сайн задарна. Үүсээд удаагүй цэллюлит бол эхний өдрөөс, удсан буюу чулуужсан цэллюттэй хүмүүс 20 хоногийн дараа зөөлөрч үр дүн мэдэгдэнэ.

Б.Шинэбаяр

- Өөр ямар нэгэн ажил хийхгүй зөвхөн энэ бүтээгдэхүүндээ бүх цаг заваа гаргадаг болохоор чанартай бүтээгдэхүүн хийхийг зорьдог.

-Борлуулалтаа хаагуур хийж байна. Хориглох заалтны тухай тодруулбал?

Б.Хонгорзул

-Фейсбүүк хуудаснаасаа захиалгаа аваад хүргэж өгнө. Мөн манай урлан дээрээс ирээд авч болно. Савалгааний хувьд 150гр, 450гртай байгаа. 450 граммтайг 3сар орчим хэрэглэнэ. Жин ихтэй хүмүүс бол 1 сар гаруй хэрэглэдэг. 150 граммтайг 1 сар орчим, зарим нь арай сар хүрэхгүй хэрэглэж дуусах тохиолдол байгаа.

Манай тосонд хориглох заалт гэж байгаа. Хэт эмзэг мэдрэмтгий арьстай хүн, бөөрний архаг үрэвсэлтэй хүн хэрэглэхийг хориглоно. Яагаад бөөрний архаг үрэвсэлтэй хүн хэрэглэхийг хориглож байна вэ гэхээр бөөр шүүх эрхтэн учраас ямарваа шингэнийг гадагшлуулах чадваргүй болсон байдаг. Тос маань цэллюлитийг хөлс шээс болгож гаргадаг. Бөөр тэрийг шүүж чадахгүй бол эргээд хавагнадаг болохоор хориглох заалт тавьсан байгаа.

-Энэ хоёр хориглох заалттай хүмүүс орцыг нь өөрчлүүлээд тосоо хийлгэж болох уу?

Б.Шинэбаяр - Тийм тос одоо хийх гээд туршаад судлаад явж байгаа. Яг энэ тосыг бол болохгүй.

“Инжир” брэндийн фейсбүүк https://www.facebook.com/injirbrand/

Г.Бадамханд

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд