Үр хүүхэдтэй холбоотой бэлэг дэмбэрлийн үгс

Уншсан тоо: 2,611

Аав ээждээ ачтай болсныг дуулгахдаа

Үрээ дүүрээд

Үрээгээ хөтлөөд

Хойтон жилийн өдийд

Хос баяртай ирье ээ!

Айлгамхай хүүхдийг адислан мялаахдаа

Өвчин шуухитнаагүй өсөх болтугай

Тойтгор түйтгэргүй торних болтугай

Ач зээдээ

Өглөө залхуурваас өрөмгүй болдог

Өвөл залхуурваас үхэргүй болдог

Эрт босож байгтун

Их ажиллаж явагтун

Залуус, охидод

Зандан модны мөчир шиг

Дэлгэрч явтугай

Хурай, хурай, хурай

Замбага цэцгийн дэлбээ шиг

Цэцэглэж явтугай

Хурай, хурай, хурай

Нялхасын баярт оролцох үед

Ямархан хүлэг болох нь

Унаган цагаасаа танигддаг

Ямаршуухан хүн болох нь

Хүүхэд багаасаа мэдэгддэг

Сар бүрд сайн нь тодрог

Он бүрд оюун тодрог

Ой хүрч байгаа хүүхдэд

Цаг тутам жавхаалаг сайхан

Өдөр тутам өнгөлөг сайхан

Жил тутам жигд сайхан

Насан туршдаа намбалаг сайхан

Хүмүүн болох болтугай

Өлгийтэй нялхасыг мялаахдаа

Соргог сайхан оюунтай

Сэргэг сэргэлэн аальтай

Хөөрхөн олон дүүтэй

Хүмүүний од болооройп

Сургуульд орж буй хүүхдэд

Далай их эрдэмтэй

Даруу дөлгөөн араншинтай

Даяар олонд хүндтэй

Даамай сайн хүмүүн болтугай

***

Эдийн олигтойг нь эдэлж яваарай

Эрдмийн оргилыг эзэлж яваарай

Хүүхдийн өгсөн юмыг авахдаа

Уулнаас өндөр биетэй

Уснаас гүн эрдэмтэй

Өндөр хүү болоорой

Хүүхдийн үс авахад

Алтан хайчийг даахинд хүргэснээр

Амь насны хутаг буян чуултугай

***

Мөнгөн хайчийг сэвлэгт хүргэснээр

Мөнх насны хутаг орштугай

***

Хуруун чинээхэн багаасаа

Хуланцынхаа алдрыг дуурсгаарай

Хувьтай төрсөн эх орондоо

Хуурмаггүй үнэнч иргэн болоорой

Хүүхдийн хүйс асуухад

Буга намнаач уу

Булга зүйгээч үү

Халиу намнаач уу

Хамба зүйгээч үү?

ЭХ СУРВАЛЖ: Зан үйлийн аман зохиол ном

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд