“Төрөхөөс үхэх хүртэл, байхаас үгүй болтлох үнэн”

Уншсан тоо: 4,068

“Өвчтөний сэтгэлийг асрахуй” хэмээх “Жавзандамба хутагт төв”-өөс хэрэгжүүлдэг төслийн ажлыг сонирхохоор Хавдар судлалын үндэсний төвд дээр очлоо. Уг төсөл нь Хавдар судлалын үндэсний төв эмнэлэг, Гэмтэл согогийн үндэсний төв эмнэлгүүд дээр хэрэгждэг эмч, өвчтөн, тэдний ар гэрийнхэнд хандсан сэтгэлийн болон эд материалын тусламж үзүүлдэг өргөн цар хүрээтэй ажил юм.

Энэ төслийг өнөөг хүртэл хариуцан ажиллаж буй Д.Номундалай лам Туяа эмчилгээний тасгийн үүдний сувилагчийн постны арын хэсэгхэн зайг ханаар тусгаарлан жижигхэн өрөө гаргажээ. Тусдаа уулзах хүсэлтэй, жаргал зовлонгоо хуваалцах гэсэн хэн бүхэнд тэр өрөөний хаалга нээлттэй.

“Бие махбодийг эмч засаад өгчихдөг, харин сэтгэл нь үлдчихээд байна. Сэтгэл гонсгор байвал эдгэрэлт удаан байдаг байхыг ч үгүйсгэхгүй. Сэтгэлийн амар амгалан бол бүх өвчнийг ялан дийлэх үндэс гэж бодож явдаг” гэснээр бидний яриа эхэллээ.

-Та бүгдийн хийж буй “Өвчтөний сэтгэлийг асрахуй” хэмээх энэ ажлын тухай мэдэхгүй хүмүүст  зориулаад та ерөнхий мэдээлэл өгөөч? Ямархуу тусламж үйлчилгээ үзүүлдэг юм бол?

-Энэ ажлыг хамгийн анх Т.Алтангэрэл гэдэг хүн санаачлаад, “Жавзандамба хутагт төв”-тэй хамтран Хавдар судлалын үндэсний төв дээр 2013 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн.

Би ажиллаад дөрвөн жил болж байна. Даваа пүрэв гариг болгон энд ирдэг. Хими эмчилгээ, туяа эмчилгээ, мэс засал болон хөнгөвчлөх, яаралтай тусламжийн тасгуудаар орж хүмүүстэй уулздаг.

Хүн хүнд өөр хүсэл, өөр хэрэгцээ байдаг. Тиймээс тухайн хүнд юу хэрэгтэй, юу дутагдаж буйг мэдэрч л би ажлаа хийдэг дээ. Зарим хүн зовлон жаргалаа ярьж асуухыг хүсдэг, заримд нь ном уншиж өгнө, заримд нь бясалгал заана, заримтай нь нутаг усных нь тухай хэсэгхэн сайхан ярилцаад гарах үе ч бий.

Хавдар туссан хүмүүсийн дийлэнх нь өөрийгөө хохирогч гэж боддог. Би яагаад энэ хавдар гэх аюултай өвчин тусчихав, би ямар азгүй хүн бэ гэх мэтээр. Тиймээс хорвоо гэдэг чинь угаасаа л зовлонтой, бүх л хүн төрөх, өтлөх, өвдөх, үхэх гэсэн дөрвөн зовлонгоор зовж буй гэдгийг тухайн хүнийхээ байр байдалд тааруулаад эвтэйхнээр ойлгуулахаар маш их тайвширдаг.

Нэг ёсондоо хорвоогийн зүй тогтолтой танилцаж, ойлгож эхэлж байгаа юм. Ер нь энд ирсэн хүмүүс номыг маш сайн ойлгодог. Яагаад гэвэл яг хорвоогийн бодит зовлонг үзэж байгаа учраас тэр. Сэтгэл санаа нь тайвшраад ирэхээр эмчилгээнд нь үр дүн гарч эхэлдэг. Тиймээс өвчтөний сэтгэлийг асрах, сэтгэлийг амирлуулах энэ ажил их хэрэгтэй.

-Сэтгэл амирлуулах гэж та хэллээ. Үүний тулд хүн өөрийн сэтгэлтэйгээ хэрхэн ажиллах ёстой вэ?

-Эхлээд хүн өөрийн болон бусдын сэтгэл зүрхийг хайрлан хамгаалах хэрэгтэй. Бидний бие, хэл, сэтгэлийг юу хамгаалдаг вэ гэхээр сэрэмжит сэтгэл хамгаалдаг. Сэрэмжгүй газар хулгай дээрэмчин амархан ордог шиг. Сэрэмжгүй сэтгэлд уур уцаар, хүсэл шунал тэргүүтэй нисваанист муу сэтгэлүүд шураглан ороод бидний амар амгалан, аз жаргалыг булаадаг. Тиймээс гандангийн үүдэнд 2 манаач арслан байдаг нь сэрэмжийн хоёр нөхөр болсон дурьдал, мэдэмсэр гэсэн хоёр хамгаалагчийг билэгдсэн байдаг. Харин сүм дуган нь сэтгэлийг билэгддэг. 

Энэ чадамжийг ном сонсож, санаж бясалгасны үр дүнд олж авдаг. Эхлээд ном эрдмийг сонсож судлаад хэрэгтэй зүйлээ эргэцүүлэн санаад, түүнийгээ бясалгана. Бясалгана гэдэг нь дадал болгож, амьдралдаа хэрэгжүүлнэ гэсэн үг. Санах бүртээ л бясалгана. Ингэж олон дахин сэтгэлээ шинжилсээр адгууслаг чанараас амирлангуй чанарыг олж сэтгэлээ бат сахиж чадна. Энэ чадамжийг олж чадвал өөрт болон өрөөлд зовлон төвөг учруулахгүй.

Бодьсадвын явдалд орохуй шашдирт

"Эгэл биеийн өвчнөөс айхдаа

Эмчийн зөвөлгөөг дагах атал

Эргүү мунхаг сэтгэлийн өвчинд

Эгнэгт нэрвэгдсэнийг өгүүлэх юун.

Бүх дэлхийн хүн зоныг

Бүрэлгэн сүйтгэдэг энэ өвчнийг

Бүрэн эдгээх өөр эм

Бүгдээс эрэвч эс олдох. 

Эдгээж чадах эмч нь болсон

Эрхэм дээд гэгээрэлд хүрэгсдийн

Эмчилгээ мэт сургаалыг мөрдөхгүй

Ийм мунхралыг халаглаж баршгүй" хэмээсэн байдаг.

-Сэтгэлээ засах, сэтгэлээ удирдаж сурах гээд ярихаар энэ бүхэн буддын шашинтай холбогдох юм?

-Буддын шашны судлагдахуйн 100 хувь сэтгэл судалдаг. Бидний уншаад байдаг Ганжуур, Данжуураас авахуулаад энэ олон зуун ботиос юу судалдаг вэ гэхээр муу сэтгэлийг хэрхэн яаж ялан дийлэх вэ, сайн сэтгэлийг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдгийг судалдаг. Нэг ёсондоо буддын гүн ухаан оюуны хөгжлийн дэс дараалал аргачлал, замыг судалдаг.

-Гэтэл бидний дийлэнх нь буддын шашин гэхээр засал ном, мэргэ төлөг гэж ойлгоод байдаг шүү дээ?

-Монголын хувьд бурхны шашин дөнгөж хөлд орж байна. 70 жил нухчиж дарсны дараа эргэн сэргэж буй учраас хүндрэлтэй зүйлс зөндөөн. Сонирхуулаад ярихад би Тайландад явж байгаад хоолны газар гар утсаа мартаад гарсан байсан. Гурав дөрвөн цаг өнгөрсний дараа гэнэт утсаа орхисноо мэдээд буцаад очтол яг миний сууж байсан ширээн дээр яг хэвэндээ байж байгаа юм. Тайланд буддын шашинтай улс шүү дээ. Буддын шашин нь сайн хөгжиж байгаа улс орны хүмүүсийн ёс суртахуун маш өндөр болсон байдаг. Бас нэг жишээ гэхэд Япон байна. Бас л буддын шашинтай орон.

-Танай төвийн фейсбүүк хуудсанд өнгөрсөн өвөл та өвлийн өвгөн болж, бэлэг тарааж буй зураг байсан?

-Тийм ээ. Зөвхөн лекц уншаад хүмүүстэй яриад суудаг ажил биш л дээ. Бид эд материалын хувьд ч тусламж үзүүлдэг. Зарим нэг өрөөг тохижуулж, давхруудад ус цэвэршүүлэгч байрлуулах гэх мэт. Шинэ жилээр энд эмчлүүлж буй хүмүүстээ Өвлийн өвгөн болж бэлэг өгдөг. Зарим настай хүмүүс “Амьдралдаа анх удаа Өвлийн өвгөнөөс бэлэг авч үзлээ” гээд баярлаад уйлдаг. Энэ жил ч гэсэн энэ уламжлалаа үргэлжлүүлж, хүмүүстээ бэлэг өгөхөөр бэлтгэж л байна.

Хэсэг зуур ярьж суусны дараа бид Хими эмчилгээний тасгийнхан руу явсан юм. Шинээр нэмэгдэж хэвтсэн хүмүүс дээр эхэлж орлоо.

Д.Номундалай лам “Би энд долоо хоног болгон ирдэг хүн байгаа юм аа. Та бүхэнд нэг амархан бясалгалын арга зааж өгье” гээд ажлаа эхлүүллээ. Монголчуудын дийлэнх нь буддын шашинтай учраас лам хувцас өмссөн түүнийг өрөөнд нь яваад ороход баярлан хүлээж авахаас дургүйцэх хүн гардаггүй ажээ.

Түүний яриаг бүгд чих тавин сонсож, хамтдаа бясалгаад дараагийн өрөө рүү гарахад бүгд талархлаа илэрхийлж, нүүрэндээ инээмсэглэл тодруулан үдлээ.

Д.Номундалай ламыг дараагийн өрөө рүү ороход коридорт зогсох нэг эгч сониучирхан харж, над руу дөхөж ирээд “Миний дүү таньдаг хүндээ ном уншуулж яваа юм уу” гэв. “Үгүй ээ, эгчээ. Энэ хүн долоо хоног бүр энэ тасгуудаар явж, хүмүүстэй уулздаг хүн байгаа юм аа” гэхэд “Ямар сайхан юм бээ, миний хэвтэж байгаа өрөөгөөр ч гэсэн орох юм байна тийм ээ. Эгч нь тэр өрөөнд хэвтэж байгаа шүү” гээд өрөөгөө зааж өгөн “Эгч нь гялс тариагаа хийлгэчихээд хүлээж байя” гэсээр яаран алхлаа.

Ингээд тус тасгийн бүх өрөөгөөр орж дуусгаад бид хоёрын яриа эмч, сувилагч, асрагч нарын тухай үргэлжиллээ.

-Өвчтөнүүдээс гадна эмч нарт хандсан ажил хийгддэг үү?

-Эмч нартайгаа хамтарч ажиллаад тэдний жаргал зовлон ажил үйлс бүхий л зүйлсийг бага сага гадарладаг болж ирдэг юм байна. Намайг лам хүн болохоор ч тэр үү надад нарийн ширийн ихэнх асуудлаа нууж хаалгүй нээлтэй, ах дүү шиг л ярилцдаг болж.

Эмч, сувилагч, асрагч нарын ажил бол асар хүнд ажил юм байна гэдгийг ч би ойлгож эхэлсэн. Олон газраар олон хүмүүстэй хамтраад нийгмийн ажил чамгүй л хийж явсны туршлага дээр хэлж байгаа юм шүү. Хүн өвдсөн зовсон үедээ маш эмзэг, сэтгэлээр унасан байдаг. Тэр бүгдийг ойлгож эмчилж, ааштай ууртай уцаартай, сэтгэл нь хямарсан хүмүүстэй харьцаж, өтгөн шингэн холилдсон, сайн муу бүхий л зүйлтэй тулж ажиллана гэдэг яахын аргагүй амаргүй ажил.

Энэ хэдэн жил хамтраад ажиллахад өчүүхэн надад нэг анзаарагдсан зүйл нь эмч нар маань үнэхээр баатрууд юм.

Яагаад гэвэл, тэд хонон өнжин ажилладаг. Сувилагч асрагч нар бол хоёр өдөр гараад нэг шөнө хонож ажилладаг. Хүн нойргүй олон жил ажиллахад маш амархан хөгширч ядардаг. Олон жил жижүүр эмч хийсэн нэг эгчтэй таарч явлаа. Тэр эмч эгч маань олон жил шөнийн ээлжийн ажил хийсэн болохоор тэтгэвэрт гарсан ч шөнө унтаж чадахаа больж, нойргүйн өвчтэй болсон байсан. Харахаар нүд нь гөлийсөн, ув улаан, яг удирдлаггүй болсон хүн шиг.

Уламжлалт анагаах ухаанд хүн унтах цагтаа унтахгүй бол хий арвидана гэдэг. Би тэр эгчдээ эм тан барьдаг багшийгаа зааж өгөөд бясалгал хийж сурахыг санал болгосон.

Ер нь ээлжийн ажлын энгийн нэг бэрхшээл л энэ. Үүнээс гадна шөнө ээлжинд гарсан үед ээж аав нь эзгүй, эхнэр нөхөр нь байхгүй ар гэр нэг л тавгүй байх нь ойлгомжтой. Хүүхдүүд нь шөнө орой гараад компьютер тоглоод, гэмт хэрэгт орооцолдоод явчих тохиолдол ч бий.

Заримынх нь нөхөр нь архи уугаад, хонож өнжөөд явчихна. Энэ бүгдийг даван туулж ажиллана гэдэг үнэхээр баатар л гэж хэлмээр санагддаг. Дээр нь эмчийн цалин хэд билээ. Манай улсын хангамж юу билээ гээд бодохоор үнэхээр баатарлаг хүмүүс шүү.

Буддын шашинд баатар гэж ямар хүнийг хэлэх вэ гэхлээр Бодьсадва хүнийг хэлдэг. Бодьсадва хүн гэдэг нь бусдыг сайн сайхан, аз жаргалтай учруулж, өөрөө тэр мэдрэмжээсээ аз жаргал, баяр баясал авдаг хүнийг хэлдэг.

-Таны ажлыг эмч нар хэр ойлгож, дэмждэг вэ?

-Ер нь манай эмч нар их сүсэгтэй байдаг. Яагаад бусад салбараас илүү ийм сүсэг бишрэлтэй байдаг юм болоо гээд бодоод байсан чинь Бурхан багш “Энэ хорвоог зовлонгийн мөн чанартай, орчлонгийн 4 далай” хэмээсэн байдаг. Энэ нь төрөх, өвдөх, өтлөх, үхэх дөрөв.

Энэ дөрвөн орчлонгийн үнэнтэй шууд нүүр тулж ажилладаг хүмүүс бол эмч нар. Бодоол үз л дээ хүн төрөхөөс авхуулаад байхгүй болох хүртэл хорвоогийн мөн чанар болсон хувирч өөрчлөгддөг, хоосон чанартай тэд нүүр тулж ажилладаг, хүний амьдрал тэдний нүдний өмнө урсан өнгөрч байгаа болохоор сэтгэл нь дэвтсэн баатар бодьсадва нар байдаг юм байна гэж бодсон.

Нээрээ л бид чинь жаргалтай өвдөж зовоогүй үедээ юун эмч, эмнэлэг, гандан. Бараг зарим нь муу ёр шахуу боддог.

Бодит үнэн бол төрсөнөөс авахуулаад үхэх хүртэл бид чинь эмч эмнэлийн гарт л очдог шүү дээ.

Энэ хүмүүстэй хамтарч ажилаж байгаа маань хуврага хүний хувьд нэр төрийн хэрэг юм. Та бүхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Танд баярлалаа.

Н.ЦЭНДСҮРЭН

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд