Ө.Даваасамбуу: Өөрсдийн зохион бүтээсэн загварыг трэнд болгоно

Уншсан тоо: 625

"Монгол брэнд" булангийн зочноор “Яруу” брэндийн үүсгэн байгуулагч Даваасамбуу оролцлоо. Арьсан эдлэл хэрэглэх дуртай тэрээр өөрийнхөө сонирхол, хүсэл мөрөөдөлдөө хөглөгдөн цаашдаа их зүйлийг хийхээр бодож төлөвлөж байна даа гэсээр  ярилцлагаа эхлүүлсэн юм.

-“Яруу” брэнд хэдэн онд байгуулагдсан бэ?

-Манай компани анх 2016 онд Казахстан улсын зах зээлд зориулсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. 2017 оноос дотоодын зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүнээ хийж байна.

-Яагаад “Яруу” гэж нэрлэсэн бэ?

-Яруу гэдэг үг “яруу тансаг яруу сайхан” гэсэн гоё сайхныг илүү их тодотгосон утга агуулсан үг. Дээрээс нь миний төрсөн нутаг Завхан аймгийн Яруу сум. Нутгийнхаа нэрээр брэндээ нэрлэсэн нь нутгийнхаа нэрийг өөрийнхөө чадах хэмжээнд өндөрт өргөж явахыг хүсдэгтэй холбоотой. Өөрийнхөө хийж байгаа зүйлээрээ дамжуулаад төрсөн нутгаа гадна дотны олон хүмүүст таниулахсан гэж боддог. Нэг талдаа бас эх оронч үзэл гэх юм уу

-Яагаад арьсан эдлэлээр бүтээгдэхүүн урлъя гэж бодсон бэ?

-Монгол улсын эдийн засгийн гол тулгуур салбарын нэг нь мал аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүн. Тэр дундаа арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрүүд бага, арьс ширэн түүхий эдийн хаягдал их байгаатай холбогдуулаад хаягдаж буй арьсыг яаж бүтээгдэхүүн болгож нэмүү өртөг шингээн худалдаалж болох вэ гэдэгт үндэслээд энэ чиглэлийг сонгосон. Би өөрөө арьсан эдлэл хэрэглэх дуртай, бас энэ чиглэлийг их сонирхдог маань арьс ширэн бүтээгдэхүүн хийж эхлэхэд нөлөөлсөн байх.

-Брэндийнхээ загварыг яаж гаргадаг вэ?

-Манай брэндийн загварыг хариуцаж ажилладаг н.Отгон гээд загвар зохион бүтээгч залуу байгаа. Бид нар гадны брэнд бүтээгдэхүүнийг дуурайхаас илүүтэйгээр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бүтээгдэхүүн гаргахыг зорьж ажилладаг.

-Та цаашдаа ямар зорилоготой ажиллаж байгаа вэ?

-Манай компаний үндсэн зорилого гэвэл Монгол малынхаа арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээл дээр худалдаалах. Мөн арьс ширэн бүтээгдэхүүний чиглэлдээ дэлхийн хэмжээний компаниудтай өрсөлдөхүйц компани болох зорилогтой.

- Зах зээлээ хэр судалсан бэ?

-Би Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоонд бэлэн бүтээгдэхүүн хариуцсан менежрээр 2 жилийн хугацаанд ажиллаж байсан. Энэ хугацаанд өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу тодорхой хэмжээний судалгаа хийгдэж байсан. Гэхдээ тухайн үед хийгдэж байсан зах зээлийн судалгаанаас одоо хэрэглэгчдийн шаардлага бол тэс өөр болсон. Цаг тухай бүрд нь хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүний чиг хандалагаа өөрчлөхгүй бол хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхол сэтгэхүйн хурдыг гүйцэж ажиллахад бэрхшээлтэй байна.

-Хэрэглэгч өөрөө загвараа гаргаад танайхаар хийлгэе гэвэл болох уу?

-Болно, дотооддоо хийж байгаа бүтээгдэхүүн ихэнхдээ захиалгын чиглэлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Албан байгууллагууд, хувь хүмүүс өөрсдийнхөө хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн хийлгэж болно. Манайх цүнх, түрийвч, тэлээ, бусад жижиг эдлэл гэсэн 4 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Тэр дотроо ямарч загвараар бүтээгдэхүүнээ захиалан хийлгэх боломжтой.

-Яруу брэндийн бусдаас ялгарах онцлог давуу тал юу вэ?

-Нэгдүгээрт Монгол малынхаа арьсаар хийдэг. Энэ нь бол бусдаас ялгарж байгаа нэг онцлог. Манай арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн боловсруулалтын түвшин сайжирч байгаа учраас ямар ч бүтээгдэхүүнд тохирсон арьс дотоодоосоо худалдан авах боломжтой болж байгаа. Тиймээс бид эх орныхоо үйлдвэрүүдийн боловсруулсан арьсыг голчлон хэрэглэдэг.

Хоёрдугаарт бид нар яг өөрсдөө Монгол хүний ур ухаан шингэсэн бүтээгдэхүүн гаргадаг. Трэнд болж байгаа загварыг бид нар дуурайж бүтээгдэхүүн хийхээс илүү өөрсдийнхөө зохион бүтээсэн загварыг трэнд болгохыг зорин ажиллаж байна.

-Анх брэндээ үүсгэж байхад ямар бэрхшээлүүд тулгарч байсан бэ?

-Ер нь ганцхан арьс ширэн бүтээгдэхүүн гэлтгүй жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа бидэнд асар олон бэрхшээлүүд тулгардаг. Эхний ээлжинд хүний нөөцийн асуудал.

Яагаад гэхээр манай Монголчуудын нэг хандлага гэх юм уу боловсролын тогтолцооноос их хамаардаг юм уу улс, хувийн их дээд сургуулиуд ихтэй учраас дээд боловсрол эзэмшсэн залуучууд маань туслах чиглэлийн үйлдвэрийн ажил хийх сонирхолгүй байдаг нь өнгөрсөн хугацаанд их анзаарагдаж байгаа.

Залуучууд маань биеийн амрыг харсан ажлуудыг хийх их сонирхолтой санагдсан. Ажилгүй иргэдийн тоо их хэрнээ ажилд орох хүсэлтэй хүмүүс нь цөөхөн байдаг. Мөн арьс ширэн бүтээгдэхүүний технологич, арьсан эдлэлийн оёдолчин эсгүүрчин бэлтгэх сургуулиуд хомс байдгаас энэ салбарт ажиллах хүн энэ чиглэлийг сонирхох хүмүүс бага байдаг. Дараагийн дугаарт аливаа бизнесийг явуулахад санхүүжилтийн асуудал их чухал. үйлдвэрлэлээ өргөжүүлэх бүтээгдэхүүний гарцыг сайжруулахад хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байдаг. Банкны бизнесийн зээлийн хүү өндөр байгаагаас хэрэглэгчдэд хүрч байгаа бүтээгдэхүүн үнэтэй болно. Бүтээгдэхүүн үнэтэй болсноор худалдан авалт, эргэлт багасана. Үүнээс шалтгаалаад бизнесүүд өргөжих боломжгүй болж ихэнх нь хаалгаа барьж, банкны зээлийн хүүнд дарлуулсан хүмүүс л үлдэж байна шүү дээ. ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл болон бусад газруудаас зарлагдаж байгаа төсөл хөтөлбөрүүдийн шалгуур шаардлага өндөр байдаг. Хамгийн эхний жишээ гэхэд барьцаа хөрөнгийн асуудал байдаг. Зээл авахын тулд зээл авах шаардлагагүй байх хэмжээний их шаардлага тавьдаг. Миний бодлоор үүний зохицуулалтыг илүү сайжруулах ёстой юм болов уу залуу хүмүүс тэгээс эхэлж байгаа болохоор хөрөнгө оруулалтын чиглэлийн компаниуд сангууд илүү олон байгуулагдах нь зүйтэй гэж боддог. Мөн гадаадын дотоодын сангуудын хөнгөлөлттэй зээл тусламжууд яг жинхэнэ эзэддээ хүрч чаддаггүй.

- Танайх бүтээгдэхүүнээ гадны зах зээлд гаргаж байсан. Гадагшаа гаргахад бэрхшээл хүндрэлтэй зүйл нь юу вэ?

-Бүтээгдэхүүн эхний ээлжинд чанартай байх хэрэгтэй. Монгол улсаас экспорт хийгдэж байгаа ямар нэгэн бүтээгдэхүүн Монгол улсын нэрийг төлөөлж гадны орнуудад худалдаалагдаж байгаа. Тэгэхээр бүх үйлдвэрлэгч компаниуд экспортын бүтээгдэхүүнүүддээ илүү сайн анхаарах хэрэгтэй гэж би боддог. Зөвхөн тухайн компаний нэр хүн бус улсын нэр хүндтэй холбоотой асуудал. Аль оронд экспорт хийхээс шалтгаалаад шалгуур шаардлага, гаалийн татвар өөр өөр байдаг. Манайх гэхэд Казакстан улсруу албан ёсны экспорт хийж бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа. Мөн ОХУ,Япон улсын онлайн сайтаар худалдаа хийхээр холбогдох байгууллагуудтай гээд гэрээ хэлэлцээр хийгдэж байгаа. Одоогоор хүчин чадал бага байгаа учраас бүтээгдэхүүний нийлүүлэлт бүрэн гүйцэт хийгдэж чадахгүй байна. Арьсан ширэн цүнх, жижиг эдлэл үйлдвэрлэгч ихэнх компаниуд нь 5-6 ажилтантай, эсвэл гэр бүлээрээ бичил бизнес өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ингэхлээр гадны томоохон компаниудтай хамтарч ажиллах боломжгүй болж байгаа юм. Худалдан авагч компаниудын шалгуур шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдэврлэж нийлүүлж чадахгүй байна. Одоо цагт онлайн худалдаа интернет орчины хөгжлийг дагаад дэлхийн аль ч оронд өөрийн бүтээгдэхүүнээ саадгүй худалдаалах боломжтой болж, аль ч орны компаниуудтай харилцах бүрэн боломжтой болж байна. тиймээс манай үйлдвэрлэгчид хамтраад нэгдэж нийлээд илүү том болох хэрэгтэй гэж боддог.

-Танай бүтээгдэхүүнүүдийг судлаад үзэхэд үнийн хувьд их боломжийн санагдсан энэ талаар?

-Хүмүүс үнэ дээр их анхаардаг . Аль болох бүтээгдэхүүнээ хямд үнээр яаж хүргэх вэ гэдгийг асар их бодож байгаа. Одоо худалдаалж байгаагаас ч илүү хямд үнээр худалдаалах боломж байгаа. Энэ юунаас шалтгаалах вэ гэхээр худалдан авагчдын тоо үйлдвэрлэлийн хэмжээгээнээс шалтгаална. Дээр хэлсэнчлэн үйлдвэрлэгчдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой. Дээрээс нь бид эхний ээлжинд ашигийг бус хэрэглэгчдийг өөртөө татах бодлого барин ажиллаж байна. Хэрэглэгчид танигдсаныхаа дараа бүтээгдэхүүний үнээ өсгөнө гэсэн үг биш л дээ. Одоогийн худалдаалж байгаа үнээс ч хямдаар худалдаалах боломж бидэнд байгаа. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийн ач холбогдол таны худалдаж авсан бараа бүтээгдэхүүнд төлж байгаа мөнгө дотоодын хэн нэгний цалин хөлс болж, хэн нэгэн малчны хүүхдийн сургалтын төлбөр болж, магадгүй таны хүүхдийн багшийн цалин хөлс болж байгаа. Импортын бүтээгдэхүүн худалдаж авсанаар таны мөнгө гадны хэн нэгний халаасанд орно гэсэн үг. Үндсэний үйлдвэрлэлээ дэмжиж худалдан авалт хийх нь таны эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ орууулж байгаа үнэтэй хөрөнгө оруулалт юм шүү. Гэхдээ үйлвэрлэгчдийн гол анхаарах зүйл бүтээгдэхүүний чанар,өнгө үзэмж, хэрэглэгчийн хэрэглээнд нийцсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж санал болгох хэрэгтэй гэж боддог. Юу ч хамгаагүй хийчихээд манай бүтээгдэхүүнийг л ав үндэсний үйлдвэллэлээ дэмж гэж тулгаж болохгүй шүүдээ. Манай зарим үйлдвэрлэгч нарт ийм хандлага байгаа харагддаг..

- Арьсан бүтээгдэхүүний чиглэл дээр өөрийнхөө санал бодлыг хэлэхгүй юу?

-Хүмүүс импортын бүтээгдэхүүнийг их авч хэрэглэдэг. Гэхдээ яг цэвэр арьс лидрин, хиймэл арьс гэдэг зүйлээ хэрэглэгчид маань өөрсдөө ялгаж чадахгүй байна. Тийм учраас хэрэглэгчдэд арьсан бүтээгдэхүүн ямар байдаг вэ? Гэдгийг сайн танилцуулмаар санагдсан. Худалдааны бизнес эрхэлж байгаа хүмүүсийг буруутгах гэж байгаа юм биш л дээ гэхдээ хүмүүст буруу ташаа мэдээлэл тарааж болохгүй. Арьс биш хиймэл арьсаар хийсэн, лидринээр хийсэн бүтээгдэхрүүнийг арьс гэж худалдаалдаг. Үүнийг ямар нэгэн бодлогоор арга хэмжээ авдаг юм уу зохицуулалт хиймээр санагддаг. Сайжруулсан арьсан бүтээгдэхүүн гэж хэзээ ч байхгүй. Сайн боловсруулсан арьс л гэж байж магадгүй. Ялгааг нь сайн ойлгодог байх хэрэгтэй.

- Тэгвэл яаж ялгах вэ?

-Ялгааг нь видео хэлбэрээр үзүүлвэл хүмүүст илүү ойлгожтой байх болов уу. Интернетээр ороод хайгаад шалгаад үзээрэй гэж зөвөлмөөр байна. манайхаас тун удахгүй бас энэ чиглэлээр видео контентүүд бэлтгэж хүргэхээр ажиллаж байгаа.

-Арьсан бүтээгдэхүүний чанар эдэлгээний хувьд?

- Арьс хуучрах тусмаа өнгө орж, хэрэглэх тусмаа гоёмсог болдог. Нэг арьсан цүнх аваад насан туршдаа хэрэглэх боломжтой.

Г.Бадам

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 17. 23:56

Amjilt hvsie ee

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд