Д.Даваадулам: Чихрийн шижин хүндэрвэл хөлөө тайруулах хүртэл эрсдэлтэй

Уншсан тоо: 4,648

Чихрийн шижин өвчний талаар БЗД-ийн ЭМТ-ийн Зөвлөх поликлиникийн дотоод шүүрлийн эмч, Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр Д.Даваадуламтай ярилцлаа. 

-Чихрийн шижин өвчнийг үүсгэж байгаа гол шалтгаант хүчин зүйл нь юу вэ? 

-Чихрийн шижин өвчнийг үүсгэж байгаа эрсдэлт хүчин зүйл гэж бий. Тухайлбал 35-аас дээш насныхан, таргалалттай, архи, тамхи хорт зуршил хэрэглэж байгаа хүмүүс, жирэмсэн үедээ дөрвөн килограммаас дээш жинтэй хүүхэд төрүүлж байсан, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй хүмүүс өвчлөх магадлалтай. Чихрийн шижин нь дотроо хэд хэдэн хэлбэртэй. Тодруулбал чихрийн шижин хэв шинж 1, 2, жирэмсний, бусад гэсэн төрөлтэй. Хамгийн элбэг тохиолддог хэлбэр нь чихрийн шижин хэв шинж хоёр. Энэ нь нийт өвчлөлийн 90 хувийг эзэлдэг болох нь тогтоогдсон. Одоо дэлхий дээр 425 сая хүн чихрийн шижинтэй гэх тооцоо байна. Харин 2045 он гэхэд 629 саяд хүрнэ гэсэн ДЭМБ-ын тооцоолол байгаа. Энэ статистикаар гурван хүн тутмын нэг нь хараагүй болох магадлалтай. Мөн зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл гурав дахин өндөр байна. Түүнчлэн бөөрний дутагдалд орох эрсдэл 10 дахин их байна. Үүнээс гадна 30 секунд тутам нэг хүн хөлөө тайруулдаг бол найман секунд тутам нэг хүн нас барж байна гэсэн тоо баримт бий.  

-Тэгвэл чихрийн шижин өвчний тохиолдол манай улсад ямар байна вэ? 

-1950 онд манай улсад энэ өвчин огт бүртгэгдээгүй байсан. Гэтэл 1990 оноос өвчний тархалт нэмэгдсэн. 1999 онд хийгдсэн глюкозын өөрчлөлт ба түүний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар 2996 хүнийг хамруулахад тархалт 3,1 хувьтай, глюкозын тэсвэржилтийн алдагдал 9,2 хувьтай байсан. Харин сүүлийн жилүүдэд амьдралын хэв маягийн өөрчлөлт, хотжилттой холбоотой чихрийн шижин өвчин хурдацтай тархаж байна. 2009 онд хийгдсэн халдварт бус өвчний хоёр дахь удаагийн үндэсний судалгаагаар чихрийн шижин  6,5 хувьтай байна гэж үзсэн. Харин өлөн үеийн глюкозын өөрчлөлт 9,5 хувь байсан.  Энэ судалгаанаас үзэхэд манай улсад 60-80 мянган хүн чихрийн шижингээр өвчилсөн байх магадлалтай гэсэн тооцоо байгаа боловч албан ёсны дүн мэдээгээр 2009 онд 7000 орчим хүн байгаа гэж үзсэн. Өөрөөр хэлбэл лабораторийн шинжилгээгээр нотлогдоод эмчийн хяналтад байгаа нь 7000 гэсэн үг. Мэдэгдээгүй хэд байгаа нь тодорхойгүй байна. Чихрийн шижингийн эрт илрүүлэлт одоогоор 10 хувьтай байна гэж үзэж байгаа. Сүүлийн жилүүдэд чихрийн шижингийн эрт илрүүлэгт дотоод шүүрлийн эмч нар болон холбоо анхаарал хандуулж, ӨЭМТ-ийн эмч нартай хамтраад эрт илрүүлгийг хийж байна. 

-Эрт илрүүлэг 10 хувьтай байгаа нь бага санагдлаа. Ер нь энэ өвчнийг эрт илрүүлэх нь ямар ач холбогдолтой вэ. Эсрэгээрээ хожуу үедээ оношлуулах нь ямар сөрөг нөлөөтэй вэ? 

-Чихрийн шижинг өнөөдөр оношиллоо гэхэд энэ нь таван жилийн өмнө байсан гэж тооцоолдог. Эрт илрүүлж, оношилсон тохиолдолд энэ өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтой. Хэрвээ эрт илрүүлж чадахгүй бол глюкозын өөрчлөлттэй, чихрийн шижингийн урьдал байдалтай, тарган хүмүүс чихрийн шижин  хэв шинж хоёрт шилжих магадлалтай. Эрт илрүүлбэл глюкозын өөрчлөлттэй хүмүүс эрүүл болох боломжтой. 

Өөрөөр хэлбэл тарган хүний жинг хасаад хоол, хөдөлгөөнийг нь зохицуулбал хэвийн болно гэж ойлгох хэрэгтэй.  Энэ байдлыг хожуу илрүүлбэл эмчилгээ, зөвлөгөө хяналт ихээхэн шаардлагатай болно. Ингэж байж цусан дахь сахарын хэмжээг хэвийн барих боломжтой. 

-Чихрийн шижин өвчний хүндрэл ямар байдлаар илрэх вэ? 

-Өвчний хүндрэл нь жижиг, том судасны хүндрэл, бөөр, нүд, зүрхний шигдээс, харвалт өгөх, зарим нөхцөлд хөлөө тайруулах хүртэл эрсдлийг бий болгодог. Тиймээс ч нэгэнт оношлогдсон тохиолдолд эмчийн хяналтад улирал тутам хянуулж, хүндрэлээс сэргийлэх боломжтой. 

-Энэ өвчин нь эрхтэн системд ямар байдлаар нөлөөлөх вэ? 

-Нүдний хүндрэл гэхээр нүдний торлогт цус харвах, шар толбо хавагнах, шинэ судасжилт үүсэх, болрын цайралт үүсэх гээд хор хөнөөл нь мундахгүй. Бөөрөнд гэхэд эхэн үедээ уураг алдаж, дараа нь бөөрний дутагдалд орох эрсдэлтэй. 

-Тэгвэл иргэд өөрт нь ямар шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй вэ? 

-Ихэвчлэн ам цангах, их уух, их шээх, шархны эдгэрэлт удаашрах, бэлгийн сулралтай болох, ядрах шинж тэмдэг илэрнэ. Энэ тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандаж, шинжилгээ, оношилгоо хийлгэх хэрэгтэй. 

-Урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ? 

-Хамгийн түрүүнд амьдралын зөв хэв маягт суралцах, дадах нь чухал. Тарган хүмүүс инсулины дөжрөлтэй болсон байдаг. Дөжрөл явагдсанаар чихрийн шижинтэй болох суурь тавигддаг гэдгийг санах нь зүйтэй. 

-БЗД-ийн хэмжээнд чихрийн шижин өвчтэй нь оношлогдсон хэдэн хүн хяналтад байж, эмчилгээ, үйлчилгээ авч байна вэ? 

-Дүүргийн хэмжээнд дотоод шүүрлийн эмгэгтэй 2384 хүн байгаагаас 2269 нь чихрийн шижинтэй байна. Хэв шинж нэгийн тохиолдол 35 байгаа бол үлдсэн нь хэв шинж хоёроор буюу амьдралын буруу хэв маяг, дадал хэвшилтэй холбоотой өвчилсөн байна. Эдгээр хүмүүс эмчийн хяналтад эмчилгээ, зөвлөгөө авч байдаг. Манай эрүүл мэндийн төвд өмнө нь чихрийн шижингийн нарийн шинжилгээ болох гурван сарын дундаж глюкозжсон гемоглобины шинжилгээг хийдэггүй байсан. Өвчтөнүүд ихэвчлэн хувийн лабораторид 15-17 мянган төгрөгөөр энэ шинжилгээг хийлгэдэг байсан бол саяхнаас салбар амбулатори-1 дээр эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийдэг болсон нь иргэдэд ирэх эдийн засгийн дарамтыг бууруулж чадсан ололттой ажил болсон.

 -Чихрийн шижингээр өвчилж байгаа хүмүүсийн дундаж наслалт залуужих хандлагатай болсон талаар мэдээлэл гарсан байсан. Дүүргийн хэмжээнд өвчилсөн иргэдийн насны хувьд? 

-Чихрийн шижин хэв шинж нэг нь аутоиммуны гаралтай,  далд явагддаг, халдварт өвчний дараа үүсдэг, 30-аас доош насныханд түгээмэл байна. Үлдсэн нь 35-аас дээш насныханд тохиолдож байсан боловч сүүлийн үед 20 гаруй насныхан, 35-аас доош насныханд үүсч байгаа нь эрүүл мэндийн салбарынхны анхаарах асуудал болж байна. ЭХЭМҮТ-ийн эмч нарын ярьж байгаагаар хүүхдийг тарган гэж өхөөрдөж байгаа нь буруу гэдгийг онцолж байсан. Учир нь тарган хүүхэд ирээдүйд чихрийн шижин хоёрдугаар  хэв шинжээр өвчлөх  магадлал өндөр байдаг гэж үзэж байгаа юм.

-Жирэмсний чихрийн шижин гэж байдаг талаар та түрүүн дурдсан. Энэ талаар? 

-Жирэмсэн үеийн чихрийн шижин нь жирэмсний 24 долоо хоногтойд үүсдэг ихээхэн онцлогтой. Өмнө нь чихрийн шижингээр өвдөж байгаагүй, зөвхөн жирэмсэн үед илэрдэг. Нэгэнт жирэмсний чихрийн шижинтэй болсон бол төрсний дараа цусан дахь глюкоз хэвийн болно.  Төрсний дараа тухайн хүн цусан дахь глюкозоо үзүүлэхэд алга болсон тохиолдолд өвчлөөгүй гэж үздэг. Харин төрсний дараа цусан дахь глюкоз хэвийн болоогүй бол чихрийн шижин хэв шинж хоёрт шилждэг. Таргалалттай хүмүүст чихрийн шижин хэв шинж хоёрт шилжих  магадлал өндөр байдаг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд