Ж.Нандинцэцэг: Энгийн л дөрвөлжин даавуу хувцас болсныг харах сайхан

Уншсан тоо: 985

Энэ удаагийн “Монгол брэнд” булангаараа “Эгдүнэ” хүүхдийн хувцасны брендийн үүсгэн байгуулагч Ж.Нандинцэцэгтэй ярилцлаа.

-Анх үйлдвэрлэлээ хэрхэн эхэлж байсан дурсамжаасаа хуваалцаач?

-Арван жилийн сурагч байхын л юм оёж шидэхдээ тааруухан хүүхэд байлаа. Цахилгааны инженер мэргэжилтэй хүн чинь юм оёод сууж байна гэж төсөөлөөгүй. Хадам ээж маань дээл урладаг, үйлд уран хүн. Төрөл бүрийн л хувцас урлана. Анх бэр нь болоод очиход надад ахуйн оёдлын “singer” машин бэлэглэж байсан юм. Гэрийнхээ нэг буланд байсан нөгөө оёдлын машинаа ажиллуулж үзье гээд л оёж эхэллээ. Чадахаар шинжтэй шүү. Мэдэхгүй зүйлсээ хадам ээжээсээ асуудаг байлаа.  Дэргэд хувцас оёдог хүн байхаар дагаад хиймэр санагддаг юм билээ. Дээл оёж үзтэл хэцүү санагдсан. Тэгээд л чадахаараа хүүхдүүддээ зориулж хэд хэдэн хувцас хийлээ. Анх бэлэн хувцсаа тавиад эсгэж үзсэн, төрөл бүрээр л туршиж үзнэ.  Яваандаа оёдлын сургалтанд суух нь дээр юм байна гэж үзээд сургалтанд суусан. Сар гаруй хугацааны дараа хүүхдүүддээ болон нөхөртөө цамц, футболк зэргийг оёж өгөх чадвартай болсон.

 Анх сонирхогчийн түвшинд зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд ажилладаг байсан бол илүү өргөн хүрээнд ажиллах санааг нөхөр маань гаргасан юм. “Яагаад хүүхдийн хувцас үйлдвэрлэж үндэснийхээ брендийг хөгжүүлж болохгүй гэж” гэхэд нь анхандаа яах бол, би чадах болов уу? гээд л эргэлзэж байлаа. Ханийгаа үргэлж дэмждэг учраас л зориглоод эхэлсэн дээ. Нөхөр маань барилгын инженер мэргэжилтэй. Бид хоёр арван жилийн нэг ангийн хүүхдүүд.

Тэгээд хоорондоо ярилцаж байгаад “Эгдүнэ” гэдэг нэрийг өгсөн. “Эгдүнэ” гэхээр өхөөрдөм сонсогдож байгаа биз.

 Хувцас оёод эцэст нь үр дүнг үзэх хамгийн гоё. Зүгээр энгийн дөрвөлжин даавууг чадахаараа эсгээд, оёод өмсөх хувцас болсонг үзэх хамгийн сайхан. Хийж чадахгүй ч хичээгээд л ард нь гарсныхаа дараа хийсэн зүйлээ харахаар сайхан ч муухай ч болсон би үүнийг хийсэн гэж бодохоор сэтгэлд өег сайхан л байдаг. Яваандаа хичээгээд л ямар ч зүггүй байсан хүн чинь зүгтэй болж эхэлнэ. Анх надаас хүүхдийн хослол худалдан авч байсан эгч “хүүе ээ чиний оёсон хувцсыг манай хүүхэд  тав хоног цэцэрлэгтээ өмслөө. Халтар болчихсон байна угаая гэсэн чинь “үгүй” гээд л тайлахгүй юм” гэсэн. Иймэрхүү зүйлсэд их урамшдаг юм билээ.

 -Одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа вэ?

- Ерөнхийдөө би өөрөө оёно. Дээрээс нь туслаж, дэмжих мэргэжлийн хүн хэрэгтэй учраас Их Засаг сургуулийн хувцас дизайнер мэргэжилтэй охиныг ажиллуулах болсон. Одоогийн байдлаар гурвуулаа ажиллаж байна. Анх сонирхогчийн түвшинд зөвхөн гэр бүлийнхэндээ зориулж эхэлж байсан бол одоо арай өргөн хүрээнд ажиллах болсон.

-Хувцас үйлдвэрлэлд мэдээж материалын чанар бол чухал шүү дээ. Материалаа хаанаас сонгож байна?

-Солонгос материалын дэлгүүрүүдээс сонгодог. Чанартай сайн материал хайгаад л барааны дэлгүүрийг нүүлгэх шахна. Хүүхдийн бие эмзэг учраас хамгийн гол нь даавуун тэгээд биед нь харшлаад байхгүй материал сонгох нь нэн тэргүүний ажил. Материал сонголт хийх их нарийн ажиллагаатай. Сайхан загвар гаргаад л түүнийхээ дагуу материал хайхаар яг төсөөлж байгаа шиг материал олддоггүй. Хамгийн төсөөтэй байдлаар л сонгох шаардага гарна. Тиймээс эхлээд санаандаа таарсан материалаа сонгож цуглуулаад дараа нь түүндээ таарсан загварыг гаргадаг.

 -Хэдээс хэдэн насны хүүхдийн хувцас оёдог вэ?

- Ерөнхийдөө 1-10 насны хүүхдүүдэд зориулж хийдэг гэхдээ энэ бол  тогтсон ойлголт биш. Анх бага хүүхдүүдэд зориулж хийж байсан. Хүмүүс том хүүхдийнх байхгүй юу гэж асуудаг. Тиймээс аль болох хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд тааруулан үйлдвэрлэхийг хичээж байгаа. Нэмэлтээр захиалгаар мөн хийх боломжтой.

 “Үнийн хувьд ч боломжийн. 5 мянган төгрөгний футболкноос эхлээд  75 мянган төгрөгний куртик хүртэл байдаг”

-Таны үйлдвэрлэж байгаа хувцаснуудын давуу тал, онцлог нь юу вэ?

- Мэдээж хувцас оёдог хүн бүр л нэн тэргүүнд давууны чанарыг эрхэмлэдэг. Манайх ч мөн адил. Загвар бүр нь дизайнерийн маань шинэ санаа байдаг учраас  өнгө, загвар хийцийн хувьд  тэр бүр давтагдаад байхгүй. Янз бүрийн загварын скиз зургаа гаргаад ирнэ. Түүнийг нь дэмжээд санаагаа нэмэн хоорондоо ярилцсаны эцэст нэг цогц болдог.

Мөн хувцас учраас мэдээж хамгийн чухал нь эдэлгээ сайн байх. Үүний тулд материалын чанар дээрээс нь нэмээд бат бөх оёдолтой байхыг эрхэмлэдэг. Төрлийн хувьд ч өргөн хүрээтэй. Дан ганц төрлөө дагнаад хийе гэхээр болохгүй юм билээ. Маш олон гоё санаанууд төрдөг. Тийм болохоор нэг төрөлд баригдана гэдэг бол хэтэрхий өнгөц зүйл.

-Шинэ жилд зориулсан загвараа гаргаад эхэлчихсэн үү?

-Тийм ээ. Цаг үеэ мэдэр ч ажиллах чухал. Удахгүй сар шинийн баярт зориулсан  хүүхдийн дээлнүүд ч мөн хийнэ.

 -Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

- Мэдээж нэгэнт эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзнэ. Үйлдвэрлэлээ өргөжүүлнэ дээ. Хийж байгаа зүтгэлийг минь үнэлээд гадаад бүтээгдэхүүн гэхээсээ илүү эх орондоо дор бүрнээ сэтгэлээ шингээн хийж байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байгаасай  гэж хүсдэг.

- Нэрийн дэлгүүрээ нээсэн гэсэн?

- Анх ажлын байрандаа лангуу тавиад борлуулж байсан. Хүмүүст хүртээмж багатайн дээр худалдан авалт хийхэд хүндрэлтэй талууд байсан. Саяхнаас Дүнжингарав худалдааны төвийн урд “S mart” –ийн 2 давхарт нэрийн дэлгүүрээ нээсэн.

О.Цэцэгсүрэн

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд