Г.Төгсөө: Хүүхэд насны хүсэл мөрөөдөл учраас үнэт эдлэлээ урлахдаа маш аз жаргалтай байдаг

Уншсан тоо: 1,316

Түүхийн турш хүмүүс үнэт эдлэл зүүж, ахуйн болоод гоёл чимэглэл, дурсгалын зүйлс хийж, хэрэглэж ирсэн. Хэрэв та үнэт эдлэл сонирхдог бол манай энэ дугаарын зочны ярилцлага таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ингээд “Гангантогос” брендийн үүсгэн байгуулагч Г.Төгсөөгийн яриаг хүргэж байна.

-Брендийн нэрний талаар яриагаа эхэлье. “Гангантогос” гэдэг нь үнэт эдлэлд их л тохирсон нэр юм шиг санагдаж байна?

-Намайг төрөхөд миний нэрийг аав минь өгч байсан гэдэг. “Би чамд хайртай” кинонд гардаг шиг хүү ч төрсөн, охин ч төрсөн энэ нэрийг өгнө гэсэн гэдэг. /инээв/ Хүүхэд байхад ээж аав маань надаас байнга “Миний охины нэрийг хэн гэдэг билээ?” гэж асуудаг байлаа. Би өөрийгөө Төгсөө гэж хэлж чадахгүй Гангантогосоо гээд л хариулдаг байсан. Тэгээд хүүхэд насны нэрээ мөнхлөх гээд сонгосон. Ихэнхи алдартай брендүүд өөрийнхөө нэрээр нэрлэсэн байдаг шүү дээ. Жишээлбэл “Coco chanel” байна, яахав дараа нь дурсамжтай юм уу гээд нэрлэсэн.

-Яагаад энэ төрлийн бизнес эрхлэх болсон бэ?

-Энэ их сонин түүхтэй. Дүү бид хоёр хүүхэд байхаасаа ямар мэргэжилтэй болох вэ гээд их ярилцдаг байсан. Дунд сургуулийн 7, 8-р ангид байхдаа мэргэжлийн чиг баримжаагаа олчихсон байсан. Тэгээд би хувцасны зураач, дизайнераар сураад, манай дүү гоёл чимэглэлийн дизайнаар сурсан. Дараа нь цогц брендийг бий болгоё гэж шийдээд 2016 онд компаниа үүсгэн байгуулсан.

-Ямар бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна?

-Гоёл чимэглэл, эмэгтэй хүмүүсийн аксессуар, ээмэг, зүүлт, бөгж болон ахуйн эд хэрэглэлүүдийг үйлдвэрлэж байна. Ахуйн эд хэрэглэл гэдэг нь мөнгөн аяга, дээжний аяга, хундага, цөгцний сэтгүүр, хэт хутга, гаанс зэргийг хийдэг.

-Үнэт эдлэлийн түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Манайх алт, мөнгө, зэсээр голдуу бүтээлээ урладаг. Түүхий эдээ цэвэр үрлэн хэлбэрээр нь гэрээт борлуулалтын цэгүүдээс авдаг.

-Танай бүтээлүүдийн онцлог тал нь юу вэ?

-Манайх дарь гангийн утсан сүлжмэлийг ашиглаж хийдэг. Бусад газрууд утсан сүлжмэлээр хийсэн байдаг л даа, гэхдээ үйлдэрлэлийн хэмжээнд массад зориулж цутгамалаар хийсэн байдаг. Манайх бол дарьгангийн сүлжмэлийг орчин үеийн хэв маягт оруулж бүгдийг нь гараар урладаг.

-Олон улсын зах зээлд борлуулалт хийх сонирхол байдаг уу?

-Бид нарт инстаграмаар, харилцаа талаасаа гадаадаас хамтран ажиллах саналууд ирдэг. Манайхтай хамтраад үзэсгэлэн гаргах боломжтой юу гэж асуудаг л даа. Энэ чиглэлийн бизнес өөрөө дэлхий нийтэд хийцийн хувьд ховор, сонин харагддаг байх. Манай хөршүүд болох Орос, БНХАУ-дад сүлжмэл аргыг ашигласан бүтээл байдаг боловч яг өв уламжлагдаж ирсэн дарьганга хийцийн дан болон давхар утсан сүлжмэлүүд төдийлөн байдаггүй. Бидэнтэй бас Герман, Оросоос хэд хэдэн хүмүүс холбогдож, үзэсгэлэн хамтран гаргах саналууд ирж байсан.

-Дотоодын зах зээлээ хэрхэн хардаг вэ?

-Дотоодын зах зээлийн хувьд төгс хэрэглээг сонирхогч хэрэглэгч бүрт зориулж хийнэ. Борлуулалтын хүрээгээ үнэт металл учраас насанд хүрсэн хүмүүс буюу 25-аас дээш насныхан гэж хардаг боловч гоо сайхандаа, эрүүл мэнддээ анхаардаг хүн болгоны хэрэглээнд тохируулж хийдэг. Манай хамгийн бяцхан захиалагч ой дөрвөн сартай байсан. /инээв/

Тэр хүний хэрэглээ хүсэл  сонирхолд нийцэж байвал хэрэглэгч бол хаан л гэж харж байгаа. Манайх 100 хувь захиалгаар хийдэг. Массад чиглэсэн үйлдвэрийн хэмжээнийх биш  ганцаарчилсан өндөр моодны гэгддэг ганцхан тэр хүнд зориулж бүтээгдэхүүнээ гаргадаг. Үүнийгээ дагаад үнийн хувьд бусад үйлдвэрлэлийн түвшнээс ялгаатай.

-Ямар төрлийн үнэт эдлэл хамгийн их зарагддаг вэ?

-Эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл ээмэг, бөгж, зүүлт байдаг. Үүний дараагаас мөнгөн аяга, ахуйн хэрэглэлүүд их эрэлттэй байдаг. Мөн манайх жижиг хэрэглэлүүдийг хийдэг үсний хатгуур, түлхүүрийн оосор, эсвэл төрсөн ордуудаар янз бүрийн чимэглэл хийж өгдөг. Үнийн хувьд боломжийн, бэлгэнд өгөхөд тохиромжтой байдаг учраас их авдаг.

-Энэ чиглэлийн бизнес хийж байгаа өрсөлдөгчдөө юу гэж хардаг вэ?

-Томоохон үйлдвэрүүд Монголд нэлээн хүчээ авч байна. Мөн дарханы чиглэлээр холбоодууд байдаг. Энэ болгон өрсөлдөгч ч гэлээ өрсөлдөгчтэй байж бид илүү хурцлагдана. Монгол дарханы урлалыг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байгаа. Үүний хүрээнд хэд хэдэн үзэсгэлэнд оролцож бүтээлээ олон нийтэд танилцуулж чадсан.

-Бизнес хийхэд хүндрэл, бэрхшээлтэй зүйл бий юу?

-Хамгийн наад зах нь санхүүгээ яаж босгох уу, эргэлтэд яаж оруулах, дараагийн эргэх хөрөнгө гэх мэтчилэн хүндрэл бэрхшээлүүд их байдаг. Гэхдээ миний хүүхэд насны хүсэл мөрөөдөл учраас үнэт эдлэлээ урлахдаа маш аз жаргалтай байдаг. Хийж байгаа бүх зүйлээсээ аз жаргалыг мэдэрч, ач холбогдол өгдөг. Ер нь бол энэ салбарт ажиллаад харж байхад бусад нийгмийн салбарыг бодоход стресс багатай санагддаг. Хүн дуртай зүйлээ хийгээд тэр бусдад таалагдаад баярлаж байгааг нь харах сайхан байдаг.

-Бизнесийн зарчим?

-Манай гол баримталдаг зарчим бол чанар стандарт. Зарим тохиолдолд ийм төрлийн бизнес эрхэлж байгаа байгууллагууд тодорхой хэмжээний амжилт олоод ирэхээр орц, граммаа багасгаж эргээд хэрэглэгчээ алдах нэг шалтгаан үүсгэдэг. Тэгэхээр бид чанартай, уламжлалаа алдахгүйгээр орчин үетэй хослуулах хэлбэрээр хийнэ гэдэг манай баримтлах зарчим.

-Аливаа зүйл эцсийн бүтээгдэхүүн болж гарахдаа маш олон шатыг туулдаг энэ бүгдийг яаж зохицуулдаг вэ?

-Манайх үүсгэн байгуулагдаад гурван жил болж байгаа ч гэлээ металл эдлэл маань улирлын шинж чанартай борлуулагддаг. Баяр ёслол, наадам, цагаан сар зэрэг үеүдээс бусад үед зогсонги байдаг. Ийм учраас бид олон хүн ажиллуулах боломж байдаггүй. Бид бүх зүйлээ өөрсдөө хийдэг. Одоогийн байдлаар бид 3-4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хэдий хүний тоо цөөхөн ч гэсэн хэрэглэгчиддээ бүрэн хүрч ажиллаж чаддаг. 

-Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, дизайндаа хэрхэн анхаардаг вэ?

-Бид гарааны бизнесийн зарчмаар ажилладаг. Мөн олон улсын ажиллах туршлага, хамтран ажиллах боломжийг судалж байгаа.

-Бизнесийн цаашдын зорилго юу вэ?

-Мөрөөдлөө бодитоор бий болгоно. Гоёл чимэглэлийг хувцастай хослуулж цогцоор нь гаргахаар төлөвлөж байгаа. Тухайн хэрэглэгчийн хүссэн загвараар цогцоор урлах зорилготой.

Г.ЖАРГАЛ

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд