"Японы судас нарийсгагчтай дусаалгууд төдийлөн тохиромжтой бус"

Уншсан тоо: 7,483

Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” булангаараа нүдний даралт өвчний талаар Болор мэлмий эмнэлгийн нүдний даралт, гоо заслын мэс засалч Ц.Энхсайхантай ярилцлаа.    

-Нүдний даралт өвчин юунаас болж үүсдэг вэ?

-Нүдний даралт өвчин гэж нүдний дотоод даралт ихсэж торлогийн мэдрэлийн ширхэг  болон  харааны мэдрэлийн хөхлөг гэмтсэний улмаас  хараа алдагддаг бүлэг өвчнийг хэлдэг. Удамшил,үрэвсэлт өвчин, нүдний гэмтэл, мэс заслын дараа, төрөлхийн гээд олон шалтгаанаас үүсдэг.

Дийлэнх шалтгаан нь бол насжилттай холбоотой. Нүд өмнөд ба ар гэсэн 2 үндсэн хорготой байдаг. Арын хоргод байрлах сормослог биеэс болор эвэрлэг зэрэг цусны судасгуй эрхтнүүдийг тэжээх  шингэн үүсдэг бөгөөд эргээд өмнөд хоргод байрлах шингэн гадагшлуулах шүүрүүлэх системээр нүднээс  гарч венийн судас уруу нэвчин орж байх ёстой.

Системийн үйл ажиллагаа хэдий чинээ сайн байна тэр чинээгээрээ нүдний даралт хэвийн байдаг. Нас ахих тусам энэ шүүрүүлэх системийн уян хатан чанар буурч шингэн гадагшлуулалт багасдаг. Нүдэн дотор үүсч байгаа шингэн, гадагшилж байгаа шингэн хоёр тодорхой хэмжээнд тогтвортой байж нүдний даралт 10-21 мм мөнгөн усны багана байдаг. Гэхдээ хувь хүний нүдний бүтцийн онцлогоосоо шалтгаалаад энэ хэмжээ өөрчлөгддөг.

Шүүрүүлэх системд ямар нэгэн саатал учирахаар нүдэн дотор үүсч байгаа шингэн гадагшилж чадахгүйн улмаас эсвэл шингэн хэт ихээр үүсээд байгаагаас нудний дотоод даралт байх ёстой хэмжээнээсээ ихэсдэг.

Нүдний дотоод даралт ихэссэнээр нүдний угт байдаг харааны мэдрэлийн ширхэгүүд гэмтэж эхэлдэг. Тийм учраас захын хараанаасаа төв рүү шилжсэн хараа муудалт эхэлдэг.Хүн ямар нэг чигт харж байхад заавал зориуд чиглүүлж харахгүй ч гэсэн дээд, доод, хажуу талын зүйлс харагддаг. Үүнийг хүний захын хараа гэж нэрлэдэг.

Нүдний даралт өвчний нэлээн хожуу үе шатанд хүн  дурангаар харж байгаа мэт төвийн хараа л үлддэг. Ийм тохиолдолд хүн орон зайн баримжаа муутай болно.

-Насжилттай холбоотой гэсэн. Хэдэн насныхан илүү өртөх магадлалтай вэ?  

-Шүүрүүлэх систем нь насжилттай холбоотойгоор биед хэрэгцээт каллогэн багассанаас уян хатан чадвараа алддаг. Нүдэн дотор их шингэн үүсч байгаа үед шүүрүүлэх систем тэлэгдээд үүсч байгаа шингэнийг тэр хэмжээгээрээ гаргах ёстой. 45-аас дээш насны хүмүүс ялангуяа 65-аас дээш насны хүмүүс нүдний даралт өвчнөөр өвдөх өндөр эрсдэлтэй.

-Илрэх шинж тэмдэг нь юу вэ?

-Нүдний даралтыг нээлттэй болон хаалттай өнцөгтэй гэж хоёр том бүлэг болгон хуваадаг. Нээлттэй өнцөгтэй нүдний даралтын  хөнгөн хэлбэрийн үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Архаг үе шатандаа хараа муудаж мэдэгддэг үзлэгээр нүдний уг нилээд гэмтсэн үедээ оношлогддог.

Шинж тэмдэг илрэхгүй байхаар хүн өөрөө мэддэггүй. Харин хаалттай өнцөгтэй нүдний даралтын үед харьцангуй эрт мэдэгддэг. Хаалттай өнцөг гэдэг нь ихэвчлэн Монгол хүмүүсийн хувьд шүүрүүлэх систем нь хаалттай буюу нарийсалттай байдаг. 

Тиймээс  шингэн ялгарч чадахгүй түгжигддэг. Тэр тохиолдолд огцом нүдний даралт ихэсдэг учраас нүд бүрэлзэх, толгой таллаж өвдөх, дотор муухайрна, гэрэл солонгорч харагдах шинжээр илэрдэг. Нүдний дотоод даралт ихэссэнээс болоод нүдний эвэрлэг бүрхүүл хавагнахаар солонгорч харагддаг. Гэнэтийн зовиур илрэхээр хүмүүс эмчид ирээд үзүүлдэг.

Харин зовиургүй нээлттэй өнцөгт глаукомийн үед өөрт мэдэгдэх шинж тэмдэггүйн улмаас архагшсан үед эмчид ханддаг. Тиймээс нүдний ямар нэгэн өвчингүй ч гэсэн жилдээ нэг удаа эмчид үзүүлээд нүдний угаа дурандуулах, ямар нэг өвчний сэжүүр байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй.  

-Хамгийн чухал анхаарах зүйлс нь юу вэ?

-Эцэг, эх, эмээ, өвөө нь нүдний даралт өвчинтэй гэж оношлогдсон бол 35-аас дээш насныхан 2-4 жил тутам урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх хэрэгтэй.

Хэрвээ нүдний даралт хэмээн оношлогдсон бол заавал тодорхой давтамжтайгаар эмчийн үзлэг, хяналтанд явах нь чухал. Яагаад гэвэл уг өвчин нь тодорхой хэмжээнд бүрэн эмчлэгддэг өвчин биш. Нэг үүссэн бол насан туршдаа явагддаг.

Яг л цусны даралт ихсэлттэй адил.Гол эмчилгээ  нь нүдний даралт бууруулах 4 бүлэг дусаалгууд,лазер болон мэс засал эмчилгээ бөгөөд эмч өвчний явц харааны байдлыг харгалзан менежмент хийдэг учир тогтмол эмчийн хяналтанд байж эмчилгээгээ таслахгуй хариуцлагатай байх нь чухал. Гэтэл хүмүүс хэсэг хугацаанд дусаалга хэрэглээд бүрэн эдгэрчихлээ гэж ойлгох эсвэл эдийн засгийн боломжоос шалтгаалан эмчилгээгээ зогсоох тал байдаг.

-Нүд хуурайших, загатнах үед дусаагуур, хиймэл нулимс хоёрын аль нь илүү үр дүнтэй байдаг вэ?

-Орчин үед дэлгэц их ширтэхтэйгээр холбоотойгоор мөн орчны тоосжилт хуурайшилтаас шалтгаалаад хүмүүсийн нүд их хуурайшдаг болсон. Амбулаторийн үзлэгийн 70-80 хувь нь нүдний хуурайшилт байдаг. Нүд аргах, улайх, загатнах, гадаа явахаар нулимс гоожино гэсэн зовиуртай байдаг. Эдгээр нь бүгд нүдний хуурайшилтаас үүссэн зовиурууд.

Сүүлийн үед японы судас нарийсгагчтай, түргэн үйлчилгээгээ үзүүлдэг дусаалгууд их худаалагддаг болсон. Тэр нь манай улсын эрс тэрс уур амьсгалтай орчин нөхцөлд төдийлөн тохиромжтой бус. Хиймэл нулимс гэж зориулалтын дусаалга байдаг бөгөөд энэ нь илүү үр дүнтэй тэжээллэг чанартай.

-Нүд улайлт юунаас болж үүсдэг вэ?

- Хамгийн энгийн шалтгаан бол нүдний хуурайшилт. Нүд хуурайшилтын үед нүдний өнгөн хэсэг эмзэг болдог. Нүд чийглэг байжээж тодорхой хэмжээний хэвийн бактертай байх ёстой .Нүд хуурайшихаар бактерүүд ни олширон эмгэг хэмжээнд хүрсэнээр өвчлөмтгий ,гадны нөлөөнд мэдрэмтгий болдог. Улайна гэдэг бол нүдний ямар нэгэн эмгэг үүсч байгаагийн илрэл.

О.Цэцэгсүрэн

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд