С.Мөнхбаяр: Хийсэн зүйл маань захиалагчдаа таалагдах л хамгийн чухал

Уншсан тоо: 553

Өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөөр, урлан бүтээж байгаа залуусын давлагаа үргэлжилсээр. Тэдний бүтээлүүд үндэсний үйлдвэрлэлээ дэмжигчдийн хэрэглээ болж байгаа нь таатай. Бүтээгч залуусын нэг болох С.Мөнхбаяр бүсгүйг энэ дугаартаа онцоллоо. Тэрээр ээлжийн ажлынхаа хажуугаар захиалагчдынхаа цүнхийг урладаг. Ингээд “Уран шувуу” брендийн үүсгэн байгуулагч С.Мөнхбаярын яриаг хүргэе.

-Ажлаа анх яаж эхлүүлж байсан түүхээсээ хуваацаач?

-Анх авга эгчийндээ цагаан сарын бууз хийлцэхээр очтол эгч бэрдээ зориулаад торгоор цүнх хийсэн байсан. Илүү хоёрын хийсэн байгаа,  чи зараад өгөөч гэхээр нь фэйсбүүкийн уран бүсгүйчүүд группд оруулсан. Надад маш их хандалт ирж, захиалга авах уу гэсэн санал ирсний дагуу авга эгчтэйгээ хамт хийж эхэлсэн. Би цүнхээ хийгээд хоёр жил гаруй болж байна. Анх юм оёж, цүнх хийнэ гэж бодоогүй байхдаа “Уран шувуу” пэйжээ нээсэн. Тэгээд энэ хаягаараа зарж эхэлсэн дээ.

-Нэг цүнх хийхэд хэр их хугацаа зарцуулдаг вэ?

-Хэмжээ болон загвараасаа хамаараад янз бүрийн хугацаанд гардаг. Хамгийн хурдан нь 30 минутад гарсан тохиолдол бий.

-Таны оёдог цүнхнүүдэд Монгол хэв маяг их харагдсан. Дизайнаа хэрхэн гаргадаг вэ?

-Бодож байгаад л гаргадаг даа. Захиалагч нар маань бас их санал хэлнэ. Би захиалагчийн хүсэлтийг маш чухал гэж боддог. Тэр хүнд л зориулж хийж байгаа болохоор өөрт нь таалагдах нь хамгийн чухал шүү дээ.

-Ингэж хөдөлмөр зориулсан зүйл мэдээж үнэ цэнэтэй байна. Өнгөрсөн хугацаанд таны оёсон хамгийн гоё бас үнэ цэнэтэй бүтээл юу вэ?

-Өөрөө хийж байгаа болохоор бүх цүнх маань гоё. Хамгийн үнэ цэнэтэй нь авга эгчтэйгээ хамт хамгийн анх хийж байсан загварын цүнх байдаг.

-Та бизнесийнхээ онцлог, давуу талыг юу гэж хардаг вэ?

-Онцлог нь мэдээж Монгол хэв шинжийг хадгалсан орчин үеийн дэгжин цүнх. Ер нь боломжийн үнийг санал болгож, сайн материалаар хийхийг хичээдэг. Манай цүнхнүүд ихэвчлэн торгоор хийгддэг. Дэлхийн хамгийн тансаг гоёл бол торго гэгддэг. Дорно дахины ард түмэн Европчууд ч торго өмсөх дуртай. Бид эрт дээр үеэсээ л торгыг дээдэлж, эдийн дээд хэмээн хүндэтгэж ирсэн. Ганцхан дээл гэлтгүй эрчүүд нь цамц, өмдөө торгоор хийж өмсөж, чанартай эдэлгээтэй үнэт торгоор хөөрөгнийхөө даалинг хийдэг байсан түүхтэй. Орчин үед бол янз бүрээр ашигладаг болсон байна.

-Материалаа хэрхэн сонгодог вэ?

- Ер нь торгоныхоо хээг их чухалчилдаг. Харж байгаад цүнхэндээ тохирох материалаа сонгож авдаг. Хамгийн сайн, чанартайг нь өөрөө харж байгаад авдаг. Манай цүнхнүүд торго болон арьсан материалаар хийгдэж байгаа.

-Зах зээлийн өрсөлдөгч их байдаг байх?

-Өрсөлдөгч ихтэй. Одооны залуу охид бүсгүйчүүд их мундаг байна. Байнга шинийг эрэлхийлж бусдаас илүүг хийхийг хичээдэг болсон.

-Бизнес хийхдээ хэцүү бэрхшээлтэй зүйлтэй тулгарч байв уу?

-Би үүнийхээ хажуугаар 24/72 ээлжийн ажил хийдэг. Шатахууны агуулахад инженер, химичээр ажилладаг. Тэгээд л гурван өдөр амарч байх хугацаандаа цүнхээ хийдэг дээ. Дуртай зүйлээ хийж байгаа болохоор тийм ч хэцүү байдаггүй. 

-Бизнестээ ямар зарчим баримталж ажиллаж байна?

-Хаа яваа газраа сайн бай, эргээд уулзахад үнэ цэнэтэй бай гэдэг үг байдагдаа. Тийм л байхыг хичээдэг.

-Бизнесийн ирээдүйн зорилго?

-Мэдээж томоос том зорилго байгаа. Бизнесээ өргөжүүлж хүрээгээ тэлэх бодол байна. Зөндөө төлөвлөгөө байна, нэрийн дэлгүүрээ нээнэ гэж бодож байгаа. Одоо бол борлуулалтаа “Уран шувуу” пэйжээрээ захиалгын дагуу хийж байна. Манай захиалагчийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Сүүлийн үед эрэгтэй хэрэглэгчид нэмэгдэж байгаа. Тэгэхээр эрэгтэй загварт анхааръя гэж бодож байна.

Г.Жаргал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд