Таныг тайвшруулах 10 төрлийн хобби

Уншсан тоо: 498

Стресс бухимдалаа тайлахад тань туслах 10 төрлийн хоббиг танилцуулъя. Эдгээр нь таны уур бухимдлыг хормын төдийд л ховсдон алга болгож, эрч хүчийг бэлэглэдэг юм. Энэ нь бүр шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл шүү. 

 Хөгжмийн зэмсгээр тоглож сурах

Урлагийн ертөнц бол тэр чигээрээ гайхамшиг, тайвшрал, таашаалын орон юм. Тиймдээ ч уран бүтээлчид, хөгжимчид хөгжмөө тоглох үедээ амар амгаланг бүрэн мэдэрч, бүх асуудлаасаа ангижирч, яг л үүлэн дээр хөвж байгаа мэт мэдрэмжийг өөртөө ч, өрөөл бусдад ч бэлэглэж чаддаг байна. Урлагаар дамжуулан илэрхийлмээр зүйлс олон байвч, авьяас байхгүй гэж бодож байгаа бол маш том эндүүрэл шүү. Аливааг сурахад хэзээ ч оройтохгүй!

 Ном унших

Хэт их стресстэй нийгмээс ангижрах, тархиа амраах хамгийн зөв алхмуудын нэг нь ном унших билээ. Шинэ шинэ ертөнц, үзэл бодолтой тулгарч, мэдлэг арвин болохоос гадна өмнө нь бодож ч үзээгүй зүйлсийн тухай өөрийн эрхгүй нухацтай бодож эхэлнэ. Та 100 ном унш, тэр цагт таны үг яг л ус мэт урсдаг болно.

 Юм нэхэх

Таны тархийг амрааж, тайван байлгах бүтээлч нэгэн ажил бол юм нэхэх аж. Сэтгэл санааг тогтворжуулахаас гадна нэхсээр байгаад нэг л мэдэхэд ороолт, цамц хийчихсэн байдаг бүтээлч, хөдөлмөрч ажил юм. Ихэнх бүсгүйчүүд өөрийн бухимдлаа ийн тайлдаг бөгөөд үр дүнгээ ихэд үзүүлдэг нь анзаарагддаг.

Бүжиглэх

Бүжиг нь биеийг сэргээж, идэвхижүүлэхээс гадна сэтгэл санааг засах, өөдрөг болгоход хамгийн тустай хоббинуудын нэг юм. Бүжигчин хүмүүс бусдыг бодоход илүү өөдрөг бас аливаад уян хатан, ул суурьтай хандах чадвар нь илүү байдаг. Иймд та бүжгийн спортоор хичээллээд үзээрэй!

Өдрийн тэмдэглэл бичих

Өөрт тохиолдсон, болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсээ сэтгэл дотроо хадгалаад шаналаад явах бус гадагш гарган, дэвтэрт буулгаж байх нь зүйтэй. Дотор тань тээглээд, амьсгалахад ч бэрх болж байсан тэдгээр бодлууд дэвтэрт бичигдэх үгстэй хамт гарч одон, танд амар тайван байдлыг мэдрүүлэх болно. Удахгүй та өөрийн бичих хэв маяг, найруулга зэргээ уншин, түүнээсээ ч таашаал авдаг болно гэдэгтээ итгээрэй.

Шавар эдлэл хийх

Ямар нэгэн зүйл хийж байж сая нэг тайвшрах хүмүүс бишгүй. Харин тэд ном унших, хөгжим тоглохоос шавар эдлэл хийхийг илүүд үздэг байна. Зүгээр ч нэг бухимдлаа гадагшлуулах бус ямар нэгэн зүйлийг өөрийн гараар бүтээж байгаа гэдгээрээ давуу талтай юм.

Ууланд авирах

Цэвэр, цэнгэг агаарт гарч, сэтгэлээ онгойтол сайхан нэг хашгирах нь хамаг стресс болон ядаргааг үлдэн хөөх мэт л байдаг. Сүүлийн үед хүмүүс ихээр ууланд авирч, амралтын өдрөө зөв боловсон өнгөрүүлэх болсон нь таатай бөгөөд таны эрүүл мэндэд ч бас тустай билээ.

Багийн спортоор хичээллэх

Хөл бөмбөг, сагсан бөмбөг гээд л олуулаа багаараа, хамт олноороо тоглох боломжтой спортууд бидний хамгийн ихээр сэргээж, эрч хүчээр тэтгэж байдаг. Иймээс та ийм төрлийн спорт, хөгжөөнт тоглоомоор нэг тоглоод үзээрэй!

Уран бүтээл

Аз жаргал гэдэг бол та өөрийн хүсч байгаа зүйлсээ хэнээс ч хамааралгүй, зөвхөн өөрийн дураар хийж, түүнээсээ таашаал авах явдал юм. Үүний адилаар уран зураг зурах нь таны сэтгэл доторх зовлон бэрхшээл бүгдийг устгаж, тайван амгалан байдлыг бэлэглэдэг байна.

Цэцэрлэгжүүлэлт

Хашаандаа мод, цэцэг тарих нь маш олон талын ашигтай. Та анхилам үнэрт ургамлуудтай ажиллаж, түүнээсээ эрч хүчийг мэдрэхээс гадна байгаль дэлхийдээ өөрийн хувь нэмрээ оруулах нь байна шүү.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд