Н.Ариун-Эрдэнэ: Номын фондоо баяжуулж, хүүхдэдээ өвлүүлнэ гэж боддог

Уншсан тоо: 360

“Ном яръя” буландаа “Гэр бүл, хүүхдийн сэтгэлзүйн боловсролыг дэмжих төв”-ийн сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танд ширээний ном байдаг уу? Ширээний ном тань юу вэ? /Хэрэв үгүй бол хамгийн сүүлд уншсан номын талаар? /

 Мэргэжил маань сэтгэл зүйч болохоор ажил дээр мэргэжлийн номнууд голцуу байдаг. Өдөр тутам өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэх шаардлага байдаг тул байнга л номын дэлгүүрээр эргэлдэж, шинэ номнуудыг авахыг хичээдэг. Одоо бол хүүхдийн тархины хөгжлийн талаар өгүүлсэн сонирхолтой номыг өдөр тутамдаа уншиж байна даа.

 Эхийн хэвлийгээс ургийн тархинд маш олон эс бүрэлдэж, төрсний дараа аав ээжийн хайр халамжийн ачаар тэдгээр эсүүд хоорондоо холбоослогдож, шинэ шинэ туршлага мэдээллүүдийг хадгалж, түүгээрээ өөрийн амьдралаа авч явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл 0-6 насанд хүүхдийн тархи асар хурдан хөгжиж энэ үед нь бий болгосон харилцаа хандлагаа зан төлөвтөө гүн суулгадаг. Хэрэв энэ насанд нь аав ээж үлгэр дуурайлал болох хүмүүжлийг өгч чадахгүй бол нөгөө тархины эсүүд муу мэдээлэл хадгалж хөгжинө гэж ойлгож болно.

 Багаасаа ном унших дуртай байсан болохоор байнга л хуучин шинэ гэлтгүй л уншиж байх дуртай. Мэргэжлийн номнуудаа оюутан байхаасаа л цуглуусан учраас хүнд өгөх, уншаад өгье гэхэд нь маш дургүй байдаг. Ном цуглуулахад сэтгэл, хөлс хүч байдаг тул алга болгочлоо гэж нэг найзыгаа хэлснээс хойш ийм харамч зантай болсон.

 Хуучны уран зохиолын номнуудыг цуглуулж байгаа. Учир нь үгийн баялаг, уран яруу дүрслэл, тухайн номоо бичихдээ хийсэн судалгаа шинжилгээ, найруулга зэрэг маш баялаг байдаг. Хуучин уран зохиолын номнуудаа уншиж өссөн болоод ч тэрүү хүндэлж биширдэг.

 Миний зөвлөгөөнд 9 настай охин Монголоороо ч зөв бичиж чадахгүй, яаж ажил хийх юм гэж уйлж байсан. Ном уншихын давуу тал нь зөв бичих юм.

 -Яагаад тухайн номыг сонгох болсон бэ?

Манай төвд сэтгэл зүйн зөвлөгөө авах хүний тоо улам л нэмэгдсээр байдаг. Тухайн үйлчлүүлэгч нарт зөвлөгөө өгөхдөө үүсэж бий болсон асуудлын суурь шалтгааныг тодруулах хэрэгтэй байдаг. Хүн бүр сонссон л байх. Хүүхдийн хүмүүжлийн суурь нь 0-3 болон 6 нас байдаг гэж. Энэ үед хүүхдийн хэрэгцээ хангагдахгүй бол бие хүний төлөвшилд олон сөрөг зүйл гүн суугддаг гэж үздэг. Тиймээс хүмүүсийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх үүднээс өөрөө уншиж, судлах зүйл мундахгүй их байдаг даа.

Хүүхдийн тархины хөгжлийн талаар өгүүлсэн сонирхолтой номыг зөвлөгөөндаа мэдлэг нэмэх үүднээс л уншиж байна. Хүүхдийн тархи бага насанд нь асар хурдацтай хөгждөг учраас хоол тэжээл сайн байхыг шаарддаг. Гэтэл ээжүүд маань хүүхдээ нүүрс усны орц найрлага ихтэй хоолоор хооллох нь элбэг байна. Бага насанд хоол тэжээл хангалтгүй бол тархины бүтэц, хөгжил, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хожим засаж залруулахад бэрхшээлтэй болдог.

 -Яг одоо ямар ном уншиж байгаа вэ? /Ямар ном уншихаар төлөвлөж байгаа вэ?/

Зөвлөгөөнийхөө дагуу арт терапи, сэтгэл заслын тухай номнууд уншихаар төлөвлөж байна. Мэргэжлийн болон уран зохиол, хувь хүний хөгжлийн номнууд ээлжлээд л уншиж байна. Одоо бол давхар өсвөр насны эрүүл мэнд гэсэн нэртэй ном уншиж байна. Өсвөр насны хүүхдийн зөвлөгөөтэй холбоотойгоор энэ номыг уншиж байна. Аав ээжүүд болон өсвөр насныхан зөв мэдлэг мэдээлэл асар дутагдалтай байна.

-Ном унших нь таны хувь хүн, ажил амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Бага байхдаа уншсан номноосоо өөрт маш олон зан төлөвийг бүрдүүлсэн гэж боддог. Жишээ нь, түүхийн сэдэвтэй уран зохиолын ном уншаад манжийн хаанд элэг нэгтнээ барьж өгөөд эд мөнгө, цол хэргэмээр шагнуулж байгаа хүний талаар уншаад үзэн ядаж, 2-8 настай хоёр хүүхэд, эхнэрийн хамт цаазлуулж байгаа Монгол хүнээ өрөвдөж мөн ч их уйлсан даа. Тиймээс өөртөө элдэв шуналгүй, чин шудрага байх юм шүү гэж хэлдэг байлаа.

Мөн зохиолчын бичсэнээр байгалийн тэр л дүрслэл, өнгө ааш, яруу бүхнийг асар сайн төсөөлөн боддог байсан учраас байгал дэлхийгээ хайрлах, хүндлэх сэтгэлтэй болсон.

Мөн эмэгтэй хүн өөртөө маш арчаатай, өөрийгөө хайрлахгүй бол бусад хүмүүс хүндэлдэггүй гэж уншаад гайхдаг охин байлаа хэхэ. Ер нь л уншсан ном болгоноосоо авсан мэдлэг, төлөвшил, ухаарал, санаа бүр л одоо энэ мэргэжилд маань үнэхээр их хэрэг болдог. 

-Танд бусдад уншахийг санал болгох ном байна уу? /Яагаад/

Ардын аман зохиол, шүлэг, найраглал, нууц товчоо, үлгэр, уран зохиол гээд өв уламжилж ирсэн бүтээлүүдийг хүүхдэд багаас нь уншиж өгч баймаар байна. Бид Монгол хүн гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Өөрийн гэсэн үүх түүх, уламжлалт соёл, нүүдэлчин ард түмэн гэдгээрээ бахархаж, энэ уламжлалаа хадгалж байж, дэлхийд гайхуулж чадна. Байшин барилга л бариад байвал өөр улсын хот тосгодоос ялгарах юмгүй адил болно.

Сэтгэл зүйн зөвлөгөөнөөс харж байхад бидний үрс гадаад л явж өндөр боловсрол эзэмшинэ, Монголд муухай байна гэж ярьдаг. Монголдоо дасан зохицож, бусадтайгаа харилцаж, учраа олоод байж чадахгүй бол гадаадад бүр л хэцүү шүү дээ.

 -Та хэдэн номын сангийн үнэмлэхтэй вэ?

Нилээн хэдэн үнэмлэхтэй л дээ. Гэвч хуучин ном зарна гэсэн пэйжид нэгдсэн тул тэндээсээ номоо аваад унших нь илүү цаг цаваа хэмнэдэг. Тэгээд өөрөө бас номын фондоо баяжуулж, хүүхдэдээ өвлүүлнэ гэж бодсондоо тэр хэхэ.

Номын сангаар үйлчлүүлэх гэхээр нэг л хүндрэлтэй байдаг. Гэртээ ажил дээрээ бол сайхан цай усаа ууж, тухтай сууж байгаад л уншина даа.

-Хамгийн анх ямар ном уншиж байсан бэ?

Буратиногийн адал явдал, Орос үлгэрийн номыг дахин дахин уншдаг байлаа. Хүүхэд байхад манай гэрийн бурханы хажууд Амьдрах ухаан гэсэн нэртэй бурханы ном шиг урт нарийхан хэмжээтэйгээр хэвлэгдсэн номыг анх уншиж байсан. Тэр номонд зүйр үг, зурхай гээд олон янзын мэдээлэл багтаасан байсан нь миний сонирхолыг маш их татдаг байсан. Зүйр үгийг тэр үед их уншаад цаад утга санааг нь ойлгохгүй ямар сонин хачин хэллэг, утгатай юм бэ гээд л боддог байлаа. Тэр номыг бас аав ээж маань “Уран зохиолын дээжис” 108 боть номнуудыг авч өгснөөр маш олон зүйлийг ухаарч ойлгож хүмүүжсэн гэж боддог.

Оройгүй сүмийг уншаад миний бодол санааг маш их өөрчилж, ухаарал өгч чадсан. Нээрээ энэ номыг залуус маань уншаасай.

-Та номоо ямар арга барилаар уншдаг вэ?

Миний л ном учраас хэрэгтэй мэдээлэл, ишлэл, гоё санаа зэргийг шууд номон дээрээ тодруулж зурдаг. Номноос олсон санаагаа ажилдаа өөртөө хэрэгжүүлэх гээд  дэвтэр дээрээ бичиж тэмдэглэх зэргээр уншдаг.

-Та өөрийгөө номоор төсөөвөл?

Хэхэ уран зохиол, түүх, хувь хүний хөгжлийн ном.

-Танд хамгийн үнэ цэнэтэй санагддаг ном байна уу?

Миний мэргэжлийн номнууд. Бас тэр Амьдрах ухаан нэртэй ном л хамгийн сайхан ном доо.

Эдгээр асуултууд нь манай ширээний ном буланд тогтмол асуудаг асуултууд байгаа. Та дэлгэрэнгүй хариулаад явуулаарай. Баярлалаа

Г.Жаргал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд